Дэлхийн монгол | 9 мин уншина

ДЭЛХИЙН МОНГОЛ: McKesson корпорацын татварын албаны ахлах захирал  Н.Энхмааг онцолж байна

ДЭЛХИЙН МОНГОЛ: McKesson корпорацын татварын албаны ахлах захирал  Н.Энхмааг онцолж байна
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 24
Америкийн нэгдсэн улсдаа эм, эмнэлгийн ханган нийлүүлэлтээр тэргүүлдэг, үндэстэн дамнасан McKesson корпорацын татварын албаны ахлах захирал Н.Энхмааг Дэлхийн Монгол цувралын ээлжит зочноор урьж ярилцлаа. Тэрээр 2000 онд Монгол Улсын “Мандах бүртгэл” их сургуулийг Татвар болон нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, улмаар Калифорнийн их сургуульд татварын хуулиар магистр хамгаалжээ. Тэрээр одоогоос хорь гаруй жилийн өмнө газар үзэж, илүү ихийг сурч мэдэх зорилгоор Америк орныг зорьж байсан аж. Н.Энхмаа зорилгоо биелүүлээд зогсохгүй, Америкийн топ компанид ажилд орж, бага багаар өсөж дэвшсээр өнөөдрийн карьераа бүтээжээ.
Ингээд түүний аж амьдрал, карьерын түүхээр аялцгаая.
-Таны McKesson корпорацад ажилд орж байсан түүхээс ярилцлагаа эхэлье. Америктаа нэлээд том тооцогддог, нэр хүндтэй корпорац шүү дээ?
-McKesson корпорац эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлд голчлон үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 20 гаруй оронд салбартай, АНУ-даа ашиг орлогоороо эхний 9-т эрэмбэлэгддэг, 51 гаруй мянган ажилтантай маш том компани. Миний хувьд энэ компанид ажилд ороод 18 орчим жил болж байна. Анх Америк орныг зорихдоо ийм том компанид ажиллана ч гэж бодож, төсөөлөөгүй явлаа. Аз, хувь тохиоллоор энэ компанид ажилд орж, харин өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн карьераа бүтээсэн гэх үү дээ. 
Би Монголдоо нягтлан бодох бүртгэлээр бакалавраа хамгаалсан. Төгсөөд Мандах бүртгэл их сургуульдаа багшаар үлдэж, жил орчим багшилсан. Ингээд гадагшаа явж юм үзэж, нүд тайлъя гээд АНУ-д ирж байлаа. Хэлний мэдлэг тийм ч сайн биш байсан учраас эхэндээ үйлчилгээний ажил хийдэг байсан. Тухайн үед Америкт ажиллаж, амьдрах талаар зөвлөгөө өгдөг, мэргэжлээрээ ажилд орох, ажлын ярилцлагад бэлтгэх чиглэлээр сургалт зөвлөгөө өгдөг газар явдаг байлаа. Тэнд Барбара гэдэг нэгэн хуульч эмэгтэйтэй танилцаж байв. Сайн дураараа бидэнд зөвлөгөө өгдөг эмэгтэй байсан. Харин сүүлд нь тэр эмэгтэйг McKesson корпорацад хуулийн зөвлөгөө өгдөг байсныг мэдсэн. Учир нь, McKesson корпорацын санхүүгийн хэлтэст ажлын байр гарахад Барбара намайг ажиллуулахыг санал болгож, нэг өдөр McKesson корпорацын хүний нөөцөөс над руу залгасан. Ингээд ярилцлагад орохоор анх очиход ярилцлага авсан хүн маань гайхаад “Барбара яагаад чамайг санал болгосон юм бол. Бид Америкийн мэргэшсэн нягтлан бодогч хайж байгаа. Томоохон аудитын компани, эсвэл манайх шиг олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагад багадаа таван жил ажилласан байх ёстой. Бидний хайж буй хүн та биш байна” гэж хэлсэн. Тэр үед би Америкийн мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэх аваагүй байсан юм. Тухайн үед “За ажилд орохгүй юм байна” гэж бодсон. Харин нэгэн өдөр тус компаниас над руу залгаад “Таныг хагас цагаар, гэрээтээр ажиллуулж үзье” гэсэн. Ингэж л компанидаа хөл тавьсан юм. Хэсэг хугацааны дараа үндсэн ажилтан нь болж, тэр жилдээ байгууллагынхаа санхүүгийн 4000 гаруй ажилтнаас шилдэг залуу ажилтан нь болсон.
-Барбара таныг энэ бүхнийг хийж чадах хүн гэдгийг олж харсан учраас өөрийг тань ажилд авахыг санал болгосон байх нь?
-Миний  хувьд аль болох хүнд тусалж, сурсан мэдсэнээ нээлттэй хуваалцаж, ярилцах дуртай. Энэ зан чанарыг Барбара илүү тод олж харсан юм болов уу гэж боддог. Барбара “Чи аливааг сурч мэдэх хүсэл, эрмэлзэлтэй, түүнийгээ хурдан сурах чадвартай юм байна” гэж урамшуулж байсан. Харин миний хувьд Барбаратай танилцсанаа том аз гэж боддог. Энэ азаа өөртөө боломж болгож чадсан. Америкийн хууль, нягтлан бодох бүртгэлийн талаар ямар ч мэдлэггүй намайг Монголд эзэмшсэн суурь мэдлэгээр минь үнэлж, энэ том компанид хөл тавих үүдийг нээж өгсөн. Нээж өгсөн үүдээр нь алхах тутамдаа сурч мэдсэн зүйлээ ахиулсан шүү.
-Монгол Улсдаа эзэмшсэн нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг, туршлага дээрээ үндэслэн ажилд оржээ. Маш богино хугацаанд өөрийгөө харуулж, үндсэн ажилтан болж чадсан байна шүү дээ. Ер нь Монголын нягтлан бодох бүртгэл, АНУ хоёрын гол ялгааг та юу гэж харсан бэ?
-Онолын мэдлэг сайн эзэмшсэнээрээ бусдаас ялгарч чадсан байх. Энэ нь Монголд эзэмшсэн бакалаврын боловсролын ач тус. Ажилд орсныхоо дараа хэлний чадвараа сайжруулж, Америкийн нягтлан бодох бүртгэлийн шалтгалтаа амжилттай өгсөн. Ажлаа хийхийнхээ хажуугаар Америкт татварын чиглэлээр магистр хамгаалсан.
Ер нь монгол хүмүүс нийтээрээ маш сайн хөрвөх чадвартай гэж боддог. Өөрийгөө энэ нийтлэг чанарыг агуулсан хөрвөх чадвар сайтай гэж харсан. Энэ нь л монгол хүний давуу тал болдог. Хаана ч очсон ямар нэгэн зүйлийн арга эвийг нь олоод хийчихдэг, дасан зохицох чадвартай. Мөн Монголын нягтан бодох бүртгэлийн техникийн буюу онолын мэдлэгийн ур чадвар маш сайн гэж дүгнэсэн. Миний хувьд ажилд орсон цагаасаа онолын мэдлэг сайтай, асуудлаа мэддэг байсан. Энэ нь миний Монгол Улсад сурч мэдэж авсан онолын мэдлэг шүү дээ. Харин Монголын хувьд практик дээр стандарт, онол баримтлах нь учир дутагдалтай харагддаг. АНУ-д бол онол, практик яг нийлнэ, стандарт, дүрэм журмыг ягштал мөрдөнө. Энэ тал дээрээ л бага зэрэг ялгаатай.
-Татварын чиглэлээр мэргэшсэн хүний хувьд Монголынхоо татварын орчныг ямар байна гэж хардаг вэ?
-Хувь хүн талаасаа харвал Монголын татварын орчин шударга бус санагддаг. АНУ-д орлогын хэмжээ, хүүхдийн тоогоосоо хамаарч төлөх татварын хувь хэмжээ өөр, өөр байдаг. Харин Монголд орлогын хэмжээ, хүүхэдтэй, хүүхэдгүйгээс үл хамаарч яг ижил хувиар татвар төлдөг. Жишээ нь, ганц бие хүн таван  хүүхэдтэй хүнтэй ижил 10 хувийн татвар төлж байгаа нь шударга бус юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэр өрх хэдэн хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаагаас шалтгаалж орлогын татвар нь өөрөөр байвал зүгээр. Зарим улс хүүхдийнх тоогоор татварын хөнгөлөлт эдэлж байхад зарим улсад өндөр орлогын хэмжээнээс хамаарч шаталсан татвар төлдөг.
quote photo
Хүн зорилготой, түүнийхээ төлөө зүтгэвэл амжилт аяндаа ирнэ. Сурч мэдэх, хөгжих боломжоо дандаа нээлттэй байлгахыг эрэмзэлдэг. “Одоо боллоо” гэж бодох үед л хүсэл, эрмэлзэл унтарч, ажил нэгэн хэвийн, уйтгартай санагдана. Миний ажил хүссэн, хүсээгүй зогсолтгүй суралцаж байхыг шаарддаг.
McKesson корпорацын татварын албаны ахлах захирал Н.Энхмаа
-Таны хувь мэргэжилтнээс захирал хүртэл дэвшиж ажилласан байна. Танай байгууллага ажилтнуудынхаа ур чадварыг хэрхэн үнэлж, хөгжүүлэх бодлого баримталдаг вэ?
-Жилийн эхэнд зорилго, төлөвлөгөө гаргаад, түүнийгээ биелүүлж байгаа эсэхийг нь удирдах албан тушаалтан нь хянадаг. Мөн жилийн эцэст тухайн ажилтны удирдах болон доод албан тушаалтнаас нь давхар судалгаа авна. Ингэж төрөл бүрийн ур чадварыг нь үнэлэх судалгаанд хамруулан, өндөр оноо авсныг нь байгууллагын өсөх ирээдүйтэй ажилтны жагсаалтад оруулдаг. Дараа нь янз бүрийн хөтөлбөрт хамруулдаг. Зарим хөтөлбөр нь жилийн турш үргэлжилдэг, үр өгөөж ихтэй. Үүнээс гадна ажлын цаг нь уян хатан бөгөөд энэ нь ажилтнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд тустай байдаг.
Заримдаа удирдах албаны хүмүүсийг хооронд нь ажлыг нь түр хугацаанд сольж хийлгэж бусад хэлтсүүдийн ажил болон багтай танилцуулах ажлын туршлагын хүрээг тэлэх зорилгоор шинэ ажил хийлгэдэг. Би одоогоор нэг жилийн хугацаатай шинэ баг ахалж өөр хэлтэст ажиллаж байгаа. Мөн 2016-2018 онд Герман улсад урт хугацааны томилолтоор ажилласан. Намайг явуулсан зорилго нь Европын салбаруудын ажлыг сайжруулахаас гадна надад хөрөнгө оруулалт хий туршлага судлуулах зорилготой байсан.
Мөн цалингийн болон албан тушаалын олон шатлалтай байдаг учраас  ажлаа сайн хийсэн нь албан тушаал ахидаг. Тухайлбал, албан тушаалын хувьд туслах, нягтлан, ахлах нягтлан, менежер, ахлах менежер, захирал, ахлах захирал болон VP гэх мэт. Энэ нь өөрөө ажилтнаа өсөж дэвшихэд том хөшүүрэг болж өгдөг санагддаг.  Мөн шатлал ахих бүр цалин болон жилийн эцсийн  бэлэн мөнгөн болон хувьцааны урамшууллын хувь нэмэгдэж байдаг.
-Ур чадварын хувьд  таныг хэрхэн үнэлдэг вэ?
-Намайг бусдад заах, мэдлэгээ хуваалцах чадвар сайтай гэдэг. Монголд багшаар ажиллаж байсан минь үүнд их нөлөөлсөн байх. Мөн ямар ч нөхцөлд юмны учрыг олдог, гаргалгаа сайтай гэж үздэг. Гэхдээ тэвчээр муутай гэсэн шүүмж ч хэд хэдэн удаа сонсож байсан. Энэ нь хурдан шуурхай ажиллахын нэг сөрөг тал гэх юм уу. Өөрөөр хэлбэл, хурдан шуурхай ажиллах нь зарим хүнд тэвчээргүй мэт харагддаг. Гэхдээ хурдан байгаад гүйцэтгэл хангалттай байвал харин ч давуу тал юм.
-Та амжилтыг юугаар хэмждэг вэ?
-Хүн зорилготой, түүнийхээ төлөө зүтгэвэл амжилт аяндаа ирнэ. Сурч мэдэх, хөгжих боломжоо дандаа нээлттэй байлгахыг эрэмзэлдэг. “Одоо боллоо” гэж бодох үед л хүсэл, эрмэлзэл унтарч, ажил нэгэн хэвийн, уйтгартай санагдана. Миний ажил хүссэн, хүсээгүй зогсолтгүй суралцаж байхыг шаарддаг. Манай компани олон улсад үйл ажиллагаа явуулдаг болохоор хууль, татварын орчин байнга шахам шинэчлэгддэг. Тиймээс шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа татварын тухай хууль, тогтоомж, нягтлан бодох стандартуудыг цаг алдалгүй сурч, мэдэх, түүний дагуу ажиллах шаардлагатай нүүр тулдаг нь боломж бас сорилт болж байдаг. Тиймээс өргөн хүрээний мэдлэгтэй байж, шинэ зүйлд хурдан дасан зохицож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхээс өөр аргагүй.
Америкийн хөдөлмөрийн зах зээл аль ч салбарт их эрэлттэй байгаа. Сүүлд хоёр газраас ажлын саналавсан. Өндөр цалин амласан ч шинэ байгууллагад ажиллавал эхэн үедээ гэр бүлдээ зарцуулах цаг багасах болохоор эндээ үлдэхээр шийдсэн. Америк том зах зээлтэй боловч нэг салбарын хүмүүс нь биенээ таньдаг. Чадвар байвал боломж нь нээлттэй газар.
-Таны бодлоор карьераа өсгөхөд ямар чадвараа хөгжүүлэх нь хамгийн чухал вэ?
-Мэргэжлээсээ шалгаалаад карьераа хөгжүүлэх зам өөр өөр, хэвшмэл цутгасан зүйл байхгүй. Ерөнхийдөө бол карьер эхэлж байх үед гүйцэтгэл болон чадвар сайтай байх нь давуу тал. Залуу хүмүүс мэдлэг, чадвар дутмаг байлаа ч шинийг сурч, мэдэх хүсэл, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Мөн хийж байгаа юмандаа дурлаж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байгаасай. Гэхдээ шинийг сурч, мэдэх хүсэл, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Мөн нэг хайрцагандаа баригдаад байлгүй хайрцагнаасаа гадуур чөлөөтэй сэтгэж байх хэрэгтэй.
Дунд шатны удирдах албан тушаал хашдаг бол багаа сайн бүрдүүлэн, өөрийгөө зөв илэрхийлж, доод ажилтнуудаа сайн чиглүүлэн, зөв хүнээ тохирсон ажилд нь томилдог байвал хурдан дэвших магадлалтай. Дээд албан тушаал хашдаг бол асуудлаа том зургаар нь харах чадвартай, алсын хараа, төлөвлөлт, зохион байгуулалт сайтай байх нь чухал.
-Монголдоо хэр их ирдэг вэ. Монголтойгоо холбоотой ажлууд хийдэг үү?
-Ковид гарахаас өмнө байнга л ирж очдог байсан. Мөн Калифорнид байхдаа Монголтойгоо холбоотой арга хэмжээнүүдэд байнга оролцдог байсан. "Гэр төв"-ийн монгол хүүхдийн сургууль/байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Одоо хэдий монголчууд цөөн амьдардаг McKinney хотод байгаа ч монголтойгоо холбоотой үйл ажиллаагаанд оролцоод явдаг. 2022 онд Мандах бүртгэл их сургуульдаа нэг семистр хичээл заасан. Аль боломжоороо хичээл заах сонирхол бий. Энэ жилийн хувьд ажил их, дээр нь өсвөр насны тамирчин охиндоо анхаарлаа тавих гээд арай амжихгүй л байна даа.
-Хүүхдүүддээ Монголынхоо  ахуй соёлыг хэрхэн таниулж байна вэ?
-Би хоёр охинтой. Том охин маань 20-той, одоогоор UCLA-ийн их сургуулийн оюутан, ирэх жил сургуулиаа төгсөнө. Том охин өнгөрсөн зун Монголдоо очиж дадлагаа хийсэн. Шинжлэх ухааны академи дээр очиж зунжингаа дадлага хийсэн. Охинд маань эх орон нь маш их таалагдаж байна. Бага охин 14 настай. Гиннастикийн мэргэжлийн тамирчин. Маш шахуу бэлтгэл сургуулилттай байдаг болохоор тэр бүр Монгол руу явж чадахгүй байгаа. Энэ сарын сүүлээр Узбекстан улсад болж байгаа Азийн аварга шалгаруулах спортын гимнастикийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод, цаашлаад Монголдоо очиж амраад ирнэ.
-Төгсгөлд нь та Америкт ажилд орж, амьдрахаар төлөвлөж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хэнд ажиллах вэ гэдгээ маш сайн бодож, сонгох нь чухал. Зарим хүний карьерын ахиц дэвшил нь удирдаж байгаа хүнээсээ маш их шалтгаалдаг. Миний хувьд олон дарга, менежертэй ажиллаж байсан. Тэр хүмүүсийн удирдах арга барил сайн байсан учраас миний ур чадвар давхар сайжирч, хурдан албан тушаал ахиж байсан. Сайн чадвартай даргаас шууд удирдлаган доор нь их юм сурна гэсэн үг. Мэдээж өөрөө удирдах албан тушаалд очвол бусдадаа өгөөжтэй хүн байхыг хичээх хэрэгтэй. Ямар ч ажилд уян хатан, итгэх чадвараа сайжруулж, хүн хоорондын харилцаагаа сайн ахиулах хэрэгтэй.
Мэргэжлийн ур чадвараас гадна бусадтай ойлголцож, ярилцаж чаддаг байх нь бас чухал. Өөрийгөө бусдад ойлгуулах, хүсэл сонирхол, хобби, дуртай спорт чинь хүртэл хүн хоорондын харилцааны гүүр болж байдгийг санаарай.
Жишээ нь, би шатар, теннис тоглодог. Энэ талаараа ажлынхаа бусад сонирхол нэгтэй хүмүүстэй сэдэв нийлж ярилцаж, тэдэнд өөрийгөө ажлаас өөр талаас таниулах боломж, давуу тал болдог.
-Ярилцсанд баярлалаа. 
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн