Спорт | 4 мин уншина

А.Ананд багийн лидер ч тэр багаа олимпын эрхгүй болгов

А.Ананд багийн лидер ч тэр багаа олимпын эрхгүй болгов
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 20
Ердөө хоёр сарын дараа Францын нийслэл Парисын хотод хөшгөө нээх хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXIII наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох цуврал тэмцээнүүд албан ёсоор өндөрлөлөө.
Хамгийн сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг эрхээ авлаа. Ингэснээр Парисын талбайд өрсөлдөх шилдэг найман багийн нэр албан ёсоор тодров. Сүүлийн боломжоо эрэлхийлсэн дэлхийн шилдэг багууд Унгарт бүхнээ шавхаж, эцсээ үзэв. Тэдний нэг нь Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд үнэхээр алдах юм байсангүй. Тэд дэлхийн шилдгүүдтэй тун сайн үзсэн. Нэг хожиж, хоёр хожигдсон. Эрхээ авч чадаагүй ч тэд олимпын талбарт өрсөлдөж үзсэн. Харин эрэгтэйчүүд олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг энэ жил хүртэхийг зорьж байлаа. Зорилгоо биелүүлэхэд ганцхан алхам дутав. Багийн спорт бол багийнх л байдаг гэдгийг манай шигшээ баг энэ тэмцээнээс бүрэн ойлгосон биз. Уг нь Монголын шигшээ баг асуудалгүй олимпын эрхээ халааслахаар байлаа. Гэвч нэг хүний хийсэн болчимгүй үйлдэл, уур, сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүй жижигхэн алдаа Монголын шигшээгийн дөрвөн жилийн хөдөлмөрийг талаар болгов. Монголын эрэгтэй шигшээ баг хэсэгтээ дийлдсэнгүй. Ингэхдээ бүр эхлээд хатуу тоглолттой, хүчирхэг өрсөлдөгч Польшийг, дараа нь Тибо Вервур, Деннис Донкор зэрэг шилдгүүдтэй Бельгийг, эцэст нь хоёр ч тэмцээн дараалан хожигдоод байсан Японоосоо хариугаа авснаар хэсгээсээ нэг ч хожигдолгүй гарч ирсэн. Ингээд хасагдах шатанд Израильтай учраа таарлаа. Хэдий энэ тоглолтод Монголын шигшээ баг хожсон ч тус хожил дэндүү өндөр үнэтэй басхүү хатуухан сургамжтай ирсэн. Тоглолтын хэмнэл бүхэлдээ Монголын талд эргэчихсэн, 12:9 гэсэн онооны илүүтэй явж байх үед А.Ананд эсрэг багийн өгөөшийг үмхсин хэрэг. Израилын 25 дугаарай тамирчин А.Ананд дээр алдаа хийж, түүнийг шатаах гэж оролдсон. Харамсалтай нь, А.Ананд өөрийгөө барьж дийлэлгүй, өрсөлдөгчөө мөргөж унагах нь тэр. Энэ бол сэтгэл зүй дутсаных. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадаагүйн том жишээ. Шүүгчид бичлэг ухрааж үзээд хоёр тамирчинд харилцан техникийн алдаа үлээсэн ч А.Анандыг талбайгаас хөөсөн. Ийнхүү гурвуулаа үлдсэн Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар нягт нямбай тоглож, Израилыг буулган авч, хагас шигшээд шалгарсан.
Бүгд л А.Анандыг дараагийн тоглолтуудад оролцоно гэж бодсон ч зохион байгуулагчдын зүгээс А.Анандын тэмцээний турш тоглох эрхийг нь хассан шийдвэр гаргалаа. Энэ нь манай багийнханд том цохилт болов. Үлдсэн хоёр тоглолтдоо хүн дутуу тоглох нь нэгэнт тодорхой болсон. Францыг монголчууд хожиж байсан учраас хоёр хожиход огт асуудал байхгүй. Тийм боломж хангалттай байлаа. Харамсалтай нь, дөрөв дэх тоглогч ямар их хэрэгтэй вэ гэдгийг энэ тоглолт бидэнд харуулсан. Хүн дутуу ч Дебрецен хотод чуулсан монголчуудынхаа ачаар хүн илүү мэт тоглож, тоглолтын төгсгөлд 19:15-аар тэргүүлсэн. Ердөө хоёрхон оноо авахад л олимпийн эрх авах байлаа. Гэвч сүүлийн хоромд хожигдох нь тэр. Өнөөх л хүн дутуугийн гай. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар бүх чадлаараа хамгаалсан ч үнэндээ ядарсан нь илт байв. Тэгвэл дөрөв дэх тоглогч байсан бол уг тоглолт аль хэдийнэ дуусах ёстой байсан юм. 10 минутын турш өндөр хэмнэлтэй тоглоно гэдэг амар биш. Эцсийн мөчид зургаан оноо дараалан алдсанаар хожигдох нь тэр.
Гэвч манайханд боломж үлдсэн. Сүүлийн эрхийн төлөө Польшийг хожих даалгавартай нүүр туллаа. Хэсгийн тоглолтод таарахдаа буулган авсан ч энэ удаа хүн дутуу гэдэг манай багийн хамгийн том асуудал байв. 3х3 сагсан бөмбөгт хүн дутуу атлаа хоёр дараалан бараг амралтгүй шахам тоглоно гэдэг шандас сорьсон ажил. Гэхдээ олимпын эрх нүдэнд харагдаж, гарт баригдах дөхсөн үед ядралт бол юу ч биш. Польшийн эсрэг тоглолтын эхнээс л онооны тэргүүллийг авч, чансаа илүү баг гэдгээ харуулсан, мэдрүүлсэн. Бүтэн тоглолтын турш Монголын шигшээ оноо илүү явсан ч төгсгөлд Польшийн шигшээ оноог тэнцүүллээ. Ингээд нэмэлт цагийн эхний довтолгоог Польшийн шигшээ хийж, Замойски ямар ч эргэлзээгүй алсын зайн шидэлтийг гүйцэтгэж, амжилттай болголоо. Тус тоглолтыг үзсэн монгол хүн бүрийн зүрхийг зүссэн, харуусал, гомдлыг тээсэн шидэлт байсан.
Үзэгчдийн суудал дунд А.Ананд үнэхээр харууссан, өөрийгөө зүхэж буй зураг камерт өртөв. Түүний ганцхан удаагийн болчимгүй үйлдэл олимпын эрхийн үнэтэй байлаа. А.Ананд энэ тэмцээний турш ямар гайхалтай байсныг дэлхий даяараа харсан, биширсэн. Гэвч хамгийн хэрэгтэй үед багтайгаа хамт талбайд байж чадсангүй. Бүр багаа "хөөдөж" орхив.
Дөрвөн жилийн дараа 3х3-ын хөгжил тэс өөр түвшинд очсон байна. Олимпын эрхийн өрсөлдөөн улам ширүүн болно гэдэг нь маргаангүй үнэн. Магадгүй бид тэр үед дахиад л олимпын эрхийн тухай яриад өнгөрч мэднэ. А.Ананд, О.Энхбаатар нарт дахин олимпын эрхийн төлөө өрсөлдөх, бүр олимпод ч орох боломж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэр үеийн нөхцөл байдал одоогийнхоос тэс өөр гэдгийг санахад илүүдэхгүй биз.
Ер нь тамирчин хүн тэмцээний талбарт уураа, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл гээд бүх зүйлээ барьж чаддаг байх ёстой. Ингэж чадвал амжилтад хүрнэ. Энэ бол Монголын дээд лиг биш. Энэ бол 3х3-ын улирлын цуврал тоглолт биш. Энэ бол тив, дэлхийн аварга биш. Харин тамирчин хүн бүрийн мөрөөдөл болсон олимпод өрсөлдөх, үгүйг шийдэх онцгой тоглолт тэмцээн байлаа. Маш харамсалтай.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэйчүүдээс Серби, АНУ, Хятад, Латви, Нидерланд, Франц, Литва, Польш, эмэгтэйчүүдээс Франц, Хятад, АНУ, Азербайжан, Австрали, Герман, Испани, Канадын баг олимпын эрхээ авлаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн