Олон нийтийн анхаарал татаж буй стратегийн ордуудын нэг болох Цагаан суварга ордын хувь эзэмшил, төслийн хэрэгжилтийн талаарх “бодит” мэдээллийг дэлгэж байна.
“Монголын Алт” МАК компани 2014 онд Цагаан суварга ордын үйл ажиллагаа, үр ашгийг чухалчлан эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу ордын 34 хувьд нь төр хөрөнгө оруулан, хувь эзэмшлүүлэх хүсэлт тавьж байсан ч тухайн үеийн УИХ, Засгийн газар татгалзсан байна.
Учир нь Цагаан суварга ордын хувь эзэмшлийн асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Засгийн газрын 4 яамнаас (ХЗДХЯ,СЯ,ЭЗХЯ,УУЯ, АМГ-ын төлөөлөл) бүрдсэн ажлын хэсэг гарч, 5 сар гаруйн хугацаанд уг асуудлыг нарийвчлан судалж байжээ. Эдийн засгийн үр өгөөжид тулгуурласан ажлын хэсгийн дүгнэлтээр 34 хувьд буюу 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшихээс илүү татвар хураамж хэлбэрээр төслийн нийт өгөөжийн 58-60 хувийг хүртэх нь төрд илүү ашигтай гэж үзсэн бөгөөд уг асуудлыг УИХ хэлэлцэн баталсан байдаг.
Ийнхүү Эрдэнэтийн ордоос 7, Оюу толгойн ордоос 30 дахин бага нөөцтэй уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг үндэсний хөрөнгө оруулалтай компанид шилжүүлж, төр татвар, хураамж хэлбэрээр өгөөж хүртэхээр болсон юм.
Үүний дараа МАК компани Европын сэргээн босголт хөгжлийн банктай төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан эхний санхүүжилтээ аван ажлаа эхлүүлээд байв. Харин 2015 онд УИХ-ын дэд дарга Л.Цог иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 54-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг зөрчөөгүй болохыг баталгаажуулсан байдаг.
Харамсалтай нь төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллага, Үндсэн хуулийн цэцийн хянан шалгах ажиллагаа үргэлжлэх хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй болсноо мэдэгдсэн байна. Улмаар төсөл зогсонги байдалд шилжиж эдийн засгийн нөхцөл байдал, инфляцтай уялдан төслийн өртөг, зардал нэмэгджээ.
Тухайлбал 2014 онд төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум 31 сая ам.доллар байсан бол үүнээс хойш төсөл гацсантай холбоотойгоор төслийн хөрөнгө оруулалт даруй 300 гаруй сая ам.доллароор өсөж 1 тэрбум 330 сая ам.долларт хүрчээ.
Хэрэв 2014 онд гарсан шийдвэрийн дагуу Цагаан суварга ордын бүтээн байгуулалт эрчимжиж, төслийн санхүүжилт зогсоогүй байсан бол Цагаан суваргын орд 2020 онд ашиглалтад орж эдийн засагт дараах байдлаар үр өгөөжөө өгч эхлэх байлаа.
Тухайлбал МАК компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд:
Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар тусгасан талаар тус компанийн албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.

Төслийн бүтээн байгуулалтын явц

Төслийн бүтээн байгуулалтын явц
Түүнчлэн Цагаан суваргын ордоос олборлосон зэсийн баяжмалын борлуулалтын орлогыг Монголбанкаар шууд дамжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай байна. Цагаан суварга бол тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт бүхий мега төсөл. Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалт 50 гаруй хувьтай. Төслийн талбай дээр цутгалт, барилга угсралт, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт зэрэг бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа аж.
Гэхдээ стратегийн орд тойрсон улс төр нь Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг дахиад л гацааж мэдэх нь. Төр стратегийн ордын 34 ба түүнээс дээш хувийг нь үнэгүй авна, стратегийн ордод хөрөнгө оруулах хуулийн этгээдийн нийт хувь эзэмшил нь 34 хувиас хэтрэхгүй байх заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан зэрэг нь төслийг бүрмөсөн зогсоох эсвэл төсөл дахин удаашрах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна. Хэрвээ төр хувь эзэмшээд эхэлбэл дээр дурдсан шинэ ажлын байр бий болох, олон тэрбумын татвар хураамж төвлөрөх нь ч талаар болж мэднэ.
Уг нь Монгол улс “Үндэсний баялгийн сан”-тай болох нь зөв ч гуя дагаж хүзүү гэгчээр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилтийг удаашруулж ард иргэд баялгийн үр өгөөжөө бодитоор хүртэх боломжийг хязгаарлаж байна. Учир нь сонгууль угтсан эрх баригчдын шоу, төрийн түшээдийн мөнгө идэх бас нэг алхам гэж хардаж болох энэ хууль уул уурхайн төслүүдийг сонирхох гаднын хөрөнгө оруулагчдыг “үргээх” үндэс болохоор байна.
Ямар сайндаа л төртэйгээ тохиролцоод хөрөнгө оруулаад төслөө хэрэгжүүлээд явж буй үндэсний компаниас хувь дээрэмдэх шийдвэр гаргаж байх вэ дээ. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдын хувьд яав ч сайны дохио биш юм.
Ийнхүү 7 хүрэхгүй хоногт баталж орхисон Үндэсний баялгийн сангийн хууль болон түүнийг дагалдах хуулиуд Цагаан суваргын ордын төслийг дахиад л улс төржүүлж орхилоо. Ковид гэх аймшигт цар тахлаар Оюу толгойн мега төсөл эдийн засгийг нуруундаа үүрч, нүүр тахалж явсан цаг саяхан. Гэтэл эрх баригчдын балгаар эдийн засагт нэмэр болох бас нэгэн төсөл гацаж, Дорноговь аймгийн Мандах сумын иргэд төслийн үр ашгийг хэзээ хүртэх нь дахин тодорхойгүй болж байна.
Уг нь төр бизнест оролцолгүй бүтээн байгуулалтаа хийж, төсөл нь ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамаараад татвар хураамжаа цаг тухайд нь төлөхийг шаардаад сууж байх нь хамгийн үр өгөөжтэй, зөв шийдэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр бас сануулсаар..., Дэлхийн бусад улс орнууд өөрсдийн жишээгээр харуулсаар л байна.