iToim.mn сайт Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үеэр баримтлах редакцын бодлогоо нээлттэй танилцуулж байна. Нэг. Редакцын ерөнхий бодлого
1.1 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр www.iToim.mn мэдээллийн сайт нь Сонгуулийн тухай хууль, Харилцааны холбооны тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана. 1.2 Нийтлэлийн бодлогын хувьд аливаа улс төрийн нам, эвсэл, эрх мэдэлтнээс ангид, хараат бус байна.
1.3 Сонгуулийн үеэр редакцын зүгээс бэлтгэн нийтлэх сэтгүүл зүйн бүтээлдээ урьд өмнөхөөсөө илүү соргог хандаж, сонгогчдын боловсрол, нийтийн эрх ашигт чиглэсэн, тэнцвэртэй, олон талт эх сурвалжаар баталгаажуулсан, үнэн бодитой мэдээлэл түгээж ажиллана.
1.4 Сонгуулийн үеэр эх сурвалжгүй, баримт нотолгоогүй, илтэд нэг талыг барьсан, бусдыг гүтгэсэн, иргэд, сонгогчдыг төөрөгдүүлсэн худал мэдээллийг нийтэлж, түгээхийг хориглоно.
1.5 Сайтын нүүр хуудасны үндсэн категорит “Сонгууль-2024” цэс үүсгэн, сонгуулийн мэдээ мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.
Хоёр. Улс төрийн нам, эвсэл, бие даагчидтай хамтран ажиллах бодлого
2.1 УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн нам, эвсэл, бие даагч нартай мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажил, дэвшүүлж буй бодлогыг нь олон нийтэд танилцуулах, сурталчлах түгээх чиглэлд хамтран ажиллана. Ингэхдээ сонгуулийн үеийн зар сурталчилгааны үнийн саналыг мөрдөнө.
2.2 Тухайн нам, эсвэл, нэр дэвшигчийн сонгуулийн штабаас бэлтгэсэн мэдээ, мэдээллийг түгээхдээ агуулга нь зохих хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж, хянасны дараа сайтад нийтэлж, сошиал сувгуудаараа түгээнэ.
2.3 Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн штабаас бэлтгэсэн мэдээлэл нь редакцын бодлого, зохих хууль, дүрэм журамд нийцээгүй байвал нийтэлж, түгээхээс татгалзана.
2.4 Хуульд заасан сурталчилгааны хоногт нам, эвсэл, бие даагчдын мэдээ мэдээллийг оруулахдаа заавал эх сурвалж, хуульд заасан тэмдэг тэмдэглэгээ тавина.
Гурав. Сонгуулийн үеэр редакцын сэтгүүлчдийн баримтлах бодлого
3.1. Сонгуулийн үеэр сэтгүүлчид редакцын бодлого, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллана.
3.2 Сэтгүүлчид хувийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэхдээ байгууллага төлөөлөхгүй, сайтын нэр хүндийг сонгуулийн кампанит ажилд ашиглахыг хориглоно.
3.3 Редакцаас өгсөн чиглэлийн дагуу нийтлэл, материал бэлтгэнэ.
ЕРӨНХИЙ РЕДАКТОР Э.МӨНХЦЭЦЭГ