Дементиа, эпилепси, сэтгэл гутрал зэрэг эмгэг дэлхий даяар цаг уур халах тусам тархаж, хүндэрч болзошгүй аж. Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судлаачид хэт халуун, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгууд нь мэдрэлийн өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүдэд хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхийн тулд судалгаа хийжээ. Тэд хүрээлэн буй орчны хүчин зүйл нь өвчний тархалтад нөлөөлөөд зогсохгүй эмнэлэгт хэвтэх цаашлаад нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, ялангуяа халдварт болон амьсгалын замын өвчинд үзүүлэх нөлөөг илүү судалсан байна. Гэхдээ мэдрэлийн эрүүл мэндэд мөн ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан байна.
“UCL Queen Square” мэдрэлийн хүрээлэнгийн профессор Санжай Сисодия "Мэдрэлийн өвчтэй хэн нэгнийг ер бусын халуунд оруулбал энэ нь тэдний мэдрэлийн өвчнийг хэрхэн улам дордуулж болохыг харж болно. Мэдрэлийн эмгэгийг өндөр температуртай холбодог механизмыг нарийвчлан судлах шаардлагатай” гэжээ.
Судлаачид шинэ судалгааныхаа хүрээнд Альцгеймер болон бусад төрлийн сэтгэцийн хомсдол, мигрень, цус харвалт, олон склероз, менингит зэрэг өвчний хамгийн өндөр ачаалалтай 19 мэдрэлийн эмгэгийн хүрээлэн буй орчны нөлөөллийн талаархи 332 тайланг хянаж үзсэн байна. Түүнчлэн хэт хүйтэн нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийн тохиолдол, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл нь орчны температурын өсөлттэй хамгийн хүчтэй холбоотой байна.
Шинэ судалгаанд хамрагдсан нэг тайланд 2010-2019 оны хооронд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой яаралтай тусламж үзүүлэх тохиолдол хэт халсан өдрүүдэд нэмэгдэж байжээ. Шуурга, ой хээрийн түймэр зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь сэтгэлийн түгшүүр, гэмтлийн дараах стресс, сэтгэл гутрал, амиа хорлох бодлуудын хурц тохиолдлуудыг өдөөж болно. Профессор Сисодия, Доктор Икиз нар цаг уурын өөрчлөлт нь хувь хүмүүс болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд, ялангуяа ядуу буурай орнуудад үзүүлэх эдийн засгийн хохирлыг бууруулахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэв. Профессор Сисодия "Бид чулуужсан түлш шатаахаа больж, агаарт ялгаруулалтыг зогсоох хэрэгтэй" хэмээжээ.