Open iToim app
Спорт | 3 мин уншина

Маргааш хотын спортоор амьсгалах өдрүүд эхэлнэ

Маргааш хотын спортоор амьсгалах өдрүүд эхэлнэ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 5
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар Урбан фестиваль”-ийн хүрээнд эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри болон эрэгтэйчүүдийн “Их дуулга” ангиллын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус фестиваль маргааш Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.
Эмэгтэйчүүдийн гранпри зургадугаар сарын 6, 7-нд болох бөгөөд Австри, Украин, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. Харин зургаадугаар сарын 8, 9-нд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга”-ыг хүлээн авч байгаа юм. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэтэй Сербийн “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерландын “Амстердам”, Литвийн  “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө. Монголоос оролцох гурван багийн бүрэлдэхүүн эцэслэн тодорчээ. Олимпын эрхийн сүүлчийн тэмцээний дараа Хятадын “Шанхай Суртай” багтай нэгдсэн А.Ананд Вьетнамын цуврал тэмцээнийг дууссаны дараа эх орондоо ирсэн бөгөөд “Сансар”-тайгаа нэгджээ. Ингэснээр тус баг А.Ананд, М.Өлзий-Орших, Н.Мөнхчөдөр, О.Энхбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй болов. Тэгвэл “Улаанбаатар Энержи”-д Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Стив Сир, Ц.Отгонжаргал нар тоглох бол “Завхан Сайнскор”-т Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр, Н.Ганбаатар нар багтжээ.
undefined
“Улаанбаатар Урбан фестиваль”-ийг 3х3 сагсан бөмбөгөөс гадна хотын спорт гэгдэх модон барилдаан, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball гэсэн спортын 11 төрлөөр зохион байгуулах юм. Хотын спорт сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд сонирхогч, хичээллэгч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Дээрх 11-ээс  хамгийн сонирхолтой төрөлд багтах таван спортын талаар товч хүргэе.
undefined
Крикет
Цохиур, бөмбөг ашигладаг, контактгүй багийн спорт юм. XVI зуунд Англид бий болсон энэ спорт “Парис-1900” олимпоос хойш 128 жилийн дараа “Лос Анжелес-2028” олимпын хөтөлбөрт багтжээ.
Лазер гүйлт
Энэ нь орчин үеийн таван төрөлтийн спортын хоёр дасгалыг багтаасан спортын төрөл юм. Тамирчид тодорхой зайг туулан гүйж, таван байг лазер буугаар буудан өрсөлдөнө. Лазер гүйлт нь 2012 онд олимпын хөтөлбөрт орж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.
BMX
Энэ нь “bicycle motocross” гэх үгийн товчлол бөгөөд тусгайлан зассан тавцан дээр үзүүлбэр үзүүлэхээс гадна бартаат замд уралддаг экстрим спортын төрөл юм. BMX дугуйн бартаат замын уралдаан анх 2008 онд олимпын хөтөлбөрт багтсан бол чөлөөт үзүүлбэрийн төрөл нь “Токио-2020”-оос эхлэн олимпын спорт болсон.
Скейтборд
Зориулалтын скейт ашиглан төрөл бүрийн элементүүдийг хийж гүйцэтгэдэг скейтборд нь хамгийн хурдацтай хөгжиж буй спортын төрлийн нэг юм. Өдгөө дэлхий дахинд скейтбордоор идэвхтэй хичээллэдэг 11 сая гаруй хүн байдаг.
Фанкшенл фитнесс
Хүч тамир, тэсвэр тэвчээрийг сайжруулахад чиглэсэн олон үүрэгтэй дасгалын систем юм. Эдгээр дасгал нь нэгэн зэрэг олон булчинг зэрэг ажиллуулах зорилготой байдаг. Фанкшенл фитнессээр хичээллэхэд маш их энерги зарцуулдаг тул өөх шатаах үйл явц илүү хурдаг явагддаг байна. Дасгалуудын тухайд хүндийн өргөлт, гимнастик, гүйлт, сэлүүрт завь зэрэг олон спорт дээр тулгуурласан, өргөх, татах, түлхэх, шидэх, чирэх, гүйх, сэлэх, үсрэх, авирах чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдгаараа онцлогтой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн