Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа.
Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийг харгалзан үзэж гаргадаг эл тайлан 12 дахь жилдээ тасралтгүй танилцуулагдаж байгаа юм. Уг тайлангийн ерөнхий үнэлгээгээр есөн жил тэргүүлж байсан Орхон аймаг дахин дэргүүлж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэргүүлсэн Дорноговь аймаг удаалжээ. Ингэхдээ хамгийн бага үнэлгээг Завхан, Говь-Алтай аймаг авсан байна.
Судлаач Б.Мөнгөнжигүүр: Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд эрэмбийн өөрчлөлтгүй буюу гурав, дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Дархан-Уул аймагт эрэмбийн өөрчлөлт гараагүй ч гэсэн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь есөн оноогоор өссөн. Үүнд нь институтийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, боловсрол, соёлын үзүүлэлт сайжирсан нь нөлөөлсөн.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр дөрөвт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбэ өөрчлөгдөөгүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 3.5 оноогоор буурсан. Үүнд институтийн тогтолцооны үзүүлэлт суларсан нь голлох нөлөөг үзүүлсэн.
Мөн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг тэргүүлсэн буюу эхэнд эрэмбэлэгдсэн таван аймаг өнгөрсөн оныхтой ижил гэж хэлж болно. Харин 21 аймаг дундаас Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг нь хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн. Эдгээр аймгийн хувьд бизнесийн үр ашиг сул байгаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь ерөнхий үнэлгээнээс гадна дөрвөн үндсэн бүлгийн эрэмбийг гаргадаг.
Танилцуулбал, Эдийн засгийн тамир тэнхээгээр нэгд Дорноговь, хоёрт Өмнөговь эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь хамгийн бага үнэлгээг авсан.
Засаглалын үр ашгаар Орхон тэргүүлсэн бол Дорноговь хоёрт орж, хамгийн сүүлд Завхан, Дундговь эрэмбэлэгдсэн.
Бизнесийн үр ашигт байдлаар Дархан-Уул аймаг нэгд, Орхон хоёрт орсон бол хамгийн бага үнэлгээг Булган, Говь-Алтай аймаг авсан.
Дэд бүтцийн хөгжлөөр Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт бичигдсэн. Харин Говь-Алтай, Архангай хамгийн бага үнэлгээг аваад байна.
Мөн нэг онцлох зүйл нь 21 аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн 2022 онд 65 байсан бол энэ онд 66.6 болж 1.6 оноогоор өссөн гэлээ.