Дэлхий | 4 мин уншина

Intellinews: Төв Азийн толгодуудад XXI зууны "алт" бий

Intellinews: Төв Азийн толгодуудад XXI зууны "алт" бий
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 21
Тажикистан, Киргиз хоёр бол Төв Азийн хамгийн ядуу хоёр орон боловч тэдний ууланд дэлхийн хамгийн баян орнуудын хүсдэг зүйл бий. Ухаалаг утас, компьютерээс эхлээд нарны эрчим хүчний эсүүд, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгсэл (EV) болон эрчим хүч хадгалах систем зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн, түүнд орох түүхий эд хэрэгслүүд бий. Киргизстан, Тажикистан улс эрэлт хэрэгцээтэй олон ашигт малтмалын харьцангуй хөндөгдөөгүй ордуудтай. Асар их боломж хоёр улсыг хүлээж байгаа ч газар дээрх баялгаа болон алс холын зах зээлд гаргахын тулд гадаадын тусламж хэрэгтэй болно.
Газар доор юу байгаа вэ
Тажикистан улс Менделеевийн үелэх систем дэх бүх элементийн ордтой ч одоогоор Европын холбооны жагсаалтад орсон 34 чухал түүхий эд  онцгой анхаарал татаж байна. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон  тус улсад нэгдүгээр сарын 22-нд айлчилсан Катарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хандан хэлэхдээ, тус улсад хөнгөн цагааны үйлдвэр болон литийн ордууд байдаг тул цахилгаан машин үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой газар гэдгийг онцолжээ.
Түүнчлэн “Тажикистан улсад зэс, мөнгө, алт, хар тугалга, лити, сурьма, никель, вольфрам, ванади болон бусад ховор ашигт малтмалын 800 гаруй ашигт малтмал, ховор, үнэт металлын орд бий” гэдгийг дуулгав. Тэд бериллий, рубидий, цезий, титан, тантал, галли, индий, актини, радий, зэргийг чухал ашигт малтмалын жагсаалтад нэмж оруулах боломжтой хэмээсэн. Рахмоны мэдэгдлээс долоо хоногийн дараа Тажикистаны Засгийн газрын геологийн хэлтсийн дарга Илхом Оймухаммадзода Тажикстанд сум болон хагас дамжуулагч төхөөрөмж, батерей үйлдвэрлэхэд ашигладаг их хэмжээний сурьмагийн нөөцтэй талаар мэдээлсэн.
 Киргиз улс нь алт олборлох үйлдвэрээрээ алдартай ч сурьма, манган, ванади, вольфрам, бериллий, висмут, лити, тантал, ниоби, газрын ховор элементийн ордуудтай. Гэвч гадаадын уул уурхайн компаниуд Киргизэд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Канадын Сентерра Гоулд компани (өмнө нь Камеко гэж нэрлэдэг байсан) Киргизийн зүүн хойд хэсэгт орших Кумторын алтны томоохон уурхайг 2021 онд эрх баригчид гадны удирдлагад шилжүүлж, эцэст нь Канадын компаниас бүрэн хяналтаа авах хүртэл 30 орчим жил ажилласан. 2020 оны сүүлээр засгийн эрхэнд гарсан одоогийн Ерөнхийлөгч Садыр Жапаров 2012 онд эсэргүүцлийн жагсаалын үеэр Кумторыг үндэсний болгохыг уриалж байсан. Мөн нутгийн оршин суугчид байгаль орчныг сүйтгэж байна гэсэн гомдлын дагуу Киргизийн хэд хэдэн бүс нутагт Хятадын уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа түр эсвэл бүрмөсөн зогсооход хүрсэн тохиолдол ч бас бий. Гэсэн хэдий ч Киргизийн Кумтор болон бусад алтны уурхайнууд олон арван жил олборлосны эцэст арилжааны бүтээмж нь дуусах дөхөж байна. Тиймээс орлогын шинэ эх үүсвэр хэрэгтэй болно. Киргизийн парламент хоёрдугаар сарын 8-нд газрын хэвлийн ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Нэмэлт өөрчлөлтөөр “Том, дунд хэмжээний ашигт малтмалын ордын геологийн судалгаанд тавих төрийн хяналтыг чангатгана” хэмээжээ. Ерөнхийлөгч Жапаров “Бүгд Найрамдах Киргиз улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор полиметалл ба газрын ховор элемент олборлох үндэсний төслийг хэрэгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг  мөн зурсан.
Ураны үнэ 2023 онд нэг фунт нь дунджаар 40 орчим ам.доллар байсан ч нийлүүлэлтийн хомсдолд орсны улмаас үнэ 2024 оны эхний долоо хоногт ойролцоогоор 100 доллар хүртэл өссөн байна. Энэ үнийн өсөлт нь Жапаров хоёрдугаар сарын 20-нд Киргизийн зүүн хойд хэсэгт орших Кызыл-Омполын ураны уурхайн ойролцоох газарт очиж, Засгийн газар олборлолтоо дахин эхлүүлж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой байх магадлалтай.
Уралдаан үргэлжилж байна
C5+1 нь Төв Азийн таван улс болон АНУ-ын нэгдэл бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Төв Азийн удирдагчидтай уулзахдаа Америк газрын ховрын элемент  сонирхож буйгаа илэрхийлсэн. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд Төв Азийн бүс нутгийг дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд оролцуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийг ахиулах, мөн Төв Азийн өвөрмөц экосистемийг хамгаалах  сонирхолтой байгаагаа дурджээ. Нэгдүгээр сарын 29-30-нд Европын холбоо ЕХ-Төв Азийн тээврийн холболтын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Европын холбоо Төв Азийн хамтын ажиллагаанд зориулж газрын ховор элемент  олборлох, экспортлох хамтын ажиллагааг багтаасан 10 тэрбум еврогийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцуулсан. Орос сүүлийн үед Тажикистантай уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Рахмон Москвад айлчлахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Оросын компаниуд Тажикистаны түншүүдтэй уран, түүнчлэн газрын ховор, ховор металл, тэр дундаа литийн хамтарсан геологи хайгуул, олборлолт хийх сонирхолтой байна” гэж хэлсэн.
Хятад улс 10 гаруй жилийн турш Төв Азид чухал түүхий эд  хайж байна. 2016 оны арванхоёрдугаар сард гарсан нийтлэлд Хятадын геологичид Тажикистан-Хятадын хилээс баруун тийш урагшилж, Тажикистаны зүүн хэсгийн Горно-Бадахшан Өөртөө Засах мужийн өндөр уулс дахь ашигт малтмалын талбайг хайж, бүртгэж байгаа тухай мэдээлсэн байна. Уг тайланд Хятадын геологичид зургаан жил орчим ажиллаж байгаа бөгөөд Тажикистаны геологичидтой хамтран  47-оос доошгүй ашигт малтмалын ордыг илрүүлж, зураглал хийсэн гэжээ.
Гэсэн хэдий ч Киргизийн ард түмэн Хятадын уул уурхайн компаниудад тааламжгүй нь Хятадын хувьд томоохон дутагдал юм. Нэмж дурдахад Киргизстан Хятадын Эксим банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй байгаа бөгөөд энэ нь Киргизийн нийт гадаад өрийн 43 хувьтай тэнцэж байгаа бөгөөд Бишкек зүүн хөршөөс дахин зээл авахыг хүсэхгүй байж магадгүй юм.
Эх сурвалж: Intellinews
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн