Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын жагсаалтыг лидер улстөрчид тэргүүлж, нийгмийн төлөөлөл хоёрт эрэмбэлэгдэнэ

МАН-ын жагсаалтыг лидер улстөрчид тэргүүлж, нийгмийн төлөөлөл хоёрт эрэмбэлэгдэнэ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 14
Нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Ирэх даваа гаригт нам, эвслүүдийн нэр дэвшигчид албан ёсоор тодорхой болох бөгөөд хэнийг тойрогт, ямар хүмүүсийг жагсаалтад хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулиар нам, эвслүүд тойргоос 78, жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд тойрогт дэвшүүлэх хүмүүсийн нэр ерөнхийдөө яригдаж байгаа бол жагсаалтад ямар хүмүүсийг оруулах нь хаалттай хэвээр байгаа юм. Ямартай ч намын дарга нар жагсаалтаа ахална гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, парламентад суудалтай гурван улс төрийн хүчин болох МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар намын жагсаалтаа тэргүүлнэ.
Эрх баригч намын тухайд жагсаалтын 48 нэр дэвшигчээ гурван үндсэн хэсэгт хуваах аж. Нэгд, намын лидерүүд, хоёрт нийгмийн төлөөлөл, гуравт, намын ирээдүй болсон залуусаа оруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ жагсаалтад оруулахгүй гэдгийг хэлсэн. Тиймээс намын лидер гэдэг ангилалд ямар улстөрчдийг багтаан жагсаалтад оруулах нь тодорхой бус байгаа юм. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарыг жагсаалтад оруулна гэсэн албан бус мэдээлэл байгаа.
АН-ын хувьд ч жагсаалтад мөн л нийгмийн төлөөлөл болон нэр цэвэр, залуу улстөрчдөө оруулах бодлого барих бөгөөд одоогийн гишүүдээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүмүүсийг тойрогт нэр дэвшүүлэх бодлого барих аж. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нарыг жагсаалтад оруулна гэсэн мэдээлэл бий.
Гэхдээ нам, эвслүүд жагсаалтын 48 нэр дэвшигчийн эхэнд намын лидер гэсэн улстөрчдийг оруулвал жагсаалтын хойшоо бичигдсэн нийгмийн төлөөлөл болон залуу улстөрчид сонгогдох магадлал бага. Учир нь сонгогчдын саналыг хувьчилж, намуудад суудал хуваарилна. Өөрөөр хэлбэл, нам нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авснаас шалтгаалж жагсаалтын нэр дэвшигчдэд суудал хуваарилах юм. Тиймээс жагсаалтын эхэнд нийгмийн төлөөлөл болон залуу улстөрчдөө эрэмбэлж байж нийгмийн эдгээр төлөөлөл хууль тогтоох байгууллагад оролцох боломжийг хангах юм. Мөн энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд жагсаалтаар нэр дэвшигчид намдаа сонгуулийн сурталчилгааны мөнгөө өгч, нам нь нэгдсэн байдлаар сурталчилгаа хийнэ гэж заасан. Гэхдээ хуулийн энэ заалт нь намын жагсаалтыг өндөр үнээр худалдаж авах эрсдэлийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмч, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн төлөөлөл болон залуу улстөрчид намдаа мөнгө өгч жагсаалтад орох боломжгүй. Харин улс төрд олон жил явсан улстөрчид их хэмжээний мөнгөөр жагсаалтын урдуур эрэмбэлэх магадлалтай байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн