Парламент | 3 мин уншина

Баялгийн сангийн хууль: Хуримтлалын санд иргэдэд нэрийн данс нээж, бэлэн бусаар зарцуулна

Баялгийн сангийн хууль: Хуримтлалын санд иргэдэд нэрийн данс нээж, бэлэн бусаар зарцуулна
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 17
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Шийдвэр гаргах түвшиний хүмүүст тавих шаардлагыг маш тодорхой болгох ёстой. Мөн сангийн ил тод байдлыг хэрхэн хангах юм бэ. Ингэж хийхгүй бол өмнөх алдаанууд давтагдахийвий.
Сангаас янз бүрийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх юм байна. Цаашдаа сантай холбоотой иргэд рүү харсан хуваарилалтаа хэрхэн хийх вэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Баялгийн сангийн тухай хууль анхдагч хууль. Судалгаагаар энэ хуулиа цомхон хийх ёстой гэсэн дүн гарсан юм билээ. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн санал зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Шийдвэрийг УИХ гаргана. Тиймээс гишүүд хариуцлагатай байх ёстой. УИХ-ын шийдвэргүйгээр ямар ч санхүүжилт хийгдэхгүй. Ирээдүй өв сан нь Монголбанкан дээр валютаар хадгалагдана. Нөгөө хоёр сан нь Монголбанкны Төрийн сан дээр байна. Өнөөд Ирээдүйн өв санд 3.3 их наяд төгрөг байгаа. Монгол Улс үндсэндээ 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй болж байгаа. Хуримтлалын сан,  Хөгжлийн сангууд энэ жил бүрдэнэ. Засгийн газар 2023 он хүртэл 13 орчим их наяд төгрөгийн хуримтлал үүснэ гэж тооцсон. Харин ажил хэсэг 18-20 орчим их наяд төгрөгийн хуримтлал үүсэх боломжтой гэж үзэж байгаа.
Баялгийн сантай холбогдож гарсан шийдвэрийг 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ. Баялгийн сан дээр өмнөх сангуудад гарсан алдаа гарахгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр шууд захиран зарцуулах эрхтэй газар байхгүй. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгийг хөрөнгө оруулж, өсгөж арвижуулна гэж байна. Тэгэхээр үүн дээр менежментийг баг гарч ажиллаж таарна. Гэхдээ энэ баг мөнгийг алдчихвал яах вэ. Энэ багийг хэн яаж, ямар зарчмаар сонгож ажиллуулах вэ. Хуримтлалын сан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн зориулалтаар ашиглана. Төрийн санд байршиж иргэн бүрийн нэр дээр нэрийн данс нээнэ гэж байна. Иргэн Дорж үүнийг хүүхдийнхээ боловсролд хамрагдахын тулд яах ёстой вэ. Хөгжлийн сангийн мөнгө том том төсөл хөтөлбөрт зориулагдана гэж байна. Шийдвэрийг хэн гаргах юм бэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Ирээдүй өв сангийн хуулийг 2016 онд баталсан. Өнөөдөр энэ сан 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай. Үүнийг 2023 он хүртэл хэрэглэхгүй. Үнэ цэнийг нь өсгөх гэдэг асуудал байгаа. Үүнийг Монголбанктай хамтраад хөгжилтэй орнуудын Засгийн газрын бондыг худалдаж авна. Ирээдүй өв сангийн хуульдаа мөн заасан. Мандат гэж батлаад тэр шаардлагуудыг тавьсан. Тиймээс мөнгө алдах эрсдэл байхгүй. Менежментийг Засгийн газар Монголбанктай хамтраад өсгөх асуудлыг тухайн үедээ шийдээд явна.
Хөгжлийн сангийн хөтөлбөрийг Засгийн газар гаргана. Засгийн газрын гаргасан саналыг УИХ батална. УИХ-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Үүнд мөн эрсдэл гарахгүй гэж үзэж байгаа.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Хуримтлалын сангийн данс Монголбанкан дээр байршина. Нийт иргэдийн нэгдсэн дүнгээрээ байршина гэсэн үг. Зарцуулалт бэлэн бусаар байна. Иргэд ямар байдлаар ашиглах вэ гэдгийг журмаар тодорхой болно. Засгийн газар үүнтэй холбоотой хоёр журам батална. Нэгд, хөрөнгө оруулалтын бодлого, тухайн жилийн төсөвт төвлөрөх хөрөнгөтэй уялдуулаад хөтөлбөрүүдээ гаргана. Иргэд өөрсдийнхөө дансанд ямар хэмжээний хуваарилалт хийсэн гэдгийг гар утсан дээрээсээ харна. Мөн ямар боломжийн бүтээгдэхүүн бий болж байна. Алинд нь зарцуулах хүсэлтээ илгээх боломжийг бүрдүүлнэ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн