Open iToim app
Монголд дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн цогцолбор байгуулж ЧАДЛАА
Чадлаа | 9 мин уншина

Монголд дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн цогцолбор байгуулж ЧАДЛАА

Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь уул уурхайн салбар. Тиймдээ ч улсын экспортын орлогын 87 хувийг тус салбарын бараа бүтээгдэхүүн эзэлж буй. Уул уурхайн салбар өндөр ашигтай байж болох ч тусгаар улсын хувьд орлогын ганцхан эх үүсвэртэй байна гэдэг нь эсрэгээрээ том сул тал. Айл гэрээр бол нэг л хүн ажил хийгээд байна гэсэн үг. Иймээс Монгол Улс цаашдаа эдийн засгаа солонгоруулж, дараагийн уул уурхайтай дүйх, улсаа чирэх салбарыг бий болгох нэн шаардлагатай байна.
Ингэж солонгоруулж, хувь нэмрээ оруулах боломжит хувилбар нь мал аж ахуйн салбар. Манай улсын мал аж ахуй жил бүр өргөжин тэлж, өнгөрсөн онд гэхэд 64.7 сая толгой мал тоолуулсан. Гэвч мал аж ахуйгаас хүртэх малчдын болон улсын ашиг орлого хангалттай бус байгаа юм. Хэрэвзээ олон жилийн турш өвлөж ирсэн мал аж ахуйг дараагийн шатад гаргаж, шинэ техник технологийг нэвтрүүлэн уламжлалт болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулбал энэ салбараар дамжуулан дэлхийн иргэдээс зулгаах бидний орлогын боломж хангалттай бий. Тэгвэл эл боломжийг М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани олж харж, мал аж ахуйн салбарыг нэг шат ахиулах хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг байгуулж чаджээ.
Тус компани нь дэлхийн хөгжлийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нутагшуулахаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чандганы талд дэлхийн жишигт нийцсэн үхэр бордох болон тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ “Primeat” нэртэйгээр зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Чандганы талд тэртээ 1977 онд Атрын II аянаар Чандганы сангийн аж ахуй 1.1 сая төгрөгийн хөрөнгөтэй, 20 ажилтантайгаар байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө 44 жилийн дараа яг тэрхүү агрономич, инженерүүдийн хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч байсан газрыг Мэтагро компанийнхан дахин сэрээсэн нь энэ юм.
quote photo
Анхнаасаа амаргүй гэдгийг хөрөнгө оруулагчид ч, менежментийн баг бүгд ухамсарласан. Гэхдээ энэ бол Монгол Улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой, амин чухал учраас амаргүй байсан ч зориглоод хийсэн.
Мэтагро ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Солонго

Мэтагро компанийн Гүйцэтгэх захирал Б.Солонго: М-Си-Эс Групп дэлхийн хөгжлийг Монголд уриа дор дэлхийн брэндүүдийг Монголдоо үйлдвэрлэдэг. Импортыг орлох үйлдвэрлэлийг эрхлээд олон жил болж байна. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулахад хамгийн ойр нь хөдөө аж ахуй гэдгийг хэн хүнгүй бүгд мэдэж байгаа. Тиймээс Монголынхоо хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнтэй, эрүүл ахуйн стандарт хангасан махыг олон улсын зах зээлд гаргахыг зорьж энэхүү төслийг эхлүүлсэн.
Хөдөө аж ахуй бол хөрөнгө оруулалт, хөгжүүлэлт, судалгаа, хүний нөөц гээд олон талаас нь авч үзэж байж хийх хэрэгтэй ажил. Ковидын үед энэ төслийн судалгаа явагдсан. Манай бизнес хөгжлийн баг дээр маш хурдан судлагдаад, бизнес хөгжлөөсөө үйл ажиллагаагаа эхлүүлээд өнөөдөр 2.5 жил болж байна. Маш богино хугацаанд хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулаад бид нээлтээ хийхэд бэлэн болсон. Дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа гэхэд бид таван тэрбум төгрөгийн үнэ бүхий үхэр худалдан авч тэжээгээд эхнээсээ бүтээгдэхүүнээ зах зээл, хэрэглэгчдэд хүргээд байна. Ер нь, өнөөдрийн махны хэрэглээ, шим тэжээл, эрүүл аюулгүй байдал гээд их юмыг хэрэглэгчдэдээ сайн ухуулж ойлгуулах шаардлага байгаа.
undefined
Олон хүний хүч хөдөлмөр орж, итгэж найдаж байж бүтэх төсөл гэдэг нь эхнээсээ тодорхой байсан л даа. Анхнаасаа амаргүй юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид ч тэр, менежментийн баг бүгд ухамсарласан. Гэхдээ энэ бол Монгол Улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой, амин чухал учраас амаргүй байсан ч зориглоод хийсэн. Өнөөдрийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хөрөнгө оруулалтын өгөөж иртлээ нэлээд хугацаа шаардана. Гэхдээ ашиг гэхээсээ илүү ирээдүйтэй, урт хугацаандаа олон талын ашигтай гэдэг итгэл үнэмшлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хийж байгаа. Богино хугацаанд ашиг орлого олох гэсэн итгэл үнэмшлээр эхлээгүй гэсэн үг.
undefined
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: М-Си-Эс Группийн хамт олон бид бизнесийн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлагадаа түшиглэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа хийж тулгамдсан асуудлуудыг аль болох цогцоор нь шийдвэрлэхийн тулд газар тариалан, эрчимжүүлсэн мал аж ахуй хосолсон цогцолбор байгуулахыг зорьж, энэ бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн. Амаргүй ажил гэдгийг анхнаас нь мэдэж байсан ч хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, цаашлаад улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл учраас бид зориглож 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр шимийг нэн тэргүүнд малчид, хэрэглэгчид шууд хүртэж байгаа ба үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд кластер байдлаар хөгжинө гэж найдаж байна.  Төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгож буй хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх эдгээр бүтээн байгуулалтууд бүх талын оролцоо, хувь нэмэр чухал. Монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө, төр хувийн хэвшил хүчээ нийлүүлэн хамтран зүтгэцгээе.
Олон улсын зах зээлд хүч үзэх тус компанийн бүтээгдэхүүнийг бий болгох цогцолбор дээр дурдсанчлан, үхэр бордох болон тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалангаас бүрддэг.
undefined
Үхэр бордох болон тэжээлийн аж ахуй
Мэтагрогийн үхэр бордох болон тэжээлийн аж ахуй нь 5000 үхрийг хүлээн авч, бордох хүчин чадалтай. Ингэхдээ Хойд Америк, Австралид түгээмэл тархсан үхэр бордох жишиг аж ахуйг Канадын зөвлөх компанийн зураг төслийн дагуу барьж байгуулжээ. Иргэдийн хувьд бордсон малын мах гэхээр халгах тал бий. Гэхдээ тус аж ахуйн бордох үйл явцын тухайд орон нутгийн малчдаас 14-24 сартай бярууг худалдан авч, өөрсдийн талбайд тарьж ургуулсан улаанбуудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног борддог байна. Нэг ёсондоо иргэдийн бодож буй шиг химийн, гаж ямар нэг ургамал, бодисоор бордоогүй гэсэн үг. Мөн сайн чанарын мах гэхээр Канад, АНУ-д өсгөн, үржүүлж буй үүлдрийн үхрийн мах гэж ойлгодог бол “Primeat” нь монгол үхэр, тэр дундаа орон нутгийнхны өсгөж, маллаж байсан малын мах юм.
undefined
Тэд үхрийг хүүхэд шигээ өсгөж, тэжээдэг гэвэл та итгэх үү? Тэдний үхэр бордох аж ахуй олон улсын технологи, туршлага, зааврын дагуу явагддаг тул уламжлалт мал аж ахуй эрхэлдэг, эсхүл мал аж ахуйгаас хөндий нэгэнд сонин содон сонсогдоно. Онцлогтой болохоор тэр шүү дээ. Тухайлбал, Мэтагрогийнхон үхэр бордох аж ахуйдаа хэд хэдэн онцлогийг шингээсэн. Хамгийн чухал нь тавлаг байдал.
Тавлаг байдал бол үхрийг өлсгөхгүй, цангаахгүй, стресстүүлэхгүй, айлгахгүй, хувийн орон зайтай байлгах явдал юм. Үүнийг хангахдаа 24 цаг тэжээлийн сав дүүрэн байх, үхрийн хашаа руу орохгүй байх, айлгаж чанга чимээ шуугиан гаргахгүй, нэг үхэрт ногдох тодорхой м2 бүхий талбайтай байх зарчмыг баримталдаг агаад бүлээн ус уулгаж, налуу газарт байлгадаг гэдэг нь том давуу тал. Эдгээрээс налуу газар байлгах нь хачирхалтай байж магад. Учир нь, тэгш талбайд үхрийг байлгаснаар цас, бороо орж талбайд лаг шавар үүсдэг. Ингэснээр малын хөл шигдэж, стресстэж, булчин чангарч, мах хатуурах эрсдэлтэй. Харин налуу газар байгууламжийг барьж байгуулснаар ус уруудаж, энэ бүх асуудал үгүй болж буй.
Ингэж тавлаг байдлыг бүрэн дүүрэн хангаж чадсанаар тус компанийнхан 150 хоногийн дотор бэлчээрт 3-4 жил байсан үхэртэй дүйцэх хэмжээний жинтэй үхэртэй болж, сайн чанарын мах гарган авдаг байна. Бодоод үз дээ, малчдаас бярууг анх авахад 180-260 кг байдаг бол 150 хоногийн дараа 400-600 кг хүртэл эрчимтэйгээр өсөж, төхөөрөх үйлдвэрт шилждэг аж. Өдөрт дунджаар 1.3-1.5 кг амьдын жин нь нэмэгддэг ч хоёр кг-аар нэмэгдэж, рекорд тогтоох тохиолдол гарч байгаа аж.
Мөн мэргэжилтнүүдийн зүгээс “Иргэд өөрсдөө витамин авчхаад түүнийгээ цаг тухайд нь ууж амжихгүй, мартчихаад байна шүү дээ. Гэтэл бид үхэртээ шаардлагатай эрдэс минералыг нь өдөр бүр өгч байгаа учраас хамгийн амин дэмтэй, сайн чанарын мах, манайх гэсэн үг” хэмээн онцолж байлаа.
undefined
undefined
Ухаалаг газар тариалан
Хөдөө аж ахуйн цогцолборын нэг чухал хэсэг нь ухаалаг газар тариалан. Тус компани нь Чандганы талыг сэрээж тухайн үеийн талбайн тал буюу 10 мянган га талбайд өөрсдийн үхрийг бордох тариаг тариалж, бэлтгэдэг. Бэлтгэхдээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох тэг элдэншүүлгийг нэвтрүүлсэн байна. Тэг элдэншүүлэг технологи гэдэг нь хөрсийг үрлэхээс бусад ямар ч тохиолдолд хөндөхгүй байхыг хэлж буй. Энэ нь тариаланчдад болоод байгаль дэлхийд ээлтэй технологи юм.
undefined
Мэтагро компанийн Чандгана салбарын захирал Л.Баттөгс: Бид анхны жилдээ улаанбуудай, дараагаар нь тосны ургамал, буурцагт ургамал зэргийг тариалаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай тариалангийн талбайн нэг онцлог нь нэг дор 10 мянган га талбай байдаг. Ширээ шиг тэгшхэн талбайтай. Бид талбайгаасаа Хэнтий аймгийн дундаж ургацыг хураан авч байгаа. Ер нь, 2022 онд 10 центнер, 2023 онд 11 центрийг хурааж авсан бол 2024 онд ахиулахаар зорьж ажиллаж байгаа. Тэг технологи нь хэлбэлзэлтэй 3-4 жил явж байгаад түүний дараагаар аажимдаа өсдөг. Тиймээс бид 2027 он гэхэд 15-аас дээш центр авна гэж зорьсон байгаа. Түүнээс дээшээ авч эхлэх юм бол Канад, Америк шиг болно гэж ойлгож болно гэлээ.
Мэтагрогийнхон газар тариалангийн сүүлийн үеийн арга аргачлалыг ийн нэвтрүүлэхийн сацуу ухаалаг усалгааны систем, бусад техник, машин хэрэгслийг ашиглаж буй. Мөн тэртээ 1977 онд байгуулагдсан Чандганы сангийн аж ахуйд ажиллаж байсан ахмад агрономич, инженерүүдийг олж уулзаж, тэдний туршлага, хуримтлуулсан мэдлэг чадварыг нэвтрүүлэн, суралцаж, компанидаа “Мэтагрогийн ахмадууд” гэх тодотголыг хүртэл бий болгоод амжжээ.
undefined
Мал төхөөрөх үйлдвэр
Аж үйлдвэрийн отгон бүтээн байгуулалт буюу мал төхөөрөх үйлдвэр нь зургадугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, түүний санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний нэгэн чигт буй тус хөдөө аж үйлдвэрийн цогцолбортой танилцсан юм.
Эрүүл хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр хангах энэхүү аж үйлдвэрийн чухал хэсэг болох мал төхөөрөх үйлдвэр нь цомхон бөгөөд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй гэдгээрээ онцлог. Тухайлбал, уламжлалт мах боловсруулах үйлдвэр нь махыг сэврээхдээ бүхэлдээ ажиллах шаардлагатай байдаг. Харин Мэтагрогийн үйлдвэр нь нийт 31 хэсгээс бүрдэж байгаа тул хэсэгчлэн ажиллуулах, унтраах боломжтой. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буйгийн хувьд эрчим хүчийг хэмнэх аж. Үүнийг нь мэргэжилтэн, их сургуулийн багш, эрдэмтэд сайшааж буйг мэргэжилтнүүд онцолж байв.
undefined
Мөн үйлдвэр нь өдөрт 76 бод мал төхөөрөх хүчин чадалтай бөгөөд халал аргыг ашигладаг учраас “Primeat”-ийн бүтээгдэхүүнээс нэтэг гардаггүй. Үүнээс гадна дайвар бүтээгдэхүүн болон цусыг хатааж боловсруулж арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаснаар үйлдвэр нийтдээ 130 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр болжээ. Ингэснээр үйлдвэр боловсруулж болох бүхнийг боловсруулж, дахин ашиглах боломжтой бүхнийг дахин ашиглах концепци руу явж байгаа юм.
Үйлдвэрт төхөөрч буй үхрийн бүхий л дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад зогсохгүй тус үйлдвэр нь "Байгаль орчинд ээлтэй байх" зарчмыг баримталж ажилладаг. Иймээс ч үйлдвэрт ашиглагдаж байгаа ус, түүнээс гарч, хаягдаж буй саарал усаа бусад аж ахуй, мод усалгаанд хэрэглэдэг байна.
Кемп
undefined
Аливаа үйл ажиллагааг эрхлэн, явуулахад үнэт капитал нь хүн буюу ажиллах хүч байдаг. Одоогоор энэхүү хөдөө аж ахуйн цогцолборт 200 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд түүнээс 60 орчим нь Хэнтий аймгийн төвөөс болон ойролцоох сумаас ирж ажиллаж байгаа аж. Энэ нь нэг талаараа өнөөгийн бүсчилсэн хөгжлийн агуулгатай нэг чиг, хотоос хөдөөд төвлөрлийг сааруулахад өндөр ач холбогдолтой юм. Хэдийгээр хөдөө орон нутагт ажлын байр бий болгосон ч “Та яг очиж ажиллах уу” гэхэд дийлэнх нь татгалздаг. Шалтгаан нь тухайн хүний анхан шатны хэрэгцээг хангах дэд бүтэц, тав тухтай орчин байдаггүйтэй холбоотой. Тэгвэл Мэтагро компани үнэт капиталдаа зориулан тусгайлсан тав тухтай кемпийг байгуулсан нь цогцолборын онцлог болоод байна.
Тус кемп нь залууст зориулсан орчин үеийн бялдаржуулах төв, хиймэл нуур, стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай, дэд бүтцийг шийдсэн тул тог цахилгаан, шүршүүр, интернэт гээд бүхий л талын хэрэгцээг бүрэн хангажээ. Үүнд ч ажилтнууд сэтгэл хангалуун байх бөгөөд орой сэрүү ороход “Ганц, хоёр шидэх үү” гэхчлэн цагийг зөв боловсон өнгөрүүлж байгаа юм.
Үүнээс гадна мод үржүүлгийн газар, хүлэмж гээд дурдахгүй байхын аргагүй бүтээн байгуулалтууд бий. Тэдний хувьд мод үржүүлгийн газраараа дамжуулан ойн зурвас хийхээр төлөвлөж байгаа нь энэ.
undefined
Ийнхүү үр ашиггүй гэгдэх тус мал аж ахуйн салбарыг нэг шатаар ахиулан, импортын бараа бүтээгдэхүүн, гаднын зах зээлд өрсөлдөхөөр Мэтагро компани дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн цогцолборыг гурав хүрэхгүй жилийн дотор байгуулж, ашиглалтад оруулж ЧАДЛАА.  
undefined
undefined
undefined

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн