-Баруун аймагт физикч эрдэмтэн ганцхан дэвшиж байгаа нь Норовын Тэгшбаяр-
УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумын иргэдтэй уулзлаа. Бүсчилсэн сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигчдээс Ардчилсан намын 10 хамгийн чамбай нь хэмээн сонгогчид ам сайтай байгаа бөгөөд тэдний уулзалтуудад иргэд өргөнөөр оролцож, үзэл бодлоо хуваалцан, захиас, зөвлөгөөгөө хэлж, амжилт хүсэж байна. Завхан нутгийнхан алдагдсан 8 жилийг үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байв.
Ардчилсан нам 2 дугаар тойрогт Монголын толгой физикч эрдэмтнийг нэр дэвшүүлэн илгээснийг баруун бүсийн сонгогчид талархан хүлээж авч буйгаа мөн илэрхийлж байгаа юм. Уг тойрогт нэр дэвшигчдийн дунд ганц физикч эрдэмтэн байгаа нь Норовын Тэгшбаяр. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй судлаач төдийгүй МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч бөгөөд Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай. Эрдэмтэн Н.Тэгшбаяр УИХ-д сонгогдвол гурван зүйлд анхаарч ажиллахаа сонгогч олонд илэрхийлж яваа. Сонгогчидтой хийсэн уулзалтад түүний хэлсэн үгнээс зорьж буй гурван ажлыг нь онцлон хүргэе.

Тэрбээр “Нэгдүгээрт, “Хавдаргүй Монгол”-ыг бүтээхийг зорьж байна. 10 мянган хүнд ногдох хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Ийм муу зүйлээрээ тэргүүлэхгүй байхын тулд орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг улсдаа нутагшуулж, суурилуулах нь эхний ээлжийн ажил. Өөрөө хорт хавдраар өвчилж, үхэл амьдралын заагт хүрээд буцсан хүний хувьд эрүүл байхын үнэ цэнийг биеэрээ мэдэрсэн. Иймээс эргэн ирсэн энэ амьдралаа эрүүл монгол хүний төлөө зориулж, төрийн шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд мэддэг чаддаг бүхнээрээ хувь нэмэр оруулахыг зорино.

Хоёрдугаарт, “Шинжлэх ухаанч, боловсролтой Монгол”-ыг бүтээнэ. Дэлхийн улс орнууд судалгаа, шинжилгээний ажилд үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 4-5 хувийг зориулж, түүнийхээ үр шимээр бүх зүйлд тооцоо, судалгаа, үндэслэлтэй хандаж байна. Өвөг дээдэс, аав ээж минь хүртэл шингэх нарны туяаг харж, маргаашийн өдрийг шинжиж ирсэн судлаач ард түмэн. Гэтэл өнөө Монгол Улсын хувьд судалгаагүй, тооцоогүй шийдвэрүүдийг гаргах нь ихэссэний улмаас монголчууд нийтээрээ хохирч байна. Иймээс нийтдээ, тэр дундаа шийдвэр гаргах түвшиндээ судлаач, шинжлэх ухаанч чанараа сэрээцгээх цаг нь болсон.
Гуравдугаарт, “Эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг Монгол”. Өнөөдөр манай улсын эрчим хүч хоёр хөршөөс хараат байна. ОХУ-аас 30 хувь, БНХАУ-аас 70 хувийн хараат байгаа нь улсаараа хөгжиж чадахгүй суугаа гол шалтгаан юм. Ийм учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлэн, бүсийн ялгавартай эрчим хүчний хангамжтай болгохын төлөө бодлого боловсруулж ажиллах зорилготой байна” гэв.
Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллага