Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тяньжин боомт дээр Монгол руу ачигдах чингэлгийн бөөгнөрөл үүсч, иргэд ачаагаа 3-4 сар хүлээж байна

Тяньжин боомт дээр Монгол руу ачигдах чингэлгийн бөөгнөрөл үүсч, иргэд ачаагаа 3-4 сар хүлээж байна
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 5
Тяньжин боомтод сүүлийн хоёр сар Монгол Улс руу хаягласан чингэлгийн тоо энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж бөөгнөрөл үүсжээ.
Тавдугаар сарын 1-31-ний хооронд БНХАУ-аас Монгол руу импортын 27 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэл байгаа аж. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж байгаа юм байна. Ковидын үед энэ тоо 9000 хүрч байсан бөгөөд энэ хэвээрээ байвал ковидын үеийнх шиг болох эрсдэлтэй байгаа юм.
Манай улс руу орж ирдэг чингэлэгийн тоо нэмэгдээгүй харин ачаа тээврийг ачихад доголдол үүсээд байгаа аж. Тяньжин боомтоос чингэлгүүд дунджаар 70-85 хоногийн дараа ачигдаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.
Монголын тээвэр зуулчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундрам Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "Ачаа тээвэр хамгийн багадаа 70 хоногт Тяньжин боомт дээр хүлээгдэж байгаа. Хэвийн үед Эрээнээс наас гурав хоногт ачаа гардаг байсан бол ес, арав хоногт гардаг болсон. Бид энэ талаар Хятадын талаас тодруулахаар Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамаар дамжуулан тодруулах гэсэн боловч албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тиймээс Тяньжин боомтын асуудал тодорхойгүй нөхцөл байдалтай байна" гэлээ.
Одоогоор гуравдугаар сард ирсэн ачаа Тяньжин боомтоос ачигдаж чадахгүй хуримтлагдаад байгаа юм. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл гээд яаралтай авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүн байгаа ч ачаа тээвэр гацаад байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн