Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх үйл ажиллагаа болон зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон талаар Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, тэдгээрээс тайлан, мэдээ хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохицуулах холбогдох журмуудыг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан этгээдийг Санхүүгийн зохицуулах хороо болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар бүртгэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 204 мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг эрх бүхий байгууллагууд бүртгэсэн байна. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хязгаар болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд ашиглах зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүү тооцох аргачлалыг батлаад байна.
-Аймаг, нийслэлийн Засаг дарга дээр хэчнээн иргэн, хуулийн этгээд бүртгүүлсэн бол мөн бүртгүүлэх хүсэлтийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Орон нутагт нийт 12 аймагт 114 мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгээд байна. Үүнээс 79 этгээд нь байнга, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэнээр, 35 нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр бүртгүүлсэн байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэд, 100.0 сая төгрөг хүртэлх хувь нийлүүлсэн хөрөнгөтэй хуулийн этгээдийг харьяа аймгийн Засаг дарга бүртгэнэ. Бүртгүүлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны Цахим бүртгэлийн системээр эсхүл цаасаар хүлээн авч байна. Улаанбаатар хотод мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэд, 300.0 сая төгрөг хүртэлх хувь нийлүүлсэн хөрөнгөтэй хуулийн этгээдийг нийслэлийн Засаг дарга бүртгэхээр хуульчлагдсан боловч өнгөрсөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерт, эсхүл дүүргийн Засаг даргад гэрээний үндсэн дээр шилжүүлэх боломжтой болсон. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн А/87 дугаар захирамжаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Иймд дээр дурдсан иргэд, хуулийн этгээдүүд харьяа дүүргийн Засаг даргад хүсэлтээ гарган бүртгүүлнэ. Дүүргийн Засаг дарга нар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар тогтоолоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”-ыг шинэчлэн батлаад байна. Бүртгүүлэх хүсэлтийг мөн адил Санхүүгийн зохицуулах хорооны Цахим бүртгэлийн системээр эсхүл цаасаар хүлээн авч байна. Одоогоор нийслэлийн хоёр дүүрэгт нийт 32 хуулийн этгээд, гурван иргэнийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэсэн байна.
-Санхүүгийн зохицуулах хороонд ямар нөхцөл, шаардлага хангасан иргэд, хуулийн этгээд бүртгүүлэх хүсэлтээ гаргах вэ?
-Хороо орон нутагт 100.0 сая төгрөг, түүнээс дээш, Улаанбаатар хотод 300.0 сая төгрөг, түүнээс дээш хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуулийн этгээдийг бүртгэхээр хуульд заасны дагуу бүртгэх үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 55 барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэсэн.
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон талаар дурдсан, хүүгийн хувь хэмжээг хэрхэн тогтоосон бэ, хэзээнээс хэрэгжиж байгаа вэ?
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаж мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь буюу жилийн 54 хувиар тогтоосон. Мөн хурлаар зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг тус тус баталсан. Хуралдаанаар баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээ болон гэрээний загваруудыг өнгөрсөн гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Зөвлөл хүүгийн дээд хэмжээг тогтоохдоо холбогдох судалгаа шинжилгээнд үндэслэн олон улсын аргачлалыг ашигласнаас гадна зээлдэгч мөнгө хүүлэлт, өрийн дарамтад орохгүй байх, тэдгээрийн эрх ашиг хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон юм. Тухайлбал, “Үүлэн технологи” ХХК-ийн бүтээсэн “Procreditor” программд бүртгэгдсэн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хамаарах зээлийн багц болон Сангийн яамны “ebalance.mof.gov.mn” системд илгээсэн компаниудын санхүүгийн тайланд судалгаа шинжилгээ хийсэн. Харьцуулсан судалгааны зарим үр дүнгээс сонирхуулбал дийлэнх улс орнууд мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохдоо хууль батлах замаар бодлогын зохицуулалтуудыг хийдэг ба Нидерланд, Өмнөд Африк, АНУ-ын зарим мужууд жилийн 50.0-60.0 хувийн, Канад, Эстони, Малайз, Солонгос, БНХАУ зэрэг орнууд жилийн 20.0-36.0 хувийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон байна. -Зээлийн хүүгийн дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлагын ямар арга хэмжээ тооцох вэ?
-Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь тогтоосон хүүгийн дээд хэмжээг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана. Мөн зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана, зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор хуульд заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуульд энэ төрлийн зөрчилд таван зуун нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тогтоосон.