Монголын хөлбөмбөгийн шигшээ өчигдөр Улаанбаатар хотноо байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Камбожийн багийг 2:1-ээр хожлоо. Хоёр багийн нөхөрсөг эхний тоглолт долоо хоногийн өмнө Камбожийн Пномпень хотод болоход талбайн эзэн 2:0-ээр хожсон юм. Тэгвэл өчигдөр манай залуус өөрийн талбай дээрээ хариугаа авлаа. Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Далмас удирддаг бөгөөд тэд дэлхийн чансааны 179 дүгээр эрэмбэтэй. Тус баг манайхтай тоглохоос өмнө 271 хоног хожил байгуулаагүй гэсэн анти статистиктай байсан бөгөөд уг хар цувралаа Монголын баг дээр зогсоолоо.Харин япон мэргэжилтэн Ичиро Оцүкагаар удирдуулсан Монголын шигшээ баг 2022 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш хожил аваагүй анти амжилтаа зогсоох зорилготой байв. Түүнчлэн 400 гаруй хоногийн хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулж чадаагүй гэсэн тааруу амжилттай байлаа. Улмаар дэлхийн чансааны 191 дүгээр эрэмбэлэгдсэн юм. Тоглолт эхлээд 10 минут ч болоогүй байхад эхний гоолыг Камбожийн залуус орууллаа. Талбай дээрээ хожих зорилготой байсан залуус үүнээс хойш хамгаалалт бус довтолгоондоо анхаарсан. Гоол алдсанаас хойш бүх талаараа манай залуус илүү байсан гэхэд хилсдэхгүй. Ингээд эхний 45 минутад Камбожийн шигшээ 1:0 гэсэн үр дүнгээ хадгалж чадлаа. Харин хоёрдугаар хагас эхлээд 10 орчим минут болж байхад Монголын шигшээ багийн туршлагатай тоглогчдын нэг Н.Наранболд Камбожийн хаалганд мөргөж гоол оруулах нь тэр. Энэ нь түүний Монголын шигшээ багийн төлөө хийсэн ес дэх гоол бөгөөд бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.