Дуу хөгжимд дурлагсдын хуруу даран хүлээдэг Playtime Festival-2024 болоход ердөө хоёр сарын хугацаа үлджээ. Жил ирэх тусам өргөжиж буй тус фестиваль өнөө жил үндэсний 200 орчим, олон улсын 50 орчим уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгч, сонсогчидтойгоо уулзахаар болоод байгаа юм. Тэгвэл тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэл мэдээлэл, олон нийтэд зориулан хэвлэлийн бага хурлыг хийлээ.

Ц.Нацагдорж
"Playtime" фестивалийг санаачлагч, захирал Ц.Нацагдорж:
-Playtime Festival-2024 долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 22 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын тухайд олон нийтэд хүргэх дөрвөн санаа байна.
Нэгд, хөгжмийн фестивалийн ач холбогдол. Хүмүүс хөгжмийн фестивалийг шоу цэнгээн гэж ойлгодог. Гэтэл энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг байдаг. Тэр ч утгаараа Монгол Улс, Улаанбаатар хотынхоо эдийн засгийн өсөлтийг дэмждэг үйл ажиллагаа гэж хэлмээр байна.
Энэхүү фесиваль дээр ажлын байр бий болдог. Түүнчлэн, фестивалийг үзэх гэж гаднын жуулчид ирдэг байгаа. Мөн хөгжмийн фестиваль нь тухайн улс, хотын бренд, нүүр царай болдог. Хамгийн чухал нь хөгжмийн фестиваль тухайн улс орныхоо хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Энэ жил Playtime Festival-ийн үеэр өдөртөө 40 мянган үзэгч хүлээн авна гэж тооцож байна. Үүнээс 2000 нь зөвхөн "Playtime Festival-2024"-ийг үзэх гэж ирж байгаа гаднын жуулчид байх төлөвтэй байна.
Нийт 250 уран бүтээлч, 15 тайзанд өөрсдийн дуу хөгжмийг хүргэнэ. Үүнээс 50 хамтлаг уран бүтээлч нь 21 улсаас буюу гадаадаас ирэх гэж байна. Энэхүү фестивалийг зохион байгуулахад 200 гаруй ААН ажиллана. Нийтдээ 4000 гаруй ажлын байр бий болгох төлөвтэй байна. Ерөнхийдөө Playtime Festival болсноор Улаанбаатар хотын эдийн засагт 8-10 тэрбум төгрөгийн нэмүү өртгийг бий болгох төлөвтэй байна.
Мөн Playtime Festival нь Азийн тэргүүлэх фестивалийн нэг болсон. Playtime Festival-ийн хөгжмийн хөтөлбөр нь амьд хөгжим, электроник хөгжим хосолсон хөгжмийн хөтөлбөр байгаа. Тэр утгаараа Азидаа тэргүүлэх хөгжмийн хөтөлбөрүүдийн нэгээр тодорч байна.
Түүнчлэн, 2027 он гэхэд Playtime Festival өдөртөө 60 мянган үзэгч хүлээн авдаг болохоор ажиллаж байна.
"Playtime"-ийг зөвхөн хөгжмийн фестиваль гэж харж байж магадгүй. Гэхдээ "Playtime" бол тогтвортой хөгжлийг дэмжигч фестиваль. Тэр утгаараа бид шинээр зохион байгуулах талбай дээрээ мод тарих болно. Мөн бид нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Playtime Festival дээр бүх үзэгчид олон удаа хэрэглэх аягыг хэрэглээд эхэлсэн. Энэ жил бид 100 хувь энэ хэрэглээг нэвтрүүлнэ.

Д.Батсүх
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: Playtime Festival бол соёлын аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн. Жил ирэх тусам бид алдаа дутагдлаа багасгаж, оновчтой, ухаалаг, шинэлэг зүйлийг нэвтрүүлж байгаа. Тиймээс НЗДТ-аас онцгой ач холбогдол өгч дэмжиж ажилладаг. Хэдийгээр бидний дэмжлэг хүмүүсийн нүдэнд ил харагдахгүй ч маш олон зүйлийг хамтран зохион байгуулдаг. Жишээ дурдахад, НЗДТГ-аас ЦУГ, ТЦА, ОБЕГ болон хоол хүнсний аюулгүй байдал хангах бусад байгууллагуудтай хамтарч фестивальд оролцогчдын аюулгүй байдал, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хангах тал дээр ажилладаг гэв.
Ийнхүү түрүү оны бүрэлдэхүүнээс хоёр дахин томорсон Playtime 2024 болоход цөөн хоног үлджээ.
Хэрэв та яг ямар уран бүтээлчид ирж, сонор мялаах юм гэж бодож магадгүй. Тэгвэл Playtime 2024 оны headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагдууд болох Өвөрмонголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг. Орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour, Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид ирэх юм.