Уул уурхайн салбарын нөлөөг бид олонтаа ярьдаг. Гэхдээ олон улстай харьцуулж үзэх нь бид хаана, ямар түвшинд байгаагаа мэдэх нь гол түлхүүр. Монгол Улсаас хөгжлийн түвшингээр ялгаатай боловч ижил төстэй эдийн засгийн бүтэцтэй байсан, экспортын бүтэц ойролцоо, байгалийн баялагтай Чили, Ботсвана (далайд гарцгүй, цөөн хүн амтай) улсууд болон бүс нутгийн хувьд ойролцоо орших Казахстан, зүүн өмнөд Азийн Малайз улстай ерөнхий үзүүлэлтүүдийг харьцуулав.
Чили ба уул уурхай: Улсуудын нэг хүнд ногдох орлогыг 1960 оноос хойш харвал энэ нь түүхэн үйл явдлуудын үр дүн гэдгийг харах боломжтой. Тухайлбал Чили нь 1964 онд шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, реформ хийх гэж оролдсон ч төдийлөн амжилтад хүрээгүй. 1980-д оноос хойш улс төрийн хувьд харьцангуй тогтвортой, зах зээлд нээлттэй болсноор орлогын огцом өсөлтүүд бий болсон. Үндсэндээ өсөлтийн гол нөлөө нь уул уурхайн салбар тэр дундаа зэсийн салбар байсан.
Казахстан ба уул уурхай: 2000 оноос хойш нэг хүнд ногдох орлого хурдацтай өссөн нь мөн л уурхайтай холбоотой. Казахстаны экспортын 57 хувийг газрын тос бүрдүүлдэг. 2000-д оны эхээр газрын тосны үнийн огцом өсөлттэй холбоотой эдийн засаг нь тэлж, нэг хүнд ногдох ДНБ нь огцом өссөн.
Ботсвана ба уул уурхай: Нэг хүнд ногдох ДНБ -г өнгөрсөн хугацаанд хоёр дахин өсгөж чаджээ. Мэдээж гол нууц нь уул уурхайн салбар тэр дундаа алмаазыг экспортод гаргаж чадсан явдал. Тус улсын экспортын 90 орчим хувийг алмааз бүрдүүлдэг.