Дэлхий | 2 мин уншина

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 11
Хөхүүл ханиалгаар  өвчлөгсдийн тоо Солонгост сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний байдлаар 1365 хүн амьсгалын замын гоц халдварт өвчнөөр өвчилсөн байна. Энэ тоо нь өнгөрсөн жилийн нийт 292-оос аль хэдийн давсан бөгөөд 2001 оноос хойших хамгийн олон тохиолдол болж байна. Энэ онд батлагдсан нийт тохиолдлын 49.6 хувийг 13-19 насныхан, 37.5 хувийг долоо-12 насны хүүхдүүд эзэлж байна.
Бүс нутгаар нь авч үзвэл, өвчлөлийн 39.8 хувь нь Өмнөд Кёнсан мужид бүртгэгдсэн бол Кёнги муж (17.4 хувь), Пусан (8 хувь), Хойд Кёнсан муж (6.6 хувь) тус тус оржээ. Хөхүүл ханиалгын эхний шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдэгтэй төстэй бөгөөд хамар, хоолой өвдөх зэрэг юм. Ойролцоогоор нэг эсвэл хоёр долоо хоногийн дараагаас хяналтгүй ханиалгах, бөөлжих зэрэг илүү ноцтой шинж тэмдэг илэрдэг байна. Ханиалга хэдэн долоо хоног, бүр хэдэн сар үргэлжилж болно.
 Энэ онд АНУ-д 4864 ийм төрлийн ханиалгын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 онд бүртгэгдсэн 1746 тохиолдлоос бараг гурав дахин их байна. Зөвхөн энэ дөрөвдүгээр сард Хятадад 90,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Зургаан сараас доош насны нярайд хөхүүл ханиалга нь амь насанд аюултай. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд Солонгост энэ өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь нярай хүүхдүүдийн вакцинжуулалтын түвшин өндөр буюу 97 хувиас дээш байсантай холбоотой юм. Эрүүл мэндийн газрын албаны хүмүүс бага насны хүүхдүүдийн эцэг эх, багш нарыг эрүүл мэнддээ онцгой анхаарахыг уриалж, вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарах эрсдэлийг бууруулахын тулд цуврал вакцинаа хийх хэрэгтэй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Кoreatimes
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн