Цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” эхэллээ. Тус барилдаанд хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорих юм. Бүх цэргийн наадамд Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооноос 96, ХХЕГ-ын “Хилчин”-ээс 50, ШШГЕГ-ын “Сүлд”-ээс 30, ОБЕГ-ын “Аврагч”-аас 24, ЦЕГ-ын “Хүч”-ээс 24, ТЕГ-ын “Эрч”, ДХИС-ийн “Соёмбо”, Тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргээс тус бүр найман бөх зодоглох ажээ. Өнгөрсөн жилийн “Бүх цэргийн наадам”-ыг Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулахад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Б.Өлзийсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Х.Наранбаяр үзүүрлэж байв.
Харин 2020 онд гавьяат тамирчин Л.Отгонбаатар, 2021, 2022 оны наадамд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүлж байсан юм.
Энэхүү барилдааны үзүүр түрүү булаалдаж, шөвгөрсөн бөхчүүд дараа жилийнхээ баяр наадмаар улсын цолонд ойрхон хэмээн тооцогддог. 1992 оноос хойш “Бүх цэргийн наадам”-д түрүүлсэн бөхчүүдээс нэг дархан аварга, хоёр аварга, хоёр арслан, дөрвөн гарди, дөрвөн заан, есөн харцага, 21 начин цолтон төрсөн байна. Энэ жил ч хэн түрүүлэх вэ гэдэг асуулт анхаарал татаж буй. Наадам ойртсон учир цол ахиж, эрэмбэ дээшлэх хүсэлтэй аймаг, цэргийн арслан, заан, начин, сумын заанууд бүгд үнэн хүчийг үзнэ. Арслан цолтнууд хурцлахыг хүсч байгаа бол бусад нь цэргийн арслан цолонд хүрч, улсын наадмаар өнгөтэй барилдахыг хүснэ. Бөх сонирхогчдын дунд таамаг ч гарчээ. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд үзүүрлэсэн цэргийн заан Ө.Батсуурь болон цэргийн заан Х.Наранбаяр, аймгийн заан С.Доржпалам нарыг цолоо ахиулж магадгүй гэж үзэгчид таамаглаж байна. Түүнчлэн аймгийн начин Б.Бат-Эрдэнэ, Д.Төрбаяр, сумын заан Д.Цэрэнням, Б.Амархүү тэргүүтэн цол нэмэх магадлал өндөр. Уншигчдадаа сүүлийн 10 жилийн “Бүх цэргийн наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулъя.
Түрүү бөх: улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/
Үзүүр бөх: улсын начин Ч.Ганзориг /Архангай/
Түрүү бөх: улсын начин Л.Батзориг /Өвөрхангай/
Үзүүр бөх: улсын харцага Б.Одгэрэл /Сэлэнгэ/
Түрүү бөх: улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/
Үзүүр бөх: улсын арслан М.Бадарч /Архангай/
Түрүү бөх: улсын начин Б.Хишигбаатар /Говь-Алтай/
Үзүүр бөх: цэргийн заан О.Батжаргал /Завхан/
Түрүү бөх: цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/
Үзүүр бөх: улсын начин Б.Түмэндэмбэрэл /Булган/
Түрүү бөх: улсын начин Т.Дүгэрдорж /Завхан/
Үзүүр бөх: улсын харцага Б.Цэдэнсодном/Өвөрхангай/
Түрүү бөх: улсын начин Л.Отгонбаатар /Архангай/
Үзүүр бөх: улсын начин Э.Ууганбаяр /Төв/
Түрүү бөх: улсын заан М.Лхагвагэрэл /Завхан/
Үзүүр бөх: улсын начин Э.Сумъяабат /Булган/
Түрүү бөх: улсын заан М.Лхагвагэрэл /Завхан/
Үзүүр бөх: цэргийн заан Ө.Батсуурь /Архангай/
Түрүү бөх: цэргийн арслан Б.Өлзийсайхан /Өвөрхангай/
Үзүүр бөх: цэргийн заан Х.Наранбаяр /Сэлэнгэ/