Систем: Томсгосон мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,085,129
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 8 нам 2 эвсэл Бие даагч-18
Үр дүн: МАН-70, АН-4, Монголын Социал Демократ Нам-1, Бие даагч-1
Дүгнэлт: Шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан дэглэмтэй улс болсноос хойших анхны сонгууль гэдгээрээ 1992 оны УИХ-ын сонгууль ихээхэн ач холбогдолтой. Тус сонгууль мажоритар тогтолцоогоор явагдсан бөгөөд түүхэн дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон. Энэхүү сонгуулиар МАХН (МАН) үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд 1992-2020 оны хооронд нийт 6 удаа ялалт байгуулжээ.
Систем: Жижигсгэсэн мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,147,260
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 5 нам, 2 эвсэл, Бие даагч-35
Үр дүн: АН-50, МАН-25, Бие даагч-1
Дүгнэлт: Өмнөх сонгуулиас ялгаатай нь 1996 оны сонгууль жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор буюу 1 тойрогт 1 мандат гэх системээр явагдав. Энэ нь цаашид 2000, 2004 оны сонгууль хүртэл үргэлжилсэн. Тухайн сонгуулийн гол онцлог нь Монгол Улс анх удаа сонгуулийн зарчмаар, нэг намаас нөгөөд тайван замаар шилжсэнд оршино. Мөн энэхүү сонгуулиар бие даан нэр дэвшигчдийн тоо эрс нэмэгдсэн нь харагдаж байна.
Систем: Жижигсгэсэн мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,247,033
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 13 нам 3 эвсэл Бие даагч-27
Үр дүн: МАН-72, АН-1, ИЗНН-1, Эх орон-МАШСН-1, Бие даагч-1
Дүгнэлт: Өмнөх сонгуульд АН ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлсэн ч 2000 оны сонгуульд МАХН дахин дийлэнх олонхын суудлыг авчээ. Ардчилсан хүчний ялагдсан гол шалтгаан нь дотоод эв нэгдлийн асуудал байсан ба мөн МАХН-тай харьцуулахад улс төрийн туршлага дутмаг байсантай холбоотой.
Систем: Жижигсгэсэн мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,279,516
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 7 нам, 1 эвсэл Бие даагч-15
Үр дүн: МАН-37, АН-35, БНН-1, Бие даагч-3
Дүгнэлт: Өмнөх алдаагаа зассан ардчилсан хүчнийхэн дахин чанаржиж, хоёр хүчний суудлын тоо ойртсоноор Монгол Улс анх удаа “Эвслийн Засгийн газар” байгуулсан. Гэвч 2004 оны сонгуулийн тооллогын үеэр тог тасарч, зарим тойргийн дүн шийдэгдэхгүй удсаар дараа жилийнхээ нүүрийг үзсэн гэдэг. Энэ сонгуулиар ихээхэн хэмжээний санал гээгдсэн, хуурамч үр дүн гарсан гэж ардчилсан хүчнийхэн үздэг.
Систем: Томсгосон мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,542,617
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам, 1 эвсэл Бие даагч-45
Үр дүн: МАН-45, АН-28, ИЗНН-1, Иргэний эвсэл-1, Бие даагч-1
Дүгнэлт: 2008 оны сонгуулийн дараа “сонгуулийн луйвар”-ын асуудал хурцдаж, үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд Сүхбаатарын талбайд жагсаж эхлэв. Бухимдсан иргэд МАХН-ын төв байрны гадаа цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь даамжирч цагдаа-иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн. Энэхүү тэмцлийн үеэр дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөн нас барсан эмгэнэлт үйл явдал болсон билээ.
Систем: Холимог (мажоритар+пропорциональ)
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,840,824
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 11 нам 2 эвсэл Бие даагч-26
Үр дүн: АН-34, МАН-26, Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, Бие даагч-3
Дүгнэлт: 2008 оны эмгэнэлт явдлаас сургамж авч, сонгуулийг анх удаа холимог тогтолцоотойгоор явуулсан. Энэ сонгуулиар УИХ-ын 76 гишүүний 48-ыг томсгосон мажоритар хэлбэрээр, 28-ыг пропорциональ хэлбэрээр сонгожээ. Улмаар жижиг намуудын оролцоо нэмэгдэж, бие даан нэр дэвшигчдийн тоо эргээд өссөн үзүүлэлттэй байна. Мөн үр дүнгээс харвал жижиг намаас эсвэл бие даан нэр дэвшиж ялсан гишүүдийн тоо бусад оныхоос өндөр байжээ.
Систем: Томсгосон мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 1,911,047
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам 3 эвсэл Бие даагч-69
Үр дүн: МАН-65, АН-9, МАХН-1, БДНД-1, Бие даагч-1
Дүгнэлт: 2016 оны сонгуулийн өмнөхөн хуульд өөрчлөлт орж, холимог тогтолцооноос мажоритар тогтолцоо руу дахин шилжив. Мөн тухайн жилийн сонгуулиар МАН нийт сонгогчдын 46.5%-ийн санал авсан нь бага боловч мажоритар тогтолцооны дагуу дийлэнх суудлыг авсан байна. Сонгогчдын улс төрийн үзэлд ч багагүй өөрчлөлт оров. Тухайлбал, 2018 оны Сант Марал сангаас гаргасан санал асуулгын дүнгээс харахад 1998 онд нийт оролцогчдын 93.6% нь “хамгийн шилдэг” гэж үзсэн нэг намыг нэрлэж байсан бол 2016 онд зөвхөн 36.9% нь нэг улс төрийн намд “илүү ханддаг” гэж хариулж байжээ.
Систем: Томсгосон мажоритар
Бүртгэлтэй сонгогчдын тоо: 2,003,969
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 15 нам, 4 эвсэл, Бие даагч-121
Үр дүн: МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат-1, Бие даагч-1
Дүгнэлт: 2020 оны сонгууль нь түүхэн дэх хамгийн өндөр зардалтай буюу 67.2 тэрбумыг зарцуулсан сонгууль болсон юм. Энэ нь өмнөх сонгуулиас 32.8 тэрбум төгрөгөөр их байна. Сонгуульд ялсан нэр дэвшигч бусад нэр дэвшигчээсээ дунджаар 3.6 дахин их мөнгө зарцуулжээ. Түүнчлэн нам доторх өрсөлдөөн нь ийнхүү зардал нэмэгдэх шалтгаан болж байна.
Харин энэ удаагийн сонгуулийн хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр УИХ 126 гишүүний бүрэлдэхүүнтэй болох ба ингэхдээ 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгоно гэдгээрээ онцлогтой.
Түүнчлэн 23 нам, 2 эвсэл, 77 бие даан нэр дэвшигч оролцож буйгаараа түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй сонгууль болох юм. Иймд 2024 оны парламентын сонгууль өмнөх онуудын алдааг давтахгүй, ардчилсан сонгуулийн зарчимд нийцсэн сонгууль болно гэж найдаж байна.