Open iToim app
Банк, санхүү | 6 мин уншина

Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн болон зохицуулалтын онцлох өөрчлөлтүүд

Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн болон зохицуулалтын онцлох өөрчлөлтүүд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 14
-Ярилцлагаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулан түүний хэрэгцээ шаардлага болон зах зээлд үзүүлэх цаашдын үр нөлөөний талаар эхлүүлье.
-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль анх 1994 онд иргэдэд өмчийн хуваарилалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулах, хөрөнгө оруулагч болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн дэд бүтцийг бий болгох зэрэг цоо шинэ зах зээлийн харилцааны тогтолцоог бий болгох зорилгоор батлагдаж байсан түүхтэй. Улмаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 оноос дагаж мөрдөн өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2013 онд шинэчлэн баталж, түүнээс хойш нийтдээ 7 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд, нэн ялангуяа сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болж, улмаар зах зээлийн үнэлгээ 11 их наяд гаруй төгрөгт хүрсэн ололт амжилтыг үзүүлээд байна. Ийнхүү хөрөнгийн зах зээл дэх хурдацтай хөгжлийн өөрчлөлтийн улмаас шинэ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг нэн даруй зохицуулж, холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн төрийн бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь компанийн бонд гаргахтай холбоотойгоор бусад хууль журамтай цогц уялдаа холбоо, нийтэд санал болгон гаргах үйл ажиллагааны зохицуулалт дутмаг, биржийн бус зах зээл, үнэт цаасны эрх бүртгэлийн систем болон арилжааны төлбөр тооцооны эрх зүйн орчин тодорхой бус, үнэт цаас гаргагчийн компанийн засаглалын тогтолцоо, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт сул байгаа зэрэг нь цаашид зах зээлийг тэлэх, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд зарим хүндрэлийг үүсгэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг үүсгээд байсан юм.
Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Түүнчлэн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, татварын орчныг сайжруулах зорилгоор Компанийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зэрэг дагалдах бусад хуулийн төслүүдийг боловсруулсан. Энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчдын хувьд татварын орчин ойлгомжтой, тодорхой байх нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ихээхэн чухал байдаг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлд татварын ямар өөрчлөлт бий болсон вэ? Улсын Их Хурлаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Эдгээр хуульд Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч дотоодын үнэт цаасны зах зээлд шууд хөрөнгө оруулан худалдан авсан хувьцаа болон өрийн хэрэгслээ борлуулахад татвар ногдуулах орлогыг нийт дүнгээс тооцдог ялгавартай зохицуулалт үйлчилж байсныг Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн адилаар тухайн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахад гарсан холбогдох зардлыг хасаж тооцох зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн дээрх хуулийн хүрээнд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан хувьцаа болон өрийн хэрэгсэл борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр заасан. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон кастодианы үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг суутган, төсөвт төлж, тайлагнах үүрэгтэй байхаар зохицуулсан.
Эдгээр өөрчлөлтүүд нь манай улсын хөрөнгийн зах зээлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх зэрэг томоохон эерэг өөрчлөлтүүдийг авчрах хүлээлттэй байгаа юм. Үүнээс гадна хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхтэй холбоотойгоор “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл (бонд), хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг боловсруулж, Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн A/105/239 тоот хамтарсан тушаалаар батлуулаад байна. Уг журмыг баталснаар хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулах боломж бүрдэж, тайлан гаргах үүргээс чөлөөлж буйн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
-Таны зүгээс дээрх хуулиудын нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх ажлуудыг хэрхэн харж байна. Ер нь цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахад гадаад, дотоодын мэргэжлийн буюу институциональ хөрөнгө оруулагчдын оролцоо нэн чухал бөгөөд тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь тогтолцоог бүрдүүлснээр хөрөнгийн зах зээлийн идэвх нэмэгдэж, дотоодын аж ахуйн нэгжүүд шаардлагатай урт хугацааны санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх, жижиг хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан урт хугацааны тогтвортой өгөөж хүртэх, хөрөнгийн дахин хуваарилалт хийгдэж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжиж, компаниуд цар хүрээгээ тэлэн олон улсын зах зээл дээр гарах давуу талтай юм. Учир нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид компанийн засаглалын олон улсын зарчмуудыг нэвтрүүлэхэд маш хүчтэйгээр оролцож бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, мэдээлэл, тайлагналын стандартуудыг зах зээлд нутагшуулдаг. Энэ ч утгаараа нийт зах зээлд оролцогчдын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадваржуулах, байгууллагын соёлыг хөгжүүлэх, санхүүгийн шинэлэг технологи, стандарт, хандлагуудыг зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлыг Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай гар нийлэн хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрэх боломжтой гэж үздэг. Ингэснээр бид олон улсын зах зээлд идэвхтэй тоглогч болох нөхцөл бүрдэнэ.
Энэ хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мэргэжлийн урт хугацаат хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах, идэвхтэй хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоож, хамтын сангийн хөрөнгө оруулалт хийх санхүүгийн хэрэгсэл, төрлийг өсгөн хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжсэн зохицуулалтыг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх хүрээнд нээлттэй компаниудыг гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэх, хадгаламжийн бичиг (depositary receipt) гаргахад дэмжлэг үзүүлэх, хувьцаат компаниудын тайлан, мэдээ, мэдээллийг англи хэл дээр гаргах, түгээх, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулах зэрэг чиглэлд олон улсын зохицуулагч байгууллага, холбоо болон санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлан таниулах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагчийг татах зорилгоор “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь” цуврал арга хэмжээг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд амжилттай зохион байгуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг олон улсын зохицуулагч байгууллага, холбоо болон санхүүгийн байгууллагуудтай хамтран Сингапур, Солонгос зэрэг Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн төв болсон улс орнуудад зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй дээрх шат дараалсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд ирэх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад хөрөнгө оруулах идэвх, сонирхол улам нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн