Open iToim app
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 21
М.Эрхэмбаяр одоогоос 20 орчим жилийн өмнө Налайхын Политехникийн коллежид цахилгаан экскаватор, хүнд машин механизмын засвар үйлчилгээ мэргэжил эзэмшжээ. Өнөөдөр тэрээр Баруун Австрали дахь Рио Тинто группийн төмрийн хүдрийн бүрэн автоматажсан Гудай Дарри төслийн Хофэ Довнс уурхайд ажиллаж буй анхны монгол алсаас удирдлагат экскаваторын оператор юм. Хоёр жилийн коллежид эзэмшсэн суурь мэдлэг, 18 жилийн ажлын туршлага, ур чадвар нь өнөөдөр түүнийг дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болгож чадсан байна.
Манай сайт Дэлхийн монгол цувралынхаа ээлжит зочноор Австралийн Хофэ Довнс уурхайн Төмрийн хүдэр олборлох багийн экскаваторын оператор Мөнхбатын ЭРХЭМБАЯР-ыг урьж, түүний ажил, амьдралын түүхээр аяллаа.
-Таныг гурван үеэрээ уурхайчин айлын хүү гэж сонссон. Ажил мэргэжлээ сонгох, уул уурхайн салбарт ажиллах шалтгаан танай гэр бүлтэй холбоотой юу?
-Тэгж хэлж болно. Манай өвөө Могойн голын уурхайгаас ажлын гараагаа эхэлж, дараа нь Налайхын уурхайд ажиллаж байсан. Өвөөгийн дараа манай аав Налайхын уурхайд ажилласан. Мөн эмээ Налайхын уурхайд моторист хийдэг байсан. Бөх хүн бөхөө харж өсдөг гэдэг шиг багаасаа л уурхайчдыг харж өссөн дөө.
Би Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, Говьсүмбэр аймагт өссөн. Төрж, өссөн газар нутгаа харахаар дандаа уул хад, уул уурхайтай холбогдож явсан байна лээ. Налайхын Политехникийн коллежид хүнд машин механизмын засвар үйлчилгээ, экскаватор гэсэн мэргэжлээр төгсөөд Шивээ-Овоо компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо уул уурхайн ашиглалтын инженер, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн, хүнд машин механизмын оператор гэсэн үндсэн гурван мэргэжилтэй. Хүнд машин механизмын оператор мэргэжлээрээ Австрали улсад ажиллаж, амьдрах гээд гэр бүлээрээ ирсэн.
-Таны эрхэлж байсан ажил, албан тушаалын мэдээлэлтэй танилцахад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрсөн. Коллежоо төгсөөд л Монголынхоо томоохон уул уурхайн компаниуд, цаашлаад дэлхийн уул уурхайн аварга компанид ажиллахаар явжээ. Энэ нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа тод жишээ юм болов уу. Карьерынхаа өсөлтийн нууцыг та өөрөө чухам юу гэж тодорхойлох вэ?
-Миний ажил мэргэжилдээ эзэн болж өдий зэрэгтэй яваа нь аав, ээжийн минь хүмүүжилтэй холбоотой. Тэд маань “хүн ямар ч мэргэжил эзэмшсэн тухайн мэргэжлээрээ тууштай хөдөлмөрлөж чадвал үр шимийг нь хүртэж, оргилд нь хүрч чаддаг” гэж хэлдэг байсан. Мэргэжлээ сонгохдоо нэгд, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөе, хоёрт өөрөө техникт нэлээд сонирхолтой учраас Налайхын Политехникийн коллежийг сонгон суралцсан. Миний хувьд өнөөдөр, маргаашийг харж амьдардаггүй. Хүмүүс надаас илүү хийж чадаж байхад би яагаад чаддаггүй юм, надад ч бас адилхан сэтгэх толгой, адилхан гар, хөл байна. Иймд ярихаас илүү хийж бүтээхийн төлөө үйлдэл гаргаж, оролдож үзэхийг тэмүүлж ирсний үр дүн гэж боддог.
Нэг өдөр дуучин Adele-ийн дууг сонсож байгаад англи хэл сурч, карьераа илүү ахиулж болох урам зоригийг авсан. Тухайн үед дуу маш их таалагдаж, ойлгохын тулд үг бүрээр нь орчуулж эхэлсэн. Байнга сонсоод байхаар англи хэл чихэнд хоногшоод байгаа юм шиг санагдсан. Ингээд англи хэл сурвал надад илүү боломжууд гарах юм байна гэж бодсон.
Мөн Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж байхад хамт ажилладаг ах нар “Чиний зам гэрэлтэй харагддаг шүү, аливаад тууштай яваарай. Одоогийн байгаадаа битгий хана, суралц, илүү мэдэхийн төлөө тэмүүлж байгаарай” гэж байнга захидаг байсан.
Сүүлд гэр бүлтэй болсноос хойш манай гэр бүлийн хүн байнга урамшуулна, дэмжинэ. “...Хань шиг минь мэргэжилдээ мундаг хүн байхгүй, чи чаддаг зүйлээ дэлхийд үнэлүүлэх хэрэгтэй...” гэж урам зориг өгдөг байсан. Энэ урам зориг, итгэл найдварын хүчээр Рио Тинто гэдэг аварга компанийн бүрэн автоматажсан уурхайд ажиллаж байна. Өнөөдрийн хувьд карьерын хүрч болох хамгийн өндөр цэгт ирсэн байна. Гэхдээ энэ цэгт хүрээд “за болчлоо” гээд зогсохгүй. Энд хүрсэн юм чинь дахиад цаана хүрэх цэг, бодсон зүйл бий. Рио Тинтод хийх миний аялал дөнгөж эхэлж байна.
-Ажлын гараагаа Шивээ-Овоо компаниас эхлээд Саусгоби Сэндс, Баян-Айраг Эксплорэйшн, Оюу толгой гээд Монголынхоо хамгийн том уул уурхайн компаниудад ажилласан байна. Эдгээр компаниудад ажиллахдаа ямар ур чадваруудад суралцаж, хэр туршлагатай болсон бэ?
-Шивээ-Овоо компани надад мэргэжилдээ дурлах замыг тавьж өгсөн. Тэр гэгээн замыг нээж өгсөн ах нар, удирдлагуудыг би хэзээ ч мартдаггүй. Тэр хүмүүс ажлыг яаж хийх ёстой, мэргэжилдээ эзэн болж, ажлыг тултал хийвэл ямар үр дүнд хүрч болдгийг үлгэрлэдэг байсан. 2005 онд Шивээ-Овоод ороод анхны цалин 98 мянган төгрөг авч байлаа. Цалингаа бариад ээж дээрээ очиж байсан нь саяхан мэт л санагддаг. Тэгэхэд ээж минь “Миний хүү одоо л хүн болж байна, сайн ажиллаарай” гээд үнсэж байсан.
Саусгоби Сэндс орсон нь гаднын хөрөнгө оруулалтай уурхайд ажиллаж, гаднынхан хэрхэн ажилладгийг үзэх ёстой юм байна гээд өөрөө явж очоод ярилцлагад орж байсан. Анх бульдозер барьж мэддэггүй, зөвхөн экскаватор барьдаг байлаа. Саусгоби Сэндст ороод бульдозер барьж сурсан. Маш хурдан хугацаанд барьж сурсан учраас манай сургагч “Чи маш хурдтай сурч байна, би өмнө нь олон хүн сургаж байсан ч чам шиг залуучууд цөөхөн харж байсан шүү” гэж магтаж байлаа. Би тэнд ажиллахдаа гаднын уурхайд баримталдаг аюулгүй ажиллагааны соёлтой илүү танилцсан.
Ингээд дараа нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай Баян-Айраг Эксплорэйшн компанид ажилласан. Тус компанид хүнд машин механизм барихаар орсон боловч намайг англи хэлээр бага сага ойлгож байгаа учраас баг ахлаад ажиллах санал тавьж байлаа. Дараа нь Оюу толгойн туслан гүйцэтгэгч Сандвик комданид ажиллах зорилго тавьсан. Оюу толгой бол Монголын уул уурхайн салбарт ажилладаг хүн бүрийн ажиллаж үзэх ноён оргил гэж боддог байсан. Ингээд тус компанид ажилд орохоор өөрийгөө бэлдэж эхэлсэн. Нэг өдөр ярилцлагад дуудагдсан. Би ч ороод “Хэрвээ надад боломж олговол Оюу толгойд ажиллах сонирхолтой байна” гэдгээ гадаад менежерт нь шулуухан хэлсэн. Надаас ярилцлага авсан менежер маань “Чиний нүднээс ажиллах чин хүсэл тэмүүлэл харагдаж байна. Чамайг ажилд авбал чи өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадах юм байна” гэсэн. Ингээд Оюу толгойн уурхайд 7 жил ажилласан. Австрали руу ирэхээсээ өмнө Оюу толгойн гүний уурхайн Аюулгүй ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байгаад гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдөөд гаднын томоохон уурхайд өөрийгөө сорихоор Австрали улсыг зорьсон.
Гэр бүлийн хүн маань мөн хүн уул уурхайн салбарынх. Тиймээс хоёулаа ярилцаж байгаад Австрали улсыг сонгосон. Манай хүн геологич мэргэжилтэй учраас мэргэжил дээшлүүлэхээр хамт ирсэн.
Олон улсын түвшинд ажиллах ажлын туршлага, харилцаа, хандлага, аюулгүй ажиллагааны соёлыг зааж сургасан газар бол Оюу толгой.
М.Эрхэмбаяр
undefined
-Гудай Дарри уурхайг өөрөө сонгоод анкетаа явуулсан байх нь. Ер нь Австралийн уурхайд ажилд ороход ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Дотроо бол өөрийгөө 18 жилийн ажлын туршлагатай юм чинь асуудалгүй ажилд орно гэж бодож байсан. Хэд хэдэн уурхай руу анкетаа явуулсан. Гэтэл сураг чимээ байдаггүй шүү. Нэг өдөр найздаа “Баруун Австралид ажиллах хүчний дутагдалтай л байгаа гэсэн дээ, над руу залгахгүй байна” гэхэд манай найз намайг анкетаа явуул даа гэсэн. Гэтэл миний анкетыг хараад “Чамайг ажилд дуудахгүй юм байна” гэсэн. Учрыг нь тодруулж асуувал, Австралийн уул уурхайд ашигладаг үг хэллэгүүд бий. Миний хувьд тэр хэллэг, тайлбарыг нь мэдэхгүй өөрийнхөөрөө анкетаа бөглөөд явуулсан нь  шаардлагад нийцээгүй болж таарсан. Энд хүний нөөцийн мэргэжилтнүүд нь харахаас өмнө ирүүлсэн бүх анкетыг эхлээд хиймэл оюун ухаанаар  шаардлагатай түлхүүр үгнүүдийнх дагуу шүүдэг юм байна лээ. Дараа нь, ажлын байраа судалж байгаад түүнд тохирох үг хэллэгээ сонгож бөглөсөн анкетаа явуулахад маш олон компани хариу өгсөн. Мөн олон газраас манайд ажиллаач гэсэн санал авсан. Тэднээс Рио Тинтогийн Гудда Дайри уурхай дээр ажиллахаар шийдсэн дээ. Тэгэхээр гадаадын уурхайд ажиллах санал илгээхдээ тухайн улс, хэлний соёл, стандарт, түлхүүр үгнүүдийг нь хэрэглэх хэрэгтэй шүү  гэж зөвлөмөөр байна.
Мэдээж ажилд ороход ажлын туршлага, аюулгүй ажиллагааны үзүүлэлт, тухайн хүний багаар ажиллах соёл, карьерын түвшинг чухалчилж харна.
-Австрали болон Монголын уурхайнуудын ялгааг юу гэж харж байна. Аюулгүй ажиллагаа, стандарт гэх мэт...?
-Том ялгаа бол олж хараагүй, харин нэг зүйлийг илүү их мэдэрч бас ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр Оюу толгой надад маш их цаг, мөнгө зарж дэлхий хүн болгосон байна гэж дүгнэсэн. Олон улсын түвшинд ажиллах ажлын туршлага, харилцаа, хандлага, аюулгүй ажиллагааны соёлыг зааж сургасан газар бол Оюу толгой. Энд яг тэнд сурсан заавар, стандарт мөрдөгддөг.
Технологийн хувьд Австрали улс уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлт дээр дэлхийд номер нэгд явна. Тодруулбал, энд бүрэн автоматжуулсан, операторгүй техник хэрэгслүүд ажиллаж байна. Уурхайгаас 240 тонн хүдрийг ямар ч операторгүй техник дээр ачиж, бусад техник хэрэгсэлтэйгээ мөргөлдөж, аваар осол гаргахгүйгээр тээвэрлэлт хийж байна. Эхэндээ энэ бүхэн төсөөлөгдөхгүй байсан ч нүдээрээ хараад итгэсэн. Уурхайд ажиллаж байгаа операторгүй техникүүдийг 1300 км-ийн цаана байрлах хяналтын төвөөс удирддаг.
Намайг Австралид ирэхээс өмнө Оюу толгойн гүний уурхайд операторгүй ажиллах технологийг нэвтрүүлсэн. Миний хувьд хоёр сар тухайн багт ажилласан. Австралид  технологи хэдэн алхмын өмнө байгаа ч Оюу толгой тун удахгүй гүйцээд ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Ер нь Оюу толгой боловсон хүчний хувьд хүнийг дэлхийн түвшинд бэлдсэн юм байна гэдгийг өөрөөсөө, мөн хамт ажилладаг найз нараасаа хардаг. Би “Найзууд аа, та нар дэлхийн хаана ч ажиллах боломжтой. Рио Тинтогийн Австрали, Америк, Канадын уурхайд ажиллах бүрэн боломжтой. Чи өөрөө л хүсэх юм бол CV-гээ (Ажлын намтраа) явуулах хэрэгтэй. Чиний ур чадвар хангалттай болсон байна” гэж байнга хэлдэг.
Манай ахлах ажилтан намайг энд ирэхэд “Чиний хувьд бусад горилогч нараас давуу тал нь Рио Тинтогийн Оюу толгойн уурхайд 7 жил ажилласан байна. Тиймээс чи аль хэдийн манай уурхайд ажиллахуйц хэмжээний мэдлэг, ур чадвартай болсон” гэж хэлсэн. Би яг энэ үгийг найз нартаа хэлдэг. Тиймээс Оюу толгойд ажиллаж байгаа залуустаа дахин хэлэхэд, та бүхэн аль хэдийн дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж байгаа шүү гэж нүүр бардам хэлмээр байна.
-Оюу толгой бол аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Рио Тинтогийн уурхайнуудад ч аюулгүй ажиллагааны дүрэм маш чанга гэж сонссон. Энэ талаар таны бодол...?
-Рио Тинтод нэг том соёл бий. Бидний аюулгүй ажиллах шалтгаан бол би өөрөө, бидний гэр бүл болон хамтран ажиллагсад. Энэ том философийг ажилтан бүр дор бүрнээ бодож, ухамсарлаж ажиллах нь аюулгүй ажиллагааны гол үндэс юм. Мэдээж Рио Тинтогийн зүгээс аюулгүй ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Өглөө ажил эхлэхтэй зэрэгцэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө, ажилдаа гарахаас өмнө аюулгүй ажиллагаагаа нягтлах цаг өгнө. Хэрвээ ажилдаа ямар нэгэн байдлаар итгэлгүй байвал ахлах ажилтнаа дуудаж ажлаа зогсоох, гол нь чи ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэхгүй байх ёстой. Чи уурхай дээр эрүүл ирсэн шигээ гэр бүл, үр хүүхдэдээ эрүүл саруул буцаж очих ёстой. Энэ өөрөө маш том хариуцлага, соёл болоод тогтчихсон. Энэ нь Австралийн уурхайд ч, Оюу толгойд яг ижил үйлчилдэг. Дэлхийд Рио Тинто шиг аюулгүй ажиллагаагаараа номер нэг уул уурхайн компани олон биш байх. Миний хувьд сая Австралид ирээд хэд хэдэн уурхайтай танилцсан. Рио Тинто бол хүний сэтгэл зүйд аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг ягштал суулгаж чадсан байна гэж дүгнэсэн.
“Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэт баялаг бол бол уурхайчин та өөрөө юм”
undefined
-Таныг 2022 онд амьдардаг орон сууцандаа гарсан галаас дөрвөн хүний амь аварч, цаашлаад гал тархахаас бүрэн сэргийлж ажилласан гэж сонссон. Энэ талаараа дурсаж болох уу?
-Би Оюу толгойд ажиллаж байхдаа сайн дурын аврагч хийж олон зүйл сурч, мэдэж авсан.  Галын аюулын үед хэрхэн хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах талаар сайн бэлтгэгдсэн. Олж авсан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн байрандаа гарсан томоохон гал түймрийг гал унтраах анги ирэхээс өмнө унтрааж, голомтоос хоёр хүүхэд, хоёр том хүн аварч чадсан. Ажлын талбар дээр олж авсан туршлагаараа амьдрал дээр хүний амь насыг аварсан сайхан үйлдэл болсон доо.
-Ер нь ажлаасаа хувь хүний харилцаа, хандлага, соёл талдаа ямар туршлага, үнэ цэнийг бий болгосон гэж боддог вэ?
-Өөрийгөө өдөр бүр үнэ цэн бүтээж байна гэж боддог. Бусад залууст ч “чи бас дэлхийд үнэлэгдэж, дэлхийн уурхайд ажиллах боломж байна шүү” гэдгийг өөрөөрөө үлгэрлэж байна. Миний ярилцлагыг уншиж байгаа хүн Эрхэмбаяр чадаж байгаа юм чинь би ч гэсэн чадна гэдэг итгэл, үнэ цэнийг өгөхийг хүсэж байна.
Оюу толгойд ажиллаж байхдаа хоёр уриа үгний философийг илүү гүнзгий ойлгож, надад маш их урам зориг өгдөг байсан. Нэг нь гүний уурхай руу ороход маш томоор “Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэт баялаг бол уурхайчин та өөрөө юм” гэсэн байдаг. Бид тэндээс хэчнээн үнэтэй баялаг олборлож, үйлдвэрлэх нь хувьд чухал биш. Харин та ажлаа аюулгүй хийгээд гарч ирэх нь Рио Тинтогийн хамгийн том үнэт баялаг юм шүү гэсэн санаа.
Нөгөөх нь, эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэнэ гэдэг. Өөрийгөө энэ хоёр үгийн үнэ цэнийг биеэрээ мэдэрч яваа уурхайчин гэж хэлнэ. Өнөөдөр ард түмний дунд “Оюу толгойгоос баялгийг нь ухаж аваад хар нүх үлдээнэ” гэсэн үзэл бодол, шүүмжлэл явдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт.
Өнөөдөр Рио Тинтогийн Австралийн уурхайд алсаас удирдлагат оператороор ажиллаж байгаа анхны монгол хүн би. Удирдах болон механик, аюулгүй ажиллагаанд дээр олон монгол залуус ажилладаг. Тэр хүмүүс эрдэс баялаг олборлохдоо өөртөө эрдэм мэдлэг, ур чадвар бий болгож чадсан учраас олон улсын компанид ажиллаж байна. Тиймээс энэ уриа үгэндээ маш хайртай. Нээрээ л эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээж байгаа болохоор би энэ хол ирсэн байхдаа гэж боддог.
Мөн эрдэм мэдлэг, ур чадварынхаа хүчинд хүүхдүүддээ илүү сайн боловсрол эзэмших, аюулгүй орчинд амьдрах боломжийг өгч байна гэж хардаг. Тэгэхээр уурхайн үнэ цэн ганц надаар хэмжигдэхгүй, гэр бүл, үр хүүхдүүдийн маань цаашдын сайн сайхан ирээдүйд нөлөөлж байна.
Оюу толгой компанид ажилладаг залуустаа аливаад алсыг харж, чи өөрөө Оюу толгой компанийн үнэ цэн, цаашлаад Рио Тинтод ч үнэ цэн нь болох боломжтой шүү гэж хэлье.
-Өдөр тутамдаа хийдэг ажлаасаа сонирхуулж болох уу. Ер нь Австралид суурьшихад ямархуу юм байна вэ?
-Өглөө бүр хурлаа хийж, тус тусынхаа ажлыг хуваарилж авдаг. Миний хувьд ажлын байрандаа суралцах хугацаа дуусаагүй учраас бие дааж ажил аваагүй байна. Бүрэн автоматжуулсан технологи дээр хэрхэн аюулгүй ажиллаж, бага хамт олноо бэртээж гэмтээхгүй ашиглах вэ гэдэгт суралцаж байна. Миний хийх ажил бол ямар ч операторгүй 240 тонны техник дээр төмрийн хүдрийг ачна. Тодруулбал, 7-8 дэлгэцэн дээр миний ачих төмрийн хүдэр техникийг харуулж, тэндээсээ бүх үйл явцаа удирдана. 240 тонны төмрийн хүдрээ ачаад анхдагч бутлуур дээр хүргэнэ. Бутлуураасаа вагон дээр ачна, вагоноор Австралийн усан боомтод хүргэнэ... гээд бүх процесс бүрэн автоматажсан гэсэн үг. Миний хувьд хамгийн анхны буюу уурхайгаас хүдэр олборлож, техник дээр ачих хүртэлх процессын автоматжуулалтыг удирдаж ажиллана. Одоогоор нэлээд догдлолтой байна. Учир нь операторгүй техникийг удирдах хэсэгт анх удаа ажиллана.
Мэдээж, ажлаа тарж ирээд гэртээ аавын, нөхрийн үүргээ сайн биелүүлэхийг хичээдэг. Эхнэр маань сурдаг учраас аль болох хичээлд нь анхаарал хандуулах үүднээс ахуйн ажлаа бас амжуулж хийхийг боддог доо.
quote photo
Стандарт, технологи байхад байгаль дэлхийг сүйтгэхгүйгээр уул уурхайг ашиглаж болдгийг бид Рио Тинтогийн жишээнээс харж болно. Энэ болгоныг би нүдээр харж, биеэрээ мэдэрч, бас сурч байна. Ирээдүйд энэ бүхнийгээ эх орондоо ч бас харуулж, ашиглахыг хүсэж байна. Ирээдүйд Оюу толгой шиг олон, олон ордыг нээж, үүцээ задлахад бид эх орондоо үнэ цэн нь болно гэдэгт итгэдэг. Өнөөдөр Рио Тинтод үнэ цэн нь болж байгаа шиг Монголынхоо дараагийн том уурхайд үнэ цэн нь болно гэж харж байна.
М.Эрхэмбаяр:
-Сүүлийн үед нарийн мэргэжлээр ажиллах, сонгон суралцах хандлага буурсаар байна. Таны хувьд коллежид сурсан хоёр жилийн боловсролоор 20 орчим жилийн ажлын туршлагатай болсон байна шүү дээ. Нарийн мэргэжил яагаад чухал болон уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмших залуустаа юу гэж зөвлөх вэ?
-Нэг л зүйлийг захимаар байна. Энд ирээд боловсролын системтэй нь танилцлаа. Австралид тухайн хүн зайлшгүй гэж үзсэн тохиолдолд их сургуульд сурдаг юм байна. Энд коллежийн боловсролтой байна уу, сертификаттай байна уу, их сургууль төгссөн эсэхээс үл хамааран чи тухайн эзэмшсэн мэргэжлээ ажлын талбар дээр хэр сайн эзэмшиж чадаж байна вэ гэдгийг чухалчилдаг. Тиймдээ ч хүн бүр их сургуульд сурна гэж улайран гүйдэггүй юм байна лээ.
Дэлхийд гарах гэж байгаа бол мэдлэг, ур чадварыг Оюу толгой, Рио Тинто аль хэдийн суулгасан. Харин бидний дутагдалтай зүйл нь гадаад хэл байдаг. Гадаад хэлээ өдөр бүр суралцаад хичээж чадвал дэлхийн хаана ч ажиллах боломж монголчуудад нээлттэй. Хэл сурахыг өдөр бүр дадал болгох хэрэгтэй. Миний хувьд өдөр бүр англи хэлээ сайжруулах, суралцах цаг гаргадаг. “Одоо би болчихлоо” гэж орхилгүйгээр өдөр бүр мэдлэгээ, хэлний түвшнөө ахиулбал түүнийг дагаж боломжууд нээгдэж байдаг.
-Таны хувьд хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Ааваасаа, ахаасаа үлгэр дуурайлал авдаг. Сүүлийн үед эхнэрээсээ үлгэр дуурайлал авдаг болсон. Энэ хүмүүст нийтлэг нэг шинж байдаг нь нэлээд буйртай чанар бий. Ер нь буйртай хүмүүст ямар давуу болон сул тал байна гэдэгт дүн шинжилгээ хийж үзсэн. Аливаа шийдвэр гаргах, асуудалд хандахдаа хоёр талаас нь бодолцдог, тунгаадаг учраас алдаа бага гаргадаг юм байна гэж бодсон. Миний хувьд зарим асуудлыг хааяа өнгөц харах гээд байдаг сул талтай учраас аав, ах, эхнэрээсээ байнга суралцаж аливаад нухацтай хандахыг хичээдэг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Өсвөр наснаасаа л сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэж, шигшээ багуудад тоглодог байлаа. Сүүлийн үед энэ сонирхлоо эргэн сэргээж, байнга хичээллэхээр шийдсэн.Учир нь, охиноо спортод дуртай, аливаа зүйлд сонирхолтой болгох үүднээс өөрөөрөө үлгэрлэж, харуулахыг зорьж байна. Гар бөмбөгийн спорт хүнийг тэсвэр хатуужлаас гадна сэтгэл зүйн боловсролыг давхар өгдөг гэж боддог. Тиймээс охинтойгоо энэ тал дээр хамтран суралцаж, бэлтгэх үүднээс өөрөө эргээд спортоор хичээллэж эхэлж байгаа.
-ХХI зуунд залуу хүн, тэр дундаа монгол залуучуудын гол ялгарах ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?
-Монголчууд аливаад дасан зохицож чаддаг чухал чадвартай. Мөн монгол залуусын бодож сэтгэж, хийж бүтээж байгаа нь хаана ч гологдохгүй гэж харсан. Аливаа асуудлын зөв шийдлийг олж, түүнийг хамгийн сайн хэрэгжүүлж чаддаг гэдгээр нь гаднын хүмүүс монгол залуусыг дүгнэж байгааг олонтоо сонссон. Тэгэхээр дасан зохицох, туулах, цэгцтэй сэтгэх нь монгол хүний онцлох, ялгарах давуу тал юм болов уу.
-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдын хүсэл эрмэлзэл, зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Австралид сурсан зүйлийнхээ үнэ цэнийг гаргана, өөрийгөө илүү харуулж ажиллана. Харин 10 жилийн дараа Монголдоо очиж, энд сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлнэ. Эрдэс баялгийн дараагийн ахисан түвшнийг хүүхэд багачуудад зааж сургана гэсэн зорилго бий. Монгол Улсын хувьд уул уурхайн баялаг яалт ч үгүй чухал. Тиймээс бид уул уурхайн баялгаа ашиглаж байж цаашдын ирээдүй, хөгжлийнхөө олон асуудлыг шийдэж чадна. Стандарт, технологи байхад байгаль дэлхийг сүйтгэхгүйгээр уул уурхайг ашиглаж болдгийг бид Рио Тинтогийн жишээнээс харж болно. Энэ болгоныг би нүдээр харж, биеэрээ мэдэрч, бас сурч байна. Ирээдүйд энэ бүхнийгээ эх орондоо ч бас харуулж, ашиглахыг хүсэж байна. Ирээдүйд Оюу толгой шиг олон, олон ордыг нээж, үүцээ задлахад бид эх орондоо үнэ цэн нь болно гэдэгт итгэдэг. Өнөөдөр Рио Тинтод үнэ цэн нь болж байгаа шиг Монголынхоо дараагийн том уурхайд үнэ цэн нь болно гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн