Open iToim app
Нам, эвсэл | 3 мин уншина

11 тойрог: Н.Алтанхуяг VS П.Сайнзориг

11 тойрог: Н.Алтанхуяг VS П.Сайнзориг
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 23
Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа билээ. Одоо СЕХ болон бусад холбогдох байгууллагууд нэр дэвшигчдийг хуульд заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг нягталж буй.
Нийслэлийн тойргуудаас УИХ-ын сонгуулийн 11 тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт намууд нэлээд сэлгээ хийж, шинэ хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Сүүлийн хоёр УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт дандаа МАН ялж ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуульд МАН тус дүүрэгт хуучуулаа биш, шинэ залуу боловсон хүчнээ илгээжээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга асан, одоо Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй П.Сайнзориг, Согинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд асан, АШУИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Батшугар нарыг сойв.
Харин АН-ын хувьд байнга тойрог сэлгэдгээрээ алдартай, архаг гишүүн Н.Алтанхуяг, комедиан Н.Амаржин, сэтгүүлч Ж.Отгонбаяр, АН-ын гишүүн Ц.Уянга, П.Галиндав нарыг нэр дэвшүүлэв.  
Дээрх нэр дэвшилтийг харвал тус дүүргийн гол өрсөлдөөн Н.Алтанхуяг, П.Сайнзориг нарын дунд өрнөж мэднэ. Архаг гишүүн архаг хуульчтай учраа таарна, энэ хоёр хүний дунд бодлогын өрсөлдөөн өрнөх магадлалтай юм.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2021 онд “Хувь хүн биш хууль засагладаг төртэй байх ёстой” гэж хэлж байсан. Энэ ч утгаараа сайн хуульч төр түшилцэх ёстой гэж нэг бус удаа хэлж байсны дагуу МАН сайн хуульчаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн бололтой.
П.Сайнзоригийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс нь эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшин ажилласан туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагч. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-д оруулж батлуулж байсан эрүү, иргэн, захиргааны бүх гол хуулиуд дээр ажилласан нэгэн. Тухайлбал, 2020-2022 он хүртэлх хугацаанд л гэхэд УИХ-аар 16 хууль хэлэлцүүлэн батлуулжээ. Түүнээс гадна УИХ-д 20 хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Хэлэлцэн батлуулснаас нь дурдвал Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байна. Энэ хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн нэр дэвшигч болж нэмээд зогсохгүй, дээрх хоёр субъектэд нэр дэвшиж байгаа этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлийг АТГ бүртгэж хангана гэж өөрчилсөн юм. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч СЕХ-нд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд л бүртгүүлдэг байлаа.
Хамгийн сүүлд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргын суудлаа өгөхөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Допингтой, допинггүй бөхчүүд мэдлэгтэй, мэдлэггүй хэдэн сэтгүүлчээр гэрэл цохиулж баахан шүүмжилсэн болохоос уг нь томоохон өөрчлөлт орсон хууль. Үндэсний бөхийн цолуудыг эцэслэн шийдэж, улмаар хэд давбал ямар цол авахыг, аймаг, сумын наадам, бүх цэргийн наадам зэргийг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаас гадна, допингтой тэмцсэн хэд, хэдэн заалт оруулахыг эрмэлзэж байсан юм. Хэлэлцүүлгийн явцад бүдүүн дарга нар шинэчлэлээс бэргэн зарим заалтыг хасаад хаясан болохоос хэргэж бол монгол бөх, хурдан морь допингод бүдрэхгүй л байсан байх.
П.Сайнзориг 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Зууны мэдээ сонинд “Хуулийг хэрэгжүүлэхгүй бол реформ цаасан дээр үлдэнэ” гэсэн гарчиг ярицлага өгсөн байдаг. Угтаа хууль, эрх зүйн шинэчлэлийг бодит болгохын тулд төрийн алба хаагчид хуулиа мэддэг байх ёстойг, иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхийн тулд сургалт, мэдээллийг тогтмолжуулах ёстойг, төрийн мэдээллийг ил болгохын тулд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг сахин мөрдүүлэх учиртайг, хуулиар  эдийн засгийг боомилдог бус дэмжих ёстойг л товчоор хэлсэн байна.
Н.Алтанхуяг гишүүний хувьд 1996, 2008 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, гишүүн болж байсан. Гэвч тэрээр гишүүнээр сонгогдоод дүүргээ мартдаг, тойргоо  сольдог сул талтай. 2012 оны сонгуульд тэрээр намын жагсаалтаар гишүүн болсон бол 2020 оны сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшин гишүүн болсон. Харин 2024 оны сонгуульд тав удаагаа гишүүн болохоор дахин Сонгинохайрхан дүүргээ бараадав. Тэрээр “Би Согинохайрхан дүүрэгт дөнгөж их сургуулийн багш болоод амьдрахаар очиж байлаа. Тэнд хоёр өрөө байртай байсан, дараа нь гурван өрөө болгосон ээлтэй дүүрэг” гэж хэвлэлд ярьснаас нь харвал түүний амьдралд нэлээд ээлтэй дүүрэг бололтой.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн