Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

Киногоо урлаг хэвээр нь авч үлдэх юм сан

Киногоо урлаг хэвээр нь авч үлдэх юм сан
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 30
Өмнөд Солонгосын “Тэ Жу Ён” цуврал үзэгчдийн хүсэлтээр дахин гарч эхэлжээ. Ахин дахин цацагддаг уг цуврал Монголын залуу үзэгчдийн амьдралын бүх үед хамт байсан гэхэд хилсдэхгүй. Иймд зарим үзэгч Тэ Жу Ён хааны түүхийг монгол хаадынхаа түүхээс ч илүү мэддэг байх магадлалтай. Улиг болсон энэ цувралыг халахуйц монгол түүхэн цуврал гарч ирж байж л сая нэг юм үзэгчид Тэ Жу Ёныг “хүсэхээ болих” биз.

Хаанаас хаа хүрэв

Тэртээ 1930-аад онд “Монгол хүү”, “Норжмаагийн зам” анх нээлтээ хийснээс хойш 90 шахам жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино урлаг чамгүй хөгжиж, олон арван продакшн байгуулагдав. Техник, технологийн хувьд ч ихээхэн шинэчлэгдэн өндөр чанар бүхий компьютер графикийг дотооддоо хийх чадвартай болсныг дурдах нь зүйтэй.
undefined
Нэгэн арваны өмнө буюу 2014 онд “Үргээлэг” УСК-г 60 мянга орчим хүн үзсэнээр тухайн оныхоо хамгийн их үзэлттэй кино болж байжээ. Харин 2024 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “Зура III Цэвэрлэгээ” УСК-ны нийт үзэлт 297 мянга давснаар Монголын хамгийн их хүн үзсэн киногоор тодорсон билээ. Уг харьцуулалтаас Монголчууд кино урлагийн салбарт улам бүр шимтэж буйг харж болно.

Сайнтай, муутай салбар

Гэвч манай улсын ихэнх бүтээл зохиолын шаардлага хангахгүй, урлаг бус бизнес болсон гэж үзэгчид, мэргэжилтнүүд шүүмжилдэг. Дэлхий нийтийн жишгээр бол кино зохиолчид ихэвчлэн гурван сарын хугацаанд кино зохиолоо бичдэг байна. Тэд гэрээсээ хол газар явах, ганцаараа амьдрах, олон хоногоор өрөөнөөсөө гарахгүй байх зэргээр сайн зохиол бичихийн тулд өөрсдийн бүх хүчээ дайчилдаг ажээ. Харин монгол киноны зохиолд хэдий хугацаа зарцуулагддаг нь тодорхой бус. Гэхдээ 2016 онд “Кино зохиолыг 14 хоногт хэрхэн бичих вэ” гэх сургалт явагдаж байснаас дүгнэхэд дэлхийн жишгээс харьцангуй богино хугацаанд бичдэг гэж таамаглаж болохоор байна.
Нөгөөтээгүүр зохиол, найруулгаараа сайшаагдаж, дэлхийд үнэлэгдсэн бүтээлүүд ч цөөнгүй бий. Оскарын үзүүрээс атгаад алдсан “Шар нохойн там”, “Ингэн нулимс”-аас хойш “Алсын удирдлага”, “Хөхөө”, “Худалдагч охин” зэрэг кинонууд олон улсын кино наадмаас шагнал хүртсэн. Харин хамгийн сүүлд “Сэр сэр салхи” Азийн кино наадмыг өнгөлсөн бол “Баавгай болохсон” Каннын улаан хивсэн дээр заларсан билээ. Тэгэхээр кино урлаг маань нэг алхам урагшилж, нэжгээд алхам ухарч байна гэхэд хилсдэхгүй.
undefined

Зүгээр ч нэг зугаа биш

Киногоор дамжуулан хүнийг хүмүүжүүлж, цаашлаад нийгмийг ч өөрчлөн шинэчлэх боломжтой. Нэгэн жишээ дурдахад, Пакистанд “нэр төрийн аллага” гэх нэр томьёо үүссэн ба гэр бүлийнхээ нэр хүндийг унагаасан хүнийг хөнөөхөд ямар ч ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Гэтэл 2015 онд “A Girl in The River” гэх кино гарснаар нийгэмд том цохилт болж Пакистаны Ерөнхий сайд “нэр төрийн аллага” үйлдсэн этгээдийг гэмт хэрэгтэнд тооцон, хүнд ял шийтгэл оноохоо амласан байна.
Түүнчлэн кино урлаг эдийн засагт томоохон ач холбогдолтой. Манайхаас хэдхэн жилийн өмнө буюу 1919 онд анхны киногоо бүтээсэн Өмнөд Солонгос 2019 онд Оскарын наадмын “Шилдэг бүтээл” шагналыг хүртсэн. Энэ амжилт нь дараа дараагийн кинонуудад болон улсынхаа эдийн засагт томоохон түлхэц үзүүлэв. Өдгөө тус улсын кино урлагийн салбар нэг жилд 1.3 их наяд воны ашгийг улсдаа авчраад байгаа юм.
undefined

Харин одоо Монголдоо...

Манай улсын хувьд “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн жагсаалтад кино, дуу дүрсний урлаг тэргүүнд бичигддэг. Түүнчлэн 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хууль баталж, Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан кино төслүүдэд зээл, санхүүжилт олгож эхэлсэн билээ. Тус сангаас 2023 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөн, эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй санхүүжилт олгосон байна. Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтэд Монголын түүхийг харуулах олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино, олон улсын наадамд өрсөлдөх артхаус кино зэрэг хэд хэдэн төрлүүд багтжээ. Гэвч эдгээр төрлүүдийн хүрээн дэх чанартай бүтээл тун ховор байна.
Хоёр их гүрний дунд олон талаар хавчигдсан манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилго билээ. Хэрэв дэлхийн үзэгчдийг татахуйц хийцтэй, сайн чанарын зохиол, найруулгатай кино, цувралыг бүтээвэл дотоодын эдийн засаг төдийгүй аялал жуулчлал хөгжин, улсынхаа түүх, соёлыг сурталчлах томоохон хөшүүрэг болох юм. Үүний тулд зөвхөн санхүүжилт олгох бус нийт кино урлагийн салбар болон тус салбарт хамаарах уран бүтээлчдийнхээ чадвар, төлөвшилд анхаарал хандуулах нь маш чухал байна.

Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн