Спорт | 2 мин уншина

Монголын шигшээ баг хоёр жил хүлээсэн ялалтаа байгууллаа

Монголын шигшээ баг хоёр жил хүлээсэн ялалтаа байгууллаа
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 12
Монголын хөлбөмбөгийн шигшээ өчигдөр Улаанбаатар хотноо байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Камбожийн багийг 2:1-ээр хожлоо.
Хоёр багийн нөхөрсөг эхний тоглолт долоо хоногийн өмнө Камбожийн Пномпень хотод болоход талбайн эзэн 2:0-ээр хожсон юм. Тэгвэл өчигдөр манай залуус өөрийн талбай дээрээ хариугаа авлаа. Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Далмас удирддаг бөгөөд тэд дэлхийн чансааны 179 дүгээр эрэмбэтэй. Тус баг манайхтай тоглохоос өмнө 271 хоног хожил байгуулаагүй гэсэн анти статистиктай байсан бөгөөд уг хар цувралаа Монголын баг дээр зогсоолоо.
Харин япон мэргэжилтэн Ичиро Оцүкагаар удирдуулсан Монголын шигшээ баг 2022 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш хожил аваагүй анти амжилтаа зогсоох зорилготой байв. Түүнчлэн 400 гаруй хоногийн хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулж чадаагүй гэсэн тааруу амжилттай байлаа. Улмаар дэлхийн чансааны 191 дүгээр эрэмбэлэгдсэн юм. Тоглолт эхлээд 10 минут ч болоогүй байхад эхний гоолыг Камбожийн залуус орууллаа. Талбай дээрээ хожих зорилготой байсан залуус үүнээс хойш хамгаалалт бус довтолгоондоо анхаарсан. Гоол алдсанаас хойш бүх талаараа манай залуус илүү байсан гэхэд хилсдэхгүй. Ингээд эхний 45 минутад Камбожийн шигшээ 1:0 гэсэн үр дүнгээ хадгалж чадлаа. Харин хоёрдугаар хагас эхлээд 10 орчим минут болж байхад Монголын шигшээ багийн туршлагатай тоглогчдын нэг Н.Наранболд Камбожийн хаалганд мөргөж гоол оруулах нь тэр. Энэ нь түүний Монголын шигшээ багийн төлөө хийсэн ес дэх гоол бөгөөд бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
undefined
Ингэж 2023 оны гуравдугаар сараас хойш өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулаагүй гэсэн хар цувралаа зогсоолоо. Тооны харьцаа 1:1. Үүнээс хойш манай залуус улам эрчийг авч Н.Наранболдын гоолоос ердөө найман минутын дараа Г.Гантогтох дахин нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, тооны харьцаа 2:1 болов. Дээрх хоёр гоолын дамжуулалтыг багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өгсөн юм. Үлдсэн хугацаанд тоглолтын үр дүнг хадгалсаар Монголын шигшээ талбай дээрээ хоёр жилийн дараа дахин ялалт байгууллаа. Ямартай ч хоёр хар цувралаа зогсоож чадав. Энэ нь Азийн аваргын урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх хариуцлагатай тоглолтын өмнө болсноороо онцлогтой. Манай залуус шинэ эрч хүч, урам зориг өгсөн хожил байлаа. Тоглолтын дараа довтлогч Н.Наранболд ярихдаа “Маш их баяртай байна. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд шигшээ багтаа тоглож, тус дэм болж чадаагүйдээ дотроо маш их бухимдалтай явсан. Энэ гоолыг би олон жил хүлээлээ. Энэ удаа шигдээ багтаа дуудагдаад үзэгчдийн цангасан байсан гоолын цангааг гаргасандаа маш их баярлаж байна. Бид ялалтын төлөө талбайд гарч, ялалтын төлөө хөлсөө дуслуулдаг юм шүү. Ялалт, ялагдал бүхэнтэй хамт байдаг Монголын үнэнч хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа” гэв.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн