Спорт | 4 мин уншина

ТОЙМ: Монголын жүдочид Парисын олимпын циклд 102 медаль хүртжээ

ТОЙМ: Монголын жүдочид Парисын олимпын циклд 102 медаль хүртжээ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 28
Токиогоос Парис хүртэлх олон улсын жүдо цуврал АНЭУ-ын Абу Даби хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөлөө. 107 орны 660 орчим тамирчин өрсөлдсөн уг тэмцээнээр олимпын эрхийн оноог хааж байгаа юм.
Ингэснээр жин тус бүрийн чансаа өндөр 17 жүдоч олимпын эрхээ авна. Гэхдээ нэг улсаас нэг тамирчин. Франц улс зохион байгуулагчийн хувиар бүх жинд оролцоно. Ийм зарчмаар нийт 238 тамирчин (119 эрэгтэй, 119 эмэгтэй) эрх авна. Энэ бүхэн зургадугаар сарын 23-нд тодорхой болох юм. Дараа нь тивийн ялгаагаар 100 жүдочид эрх олгоно. Европоос 25, Африк тивээс 24, Өмнөд болон Хойд Америкаас тус бүр 21, Азиас 20, Далайн орнуудаас 10 тамирчин эрх авах юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос тив бүрийн тамирчдын жагсаалтыг гаргаж, чансааны дагуу эрхийг олгоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах урьдчилсан таамгаар манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд эрх авч, Парисыг зорихоор байгаа юм. ДАШТ-ий өмнөх чансаагаар эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд 13, 66 кг-д Б.Эрхэмбаяр гурав, Ё.Басхүү дөрөвт, 73 кг-д Ц.Цогтбаатар 22, 81 кг-д Г.Болор-Очир 35, 90 кг-д Г.Алтанбагана 31, -100 кг-д Б.Гончигсүрэн наймдугаарт, +100 кг-д О.Цэцэнцэнгэл 17 дугаарт жагсаж байгаа юм.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү тавдугаарт, Г.Наранцэцэг 17-д, 52 кг-д Л.Сосорбарам 13-т, 57 кг-д Л.Энхрийлэн 16-д, 63 кг-д Б.Ганхайч 32-т, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ 42-т, -78 кг-д О.Хүслэн 28-д, +78 кг-д А.Адьяасүрэн 22-т эрэмбэтэй байлаа. Тэгвэл шинэ чансаанд хэрхэн өөрчлөлт орох нь сар хүрэхгүй хугацааны дараа тодорхой болно.
undefined
Манай жүдочид Парисын олимпод орохын тулд шаргуу бөгөөд шахуу хуваарьтай тэмцээнүүдэд оролцож олимпын бүсэд олноороо багтав. Парисын олимпын циклд нийт 16 алт, 19 мөнгө, 67 хүрэл медаль хүртжээ. 2020-2024 оны хооронд шинээр хоёр дэлхийн аваргатай боллоо. Тэр нь Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар юм. Дэлхийн аваргын хошой медальтнууд, дэлхийн шинэ медальтнууд ч хэд хэд нэмэгдэв.
Түүнчлэн Ази тивийн таван шинэ аварга тодорсон гэх мэтээр дурдвал гэрэлтэх амжилт их байлаа. 2013 оноос хойш тасралтгүй 11 жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоосон ирээгүй байна. Таван олимп дараалан медаль хүртсэн Монголын топ спорт учраас энэ удаагийн ДАШТ-д үзэгчид тэднээс хүлээлт ихтэй байсан биз. Гэхдээ хүлээлт талаар болсонгүй. Зарим нэг жин болон багийн барилдааныг эс тооцвол манай жүдочид үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, харьцангуй чанартай барилдаан үзүүлсэн гэж дүгнэж болохоор.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Б.Баасанхүү дэлхийн аварга болсон бол эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг орлож эцсийн мөчид Абу Дабид очсон Л.Анхзаяа хүү дэлхийн медальтан боллоо. Түүнчлэн таван тамирчин шагналт байрт шалгарсан нь чамлахааргүй амжилт үзүүлсний тод жишээ юм.
Монголчуудын гол найдваруудын нэг Л.Энхрийлэн гурван жил дараалан медалийн төлөө барилдсаныг онцлох нь зүйн хэрэг. Түүнд олимпын медаль дутуу бөгөөд түүнийгээ авахын тулд бүх анхаарлаа хандуулж байна. Хэрвээ Б.Гончигсүрэн бэртэлгүй байсан бол дэлхийн аваргаас анхны медалиа зүүх магадлал 70-аас дээш хувьтай байлаа. Ц.Цогтбаатар бэртэлгүй байсан бол олимпын чансааны оноогоо ахиулж, тивийн квотоор Монголоос 81, 90 кг-ын жинг сонгож болох байв. Гэхдээ Цогоо өнжсөнөөр дэлхийн чансааны 98-д эрэмбэтэй Анхаад маш том боломж олдсон юм. Хэрвээ тэр 101-р жагссан бол улаан шугамны доогуур жагсаж, дэлхийн аваргад зодоглож чадахгүй байлаа. Анхаа ч боломжийг тултал ашиглаж, дэлхийн шилдгүүдтэй шагналын тавцанд зогсов. Харин Л.Сосорбарам хүлээлтээс доогуур барилдлаа. Дэлхийн аваргын дараа олимпод оролцох Монголын жүдо бөхийн шигшээ баг бараг л тодрох шиг боллоо. Эмэгтэй нэг, эрэгтэй хоёр жинд Монголын жүдо бөхийн холбооноос сорилго явуулж байсан бол дэлхийн аваргын дараа эцсийн дүнгээ гаргалаа. Гэхдээ албан ёсоор олон нийтэд олимпын багаа танилцуулах цаг нь арай болоогүй. Тэр болтол хэн хэн сонгогдсоныг тэвчээртэй хүлээх үлдэв.
ДАШТ-д оролцсон 107 орноос ердөө 24 нь медальтай нутаг буцлаа. Үүнээс есөн орон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Нийт 14 жингээс 12-т нь шинэ аварга төрсөн бол хоёр нь аварга цолоо хамгаалах нь тэр. Багийн дүнгээр япончууд тэргүүлсэн бол Гүрж, Солонгос, Азербайжан, Итали айргийн тавд багтлаа. Манай улс энэ удаа долдугаар байрт орсон амжилтаар ДАШТ-ийг өндөрлүүлэв.
Жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн орнуудаас Бразил, Португал, Куба, Словени, Унгар, Израйль, Бельги, Австрали, Австри, Хорват зэрэг орон медальгүй нутаг буцаж байна. Ялангуяа хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан Бразил, Израиль хоосон хоцров. Тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ Б.Хорлоодой, Б.Нармандах, Нугзари Таталашвили, Арам Григорян, Жафар Коцоев нартаа медалийн гол найдлагаа тавьж байсан ч талаар өнгөрлөө. Канадын сорилгод 57 кг-д Криста Дэгүчи, -100 кг-д Шади Элханасыг дэлхийн аваргын дараа Парист зорих эрхээ авсан. Харин Климкайт, Рейес нар олимпыг зурагтаар үзэхээр болж, нүдэндээ нулимстай гэртээ харив. Одоо хоёр сар хүрэхгүй хугацааны дараа олимпын наадам хөшгөө нээнэ. Таван тивийн шилдгүүд Парисын татамид чуулж, олимпын медалийн төлөө өрсөлдөх юм. Тэр болтол тивүүдийн нээлттэй тэмцээн үргэлжилнэ. Абу Дабид болсон жүдо бөхийн ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 оны ДАШТ-ийг Унгарын Будапешт хотод зохион байгуулах болсныг зарлалаа.
Холбооны тэргүүн Мариус Визер “Унгар бол спортын орон. Манай холбооны төв байр Будапешт хотод байдгаар бид бахархдаг. Жүдо бөхийн баялаг түүх, уламжлал, үнэт зүйлстэй энэ улсад дахин уулзах болсондоо баяртай байна. Унгарын Засгийн газар, жүдо бөхийн холбоонд олон жилийн турш жүдо бөхийн төлөө хийж байгаа бүх зүйлд нь талархаж явдаг” гэж хэллээ. ДАШТ 2025 оны зургадугаар сарын 13-20-нд болох товтой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн