Open iToim app
Спорт | 3 мин уншина

Архангайнхан аархаж, Өмнөговьчууд алдсан “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан

Архангайнхан аархаж, Өмнөговьчууд алдсан “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 17
Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан эхэллээ.
Шөвгийн наймын салхийг Архангай-Төв аймгийн баг хагалсан. Уг барилдааны үр дүн эхнээсээ л тодорсон байлаа. Өнгөрсөн жилийн аварга Архангайн бүрэлдэхүүн Төв аймгийн багаас хамаагүй илүү. Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, идэр залуу харцага С.Сүхбат, өнөө цагт бөх сонирхогчдын анхаарлын төвд яваа аймгийн арслан Д.Ням-Очир, Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь гээд л бүрэлдэхүүнийг харахад үр дүн тодорхой байв. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас барилдааныг үзэгчийн суудлаас үзсэн юм. Тэгвэл Төв аймгийн хүчтэнүүдээс улсын начин Д.Хүдэрбулга багийнхаа гол ачааг үүрэх нь тодорхой байлаа. Уг нь Төв аймаг бөхгүй газар биш. Улсын заан Б.Батмөнх, өсөх идэр начин Э.Ууганбаяр, улсын начин Б.Ганжад, Ч.Батчулуун, аймгийн арслан П.Эрхэмжаргал гээд л “Алтан цом”-д барилдах бөхчүүд хөвөрнө. Цагаа тулбал тус аймгийн бөхчүүдийг дасгалжуулж буй уран барилдаант харцага Э.Даваабаатар ч гараад барилдчих боломжтой. Гэвч эхнээсээ бүрэлдэхүүнд байгаагүй гэсэн шалтгаанаар дээрх бөхчүүд зодоглосонгүй. Ингээд Д.Хүдэрбулгаар манлайлуулсан дөрвөн аймгийн арслан сэлгээгүйгээр Архангайн бөхчүүдийн эсрэг дэвжээнд гарлаа. Багийн ахлагч Д.Хүдэрбулга дөрвөн даваа авч үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Түүний хувьд улсын харцага Б.Зоригтбаатарт л тахим буулгав. Харин дөрвөн арслангийн тухайд бэлтгэлгүй, форм муутай байгаа нь харагдлаа. Тэгвэл аваргаа хамгаалж, “Алтан цом”-ын хошой аварга болох зорилготой учраас хамаг шилдэг бүрэлдэхүүнээ гаргасан. Бөхчүүд нь бөхийн өргөөний барилдаанд алгасахгүй шахам зодоглож байгаа учраас илүү барилдааны мэдрэмжтэй, формтой байгаа нь эхнээсээ харагдлаа. Ингээд уг барилдаан 18:7 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн харьцангуй “тулаан” болж өндөрлөв.
undefined
undefined
Хоёр дахь барилдаан Өвөрхангай-Өмнөговийн хүчтэнүүдийн хооронд өрнөлөө. Уг барилдаанд Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарч үлдэв.
Ялагдсан Өмнөговь аймгийн баг гарааны бүрэлдэхүүнээсээ алдаа гаргасан нь ялагдлын эх шалтгаан байсан гэж бөх сонирхогчид дүгнэж байгаа юм. Хоёр багийн барилдаанд задлан хийж үзье. Өмнөговийн хувьд эхний хоёр тойргоос ердөө хоёрхон даваа авсан нь ялагдлын эх үндэс болов. Бас гарааны бүрэлдэхүүнээ оновчтой сонгож чадсангүй. Уг нь тун аятайхан бүрэлдэхүүнтэй юм. Сэлгээнд улсын начин Ш.Дарханбат. Гараанд улсын заан Ц.Одбаяр, начин Э.Нямаа, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, Ц.Лувсан-Адъяа, аймгийн заан С.Доржпалам нар гарлаа. Эхний хоёр тойрогт Өмнөговьчууд юу болсон юм бүү мэд, ташраараа унах нь тэр. Учраа олоогүй бололтой. Ингээд гуравдугаар тойргоос эхлэн давамгайлж эхэлсэн ч нэгэнт оройтсон байв. Сүүлийн гурван тойрогт тэд дараалан 3:2-оор илүүрхсэн. Гэвч эхний хоёр тойргийн барилдаан эцсийн үр дүнг хэдийн шийдсэн байжээ. Багийн ахлагч, дасгалжуулагч Ц.Одбаяр, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн заан С.Дорждалам нар гурван даваагаар багтай том тус хүргэсэн бол Э.Нямаа нчин, Ц.Лувсан-Адъяа нар тун хангалтгүй байлаа. Ш.Дарханбат сүүлийн тойрогт гарч ирээд нэг давсан. Түүний хувьд арай эрт орж ирсэн бол үр дүн өөрөөр дуусаж мэдэх байв.
Тэгвэл Өвөрхангайн бөхчүүд эхний хоёр тойрогт илт илүүрхсэндээ санаа амарсан бололтой. Сүүлийн гурван тойрогт хайнга байв. Үндсэн бүрэлдэхүүнээс улсын харцага Б.Цэдэнсодном зодоглосонгүй. Түүнийг цэргийн арслан Б.Өлзийсайхан орлосон. Хурц арслан О.Наранбаатарыг эс тооцвол бусад нь үүргээ хангалттай биелүүллээ. Тэр ердөө ганцхан давав. Багаа тэргүүлэн барилдсан гурван улсын цолтон нь тус бүр гурван даваа авсан бол энэ жилийн наадмын улсын цолтнуудын тааварт яваа аймгийн арслан Б.Өлзийсайхан, Т.Довчинсэмбээ нар хоёр давлаа.
Хагас шигшээд шалгарсан Архангай, Өвөрхангай аймгийн баг 20 сая төгрөгийн болзол хангасан. Харин ялагдсан Өмнөговь, Төв аймгийн баг таван сая төгрөгийн шагналтайгаар “Алтан цом”-ын аяллаа дуусгалаа.
Өнөөдөр Увс-Говьсүмбэртэй, маргааш Ховд-Баян-Өлгий аймгийн багтай барилдсанаар шилдэг дөрвөн баг тодорно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн