Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Хавдартай иргэд: ЭМ-ийн байгууллагууд хуулиас давсан журам баримталж ажиллаж байгааг эсэргүүцэв

Хавдартай иргэд:  ЭМ-ийн байгууллагууд хуулиас давсан журам баримталж ажиллаж байгааг эсэргүүцэв
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 4
Хорт хавдрыг даван туулагчдын "Наран ижий заяа" НҮТББ-аас дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
“Наран ижий заяа” НҮТББ-ын холбооны тэргүүн Ш.Ариунаа: Цөөн хэдэн хавдрын өвчлөлтэй иргэдийнхээ эм тарианы чанарыг сайжруулж, эмчилгээ үйлчилгээнд нь яагаад сэтгэл гаргаж болохгүй байгаа юм бэ гэдгийг ярих гэсэн юм. Бид төрөөс гуйгаад байгаа юм биш. Төр угаасаа үүнийг даана, хариуцна гээд хуульдаа оруулчихсан. Яагаад УИХ-ын гишүүд хуулийнхаа үр дүнг үзээд, араас нь дүгнэлт шинжилгээгээ хийдэггүй юм бэ гэдэгт харуусал төрж байна. Зүгээр нэг үзгийн хошуугаар, хэн нэгний хөөрлөөр батлагдаагүй байх, энэ хууль.
Монгол Улсын хэмжээнд нийт 28855 хүн хорт хавдрыг даван туулах гээд явж байна. Түүнээс 2023 оны шинэ тохиолдол болох 7244 хүнээс 4556 нь өнөөдөр өөдөө дэвшсэн байна. Урт удаан хугацаанд эмчилгээ хийлгэж яваа хавдрын даван туулагч нарт гаргасан тогтоол шийдвэр нь үнэхээр хүндрэлтэй болсон.
Хавдрын эмнэлэг дээр хүн бүр өөрсдийгөө эмчлүүлэх, цаг хугацаа алдахгүйн төлөө явж байна. Гэвч энэ тогтоолын шийдвэр эмчийг авлига руу турхиран оруулж байгаа юм уу гэж харж байгаа. Төр 100 хувь даана гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл энэ тогтоолын 2.6.4 дээр үг, өгүүлбэр бүр нь авлига руу оруулж байна.
Яагаад гэвэл үүнд орлогын түвшин бага, тухайн өдрийн эмчилгээнд орж эмчлэгдэх хүнээс сонголт хийнэ гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх маань зөрчигдөж байна.
Хавдрын эмчилгээ зогсоход ямар аюул тулгардаг гэдгийг хүн бүр мэдэхгүй. Хавдар задарна, үсэрхийлнэ. Одоо дандаа л тийм хүн орж ирж байгаа. Иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох тал дээр хаалттай явж ирсэн байна. Бид нар эмчилгээ хийлгэж эдгэрнэ гэдэг бодолтой явдаг байсан бол одоо үгүй. Өнөөдөр квот тоо гэдэг зүйлийг гаргаад ирж байна. Тэд өөрсдөө квот тоо байхгүй. Яг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байгаа гэсэн боловч санхүүжилт нь зогсчихлоо шүү дээ. Даван туулагч иргэд айдастай, үгээ хэлж чаддаггүй. Хамаагүй юм ярьчих юм бол эмч эмчлэхгүй байх вий гэдэг нь харагдаж байна.  Үүнээс ялгаварлан гадуурхалт харагдаж байна. Өрхийн орлогыг тооцож эмчилнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
undefined
Хуульч өмгөөлөгч Н.Баттогтох: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-д хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гээд заачихсан байгаа. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д сүрьеэ, сэтгэцийн зарим өвчний эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гэж заасан. Эдгээр хуулиас харвал хорт хавдартай иргэний эмчилгээний зардлыг төр хариуцах нь хэн ч ойлгохоор харагдаж байна. Гэтэл бодит амьдрал дээр иргэн А хорт хавдраар оношлогдоод харьяа эрүүл мэндийн байгууллага дээр очно. Харин эмнэлгийн байгууллагын ажилтан “Уучлаарай таны энэ өвчин жагсаалтад орсон энэ жилийн өвчтөний тоо гүйцчихсэн байна. Тиймээс төлбөр мөнгө байхгүй. Таныг эмчлэх боломжгүй байна” гэдэг. Ингээд иргэн А-г буцаана.
Ингэхдээ эмнэлгийн байгууллагаас нэг журам үзүүлдэг юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан журмын 2.6.4-д хэрэв  төлбөрийг төр хариуцах эмийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарах юм бол тухайн иргэдийн орлогын түвшнийг харгалзан орлого багатай иргэдээс сонгож эмчилгээг эхэлнэ гэж заасан.
Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хуулиас давсан журмаар эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаад байна. Хуульд хэдийгээр үнэгүй гэж байгаа боловч журамдаа тоо, мөнгөний хэмжээг заагаад өгчихдөг. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ, хорт хавдартай иргэдийн эмчилгээ үйлчилгээ хүрч чадахгүй байна.    
Хавдартай иргэн: Би хавдраар өвчлөөд дөрөв, таван жил болж байна. Овоо гайгүй болж байхад эм нь тасарчихсан. Яагаад гэвэл таван жилийн хугацаатай уух эмийг даатгалаар авдаг байсан чинь гурван сарын өмнөөс эхлээд эм нь тасарчихсан. Надаас гадна өчнөөн олон хүн байна.
Даатгалаар авах эмийн сангаар тасарсан эмийг нь өөр газраас асуухаар Моност 96 мянга, Ази фарма дээр 105 мянган төгрөг гэж байна. Эрүүл байхын тулд авахгүй гээд яах вэ.  
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн