Улс төр | 2 мин уншина

Хувийн хэвшлийн мэдэлд байгаа стратегийн ордуудын 50 хүртэлх хувийг төр үнэгүй авна

Хувийн хэвшлийн мэдэлд байгаа стратегийн ордуудын 50 хүртэлх хувийг төр үнэгүй авна
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 18
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр төрийн мэдэлд байх ёстой 16 стратегийн ордоос зургаа нь улсын мэдэлд байгаа бол үлдсэн нь 100 хувь хувийн хэвшилд байгаа гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордод 16 орд газрыг хамруулсан. Өнөөдрийн байдлаар энэ 16 ордоос долоо нь төрийн мэдэлд байна. 100 хувь, 50 хувь гэсэн байдалтай. Үлдсэн нь дандаа хувийн аж ахуй нэгжүүд авчихсан. УИХ-ын энэ тогтоол хэрэгжээгүй гэсэн үг.
Хоёр дахь хавсралт нь стратегийн ордуудад дахиад 39 орд байгаа. Энэ 39 ордыг стратегийн ордод хамруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан ч хэрэгжээгүй. Тиймээс энэ тогтоолын хоёр дахь хавсралтыг энэ хаврын чуулганд багтааж  УИХ-д танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгч байгаа.
Манай улсад бүх төрлийн байгалийн баялаг байна. Харамсалтай нь, лиценз хэлбэрээр төлбөрийн чадваргүй хүмүүст очоод тэр нь наймааны хэрэгсэл болоод дандаа гаднын компаниудад худалдсан. Тиймээс хувийн хэвшлийн авсан стратегийн ордуудын 50 хүртэлх хувийг авъя гэж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн алдаа энэ дээр үүссэн.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Өмнөх хуулиар төр үнэгүй авах боломжгүй байсан. Мэдээж энэ ордууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Зарим дээр нь 34 хувиа шууд авч болох, хөрөнгө оруулалт бага шаардахыг үгүйсгэхгүй. 50 хувь хүртэлх дээр ч гэсэн заавал төр хөрөнгөө гаргах шаардлагатай байсан учраас авч чадахгүй байсан. Одоо энэ өөрчлөлтөөр төр 34 хувь хүртэл үнэгүй авч болно гэдэг нь хөрөнгө оруулалт оруулах зай үлдээхүй бол зарим орд маш их хөрөнгө оруулалт шаардах, үр ашиг нь сайнгүй байх магадлалтай. Тэр үед хөрөнгө оруулагчтайгаа тохирох юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн