УИХ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж байна. Эдийн засагчид Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Үндэсний баялгийн сангийн хуульд анхаарах ёстой гурван асуудал байна
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
-Баялгийн санг Үндэсний баялгийн сан байдлаар зохицуулах гэж буй энэ хуулийг ийм хууль байх хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа гэдэг талаас нь дэмжиж байгаа. Мөн хуулийн үзэл баримтлалын хувьд баялгийг өнөө, ирээдүйд тэгш хуваарилах гэх мэт эерэг зүйлс бий. Зохицуулалтын хувь бас хэд хэдэн нааштай зүйлсийг тусгасан.
Нэгдүгээрт, баялгийн санг төрөлжүүлэх агуулга тусгагдсан. Энэ нь сангийн үйл ажиллагааг сайжруулахад эерэг нөлөөлөх боломжтой.
Хоёрдугаарт, сангуудыг нэгдмэл эрх зүйн орчноор хангаж байгаа нь сайн зүйл.
Гуравдугаарт, бэлэн мөнгө тараахгүйгээр баялгийн хуваарилалт хийхээр шийдэх гэж буй нь зөв. Өөрөөр хэлбэл, баялгийг тэгш шударга хуваарилах хуулийн үндсэн үзэл санааг дэмжиж байна. Гэхдээ анхаарах хоёр гурван зүйл бий. Энэ хуулиар өнөөдрийг хүртэл явж ирсэн сангуудын алдаа дутагдлыг засахыг зорих ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Гэтэл энэ хуульд баялгийн сангийн мөнгөн хөрөнгийн хуримтлал баталгаатай байх, зарцуулалтыг оновчтой байлгах баталгаа тусгагдаагүй. Төр удирдах зарчим хэвээр тул сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах, зарцуулалтыг оновчтой байх, хяналт, сахилга батын асуудал нь эргэлзээтэй. Тодруулбал, өнөөг хүртэл явж ирсэн Хүний хөгжил сан, Ирээдүйн өв санд гарч байгаа алдааг давтах магадлалтай. Одоо хэрэгжиж буй Ирээдүйн өв сан гэхэд л сангийн хөрөнгийг шууд төсөвт ашиглах, сангийн хөрөнгийн үр ашиг муу байх дутагдал байгаагаас тус сангийн хуримтлал нь өнөөдөр эргэлзээтэй байдалтай. Шалтгаан нь хуульд заасан зарцуулалт болон хөрөнгийн удирдлагатай холбоотой заалт хэрэгжээгүй, засаглалын хувьд хянах тогтолцоо бүрдээгүй явдал.
Гэтэл шинэ хуульд яг энэ алдааг давтах байдлаар сангуудыг тодорхой яам удирдана гэсэн зохицуулалттай хэлэлцэгдэж буй. Хуримтлалын санг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ирээдүйн өв санг Сангийн яам, Хүний хөгжлийн санг Эдийн засаг, хөгжлийн яамаар тус тус удирдуулна гэх мэт. Манай улсын хувьд санг үр ашигтайгаар зөв удирдаж чадсан тохиолдол ховор. Ирээдүйн өв санд таван их наяд төгрөг байх ёстой ч төсөвтөө аваад хэрэглэсэн, авлага болоод явж байна.
Стратегийн чухал ордуудын хувьд 20 хувийн асуудал нь өнгөц харвал засаглал сайжрах, нэг хүн стратегийн ордыг эзэмшихгүй байх гэх мэт давуу тал байх мэт харагдана. Үүнд ч ард түмэн, олон нийт таатай хандах хандлагатай байх шиг байна. Гэхдээ 20 хувиас дээш эзэмшихгүйгээр Монголд төслийг хэрэгжүүлэх боломжтой юу, энэ нөхцөлөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төслүүдэд орох уу гэх мэт байдлаар эдийн засгийн бодит нөхцөл байдлыг өнөөгийн манай орны улс төр, эдийн засаг, гео эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан харвал эдийн засгийн өсөлт хөгжилд сөрөг нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Мөн энэ асуудал дээр хэлэлцэж байгаа байдлыг харахад төр өөрийн хувийг нэмэх, хувийн хэвшлийн хувийг бууруулах байдлаар харагдаж байгаа нь анхаарал татаж байна. Товчхондоо өнөөгийн манай орчны нөхцөл байдалд 20 хувьтай стратегийн ордуудад хөрөнгө оруулах эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Энэ нь таван өөр талууд нэгдэж төслийг хэрэгжүүлэх тухай асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтыг татана, дэмжинэ гэсэн бодлоготой зөрчилдөж болзошгүй юм.
Баялгийн сан нэртэй эдийн засгаа сүйрүүлэх ээлжит нэгэн тэнэг алхам...
-УИХ-ын сонгууль хаяанд ирсэн үед сонгогчдыг “хошгируулах”, “хулгайгаа мартагнуулах” хоёр чухал зорилго эрх баригчдад байгаа учраас тооцоо судалгаагүй, ирээдүйд улс орны эдийн засгийг самрах ийм нэгэн шийдвэр УИХ-аар “ногоон гэрэл”-ээр батлагдах нь тодорхой болсон. Энэ нь “Үндэсний баялгийн сангийн тухай” хууль.
Манай улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сангууд байгуулагдаж УИХ-ын сонгуулийн амлалт биелүүлэх хэрэгсэл болж байгаа. Бидний загварыг нь дуурайдаг Норвеги улс 1996 онд сан байгуулснаас хойш Засгийн газар нь хэд хэдэн удаа солигдсон ч сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Үүний гол учир нь засаглалдаа байгаа юм. Энэхүү сан нь төрийн сайд бүү хэл, үе үеийн Ерөнхий сайдын мэдлээс хол байсан юм. Баялгийн сан руу улстөрч нэртэй мангасууд хуруугаа бүү хэл “хошуугаа” оруулах завсаргүй байх учиртай. Зөвхөн ийм тохиолдолд “Баялгийн сан” өсөж арвижаад зогсохгүй иргэд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд багтдаг ажээ. Харин манай улсын хувьд байдал 100 хувь эсрэг. Үүнийг ганц жишээнээс харчхаж болно. Тавантолгойн 1072 хувьцаа тухайн үеийн нэг сая төгрөгийн үнэтэй буюу 909 ам.долларын ханштай байж. Тэгвэл одоо 3 дахин ханшаа алдаж 300 ам.долларт хүрэхгүй болжээ. Ийнхүү хуримтлагдаж арвижах ёстой “Баялгийн сан” Засгийн газрын мэдэлд байснаараа “Балгийн сан” болж хувирсныг анзаарч байна уу.
2024 онд Засгийн тусгай 20 сангаар дамжуулж 10.1 их наяд төгрөг зарцуулах юм. Засгийн газрын бүхий л санд хулгай, дээрэм нүүрлэснийг ЖДҮ, Боловсрол, Тариалан эрхлэлтийн... гээд олон сангуудын түүх өгүүлдэг. Ирээдүйн өв сан гэхэд л хуримтлагдсан хоёр их наяд гаруй төгрөгийг хуулиа өөрчилж байгаад зарцуулчихсан. Засгийн тусгай сангуудын хулгай, дээрмийг цэгцлээгүй мөртөө бас дахин "Баялгийн сан" нэрийн дор гурван ч сан нэмж сайд нартаа хариуцуулахаар яарч байна.
Монгол Улсад стратегийн 15 гаруй орд байдаг. Төрөөс стратегийн орд байх ёстой газрыг нөөцийг нь хэмжээнээс нь үл ялиг багаар тооцож, стратегийн биш болгодог. Тухайлбал, Ховд аймгийн Хөшөөтийн уурхай стратегийн орд байх ёстой. Тэгэхээр стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 20-иас их хувийг эзэмшүүлэхгүй гэдэг нь хэтэрхий инээдтэй асуудал. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой 13 хувь нь ард түмний мэдэлд байна.
Өнөөгийн эрх баригчдад улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил дэвшил ердөө сонин биш. Тэд парламентад дахин олонх болохын тулд хийж буй эцсийн шийдсэн мэх бол “Үндэсний балгийн сан”-гийн хууль. Тэдний хувьд өмнөх “хулгай, дээрэм” нь сөхөгдөхгүй, бас “Балгийн сан”-гаас баяжих боломж энэ хуулиар дамжин бий болно гэж тооцож байх шиг байна. Ийнхүү Монгол улсын хувьд эдийн засгаа сүйрүүлэх ээлжит нэгэн тэнэг алхам энэ хуулиар дамжиж баталгаажих юм.
Оюу толгой шиг том төсөл дахин хэрэгжихгүй байж магадгүй
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд 20-иос доош хувь эзэмшинэ гэдэг нь засаглал талдаа зөв шийдвэр гэж харж байна. Ер нь аливаа байгууллага, институт урт удаан, тогтвортой, өсөлттэй явахын тулд сайн засаглалтай байх нь чухал. Засаглалын хамгийн чухал асуудал нь хувьцаа эзэмшигчийн төвлөрөл юм. Хэт төвлөрөлтэй байх нь тухайн этгээд өөртөө зориулан ашигтай шийдвэр гаргах сөрөг үр дагавартай байдаг. Дээрх хуулийн заалт нь эдгээрээс сэргийлж байна гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын урсгал талаасаа харвал, 20-иос доош хувь эзэмшинэ гэх заалт нь сөрөг нөлөө үзүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий ордын мега төсөл хэрэгжихийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалтын дүн яригдана. Тус заалт нь дор хаяж, 3-4 хөрөнгө оруулагч орж ирснээр тус мега төсөл амжилттай хэрэгжих шаардлагыг үүсгэнэ.
Гэтэл бодит байдал дээр уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулдаг Рио Тинто шиг үндэстэн дамнасан корпорациуд тухайн улсын Засгийн газартай л нь ярьдаг. Засгийн газар нь яаж ч солигдох эрсдэлтэй учраас хяналтын хувиа эзэмших сонирхол өндөр. Тиймээс нэмж 2-3 хөрөнгө оруулагч компанитай хамтарч орж ирэх магадлал бага. Дүгнээд хэлэхэд, хуулийн төслийн тус заалт нь засаглал талдаа сайн мэт харагдаж байгаа боловч Оюу толгой шиг томоохон мега төслүүд амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж байгаа юм.