Нийгэм | 4 мин уншина

СОНСГОЛ: "Өргөө амаржих" газар эм, эмнэлгийн хэрэгслийг 1.3-3 дахин өндөр үнээр авч байжээ

СОНСГОЛ: "Өргөө амаржих" газар эм, эмнэлгийн хэрэгслийг 1.3-3 дахин өндөр үнээр авч байжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 16
Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Өргөө амаржих газарт гарсан худалдан авах ажиллагааны гажуудал ба эмийн үнийн өсөлтийн жишээний талаар шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Шинжээч "Улсын гуравдугаар шатны эмнэлгүүд дээр худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа дутагдал байна, их хэмжээний өр үүссэн хэмээн Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 4-ний өдрийн удирдамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт явуулсан. 
Өргөө амаржих газар нь худалдан авах гэрээг байгуулахаас өмнө тогтмол бус үнээр худалдан авалт хийдэг юм байна. Жишээлбэл, тариурыг долоон өөр үнээр буюу 2.3 дахин өндөр үнээр, виркил гэх мэс заслын утсыг есөн өөр үнээр буюу 2.9 дахин, гар угаах губка гэх хэрэгслийг зургаан өөр үнээр буюу 2.3 дахин үнээр өсгөж авдаг байна. Мөн дуслын системийг найман өөр үнээр, марлийг найман өөр үнээр буюу анхны үнээс 2.7 дахин өсгөж авсан.
2022 онд тухайн эмнэлэгт 2.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийсэн байна. Үүнээс 172.9 сая төгрөг нь тендерийн дагуу явагдсан. Үлдсэн 44 багцыг огт сонгон шалгаруулалтгүйгээр, шийдвэргүйгээр худалдан авсан. Ингэхдээ зах зээлийн үнээс 1.3-3 дахин их үнээр худалдан авалт хийсэн байна.
Жишээлбэл, 368 төгрөгийн үнэтэй үзлэгийн бээлийг 126.8 хувиар өсгөж 464.8 төгрөгөөр худалдаж авсан. Ингэснээр 250,000 бээлийг авахад 24 сая төгрөгийн илүү зардал гаргасан. Иймэрхүү худалдан авах ажиллагааны хууль зөрчсөний үр дүнд Өргөө амаржих газарт үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж хумигдсан. Тухайн эмнэлэг 2020 онд 162 сая төгрөгийн өртэй байсан бол 2023 онд гурван тэрбум болж, өр нь дөрвөн жилийн хугацаанд 1,868 хувиар өсжээ. Өр үүсэж буй үндсэн шалтгаан нь тендерийг хүчингүй болгодог мэргэшсэн арга барил байна. Хоёр удаа тендерийг хүчингүй болгосны дараа шууд худалдан авалт руу шилждэг. Ганцхан байгууллага дээр гурван жилийн дотор гурван тэрбумын өртэй болсон байна.
Энэ талаар нотлох баримтыг олж цуглуулж чадаагүй. Гэхдээ дараах таамаглалыг дэвшүүлж байна, эмнэлгийн удирдлага болон эм ханган нийлүүлэгч байгууллага үгсэн хуйвалдах замаар тендерийн багцын үнийг өсгөдөг. 
Эм ханган нийлүүлэх байгууллагатай үгсэн хуйвалдах замаар багцын үнийг өсгөдөг. Санхүүгийн сахилга бат гэдэг ойлголт байхгүйтэй адилхан Тиймээс эх үүсвэргүй, тодорхойгүй худалдан авалт хийдэг нийтлэг алдаа доголдог байна
Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн гүйцэт хийдэггүй" гэлээ.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.  
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Дуслын системийг найман өөр үнээр авсан гэлээ. Энэ хэдий хугацаанд болсон бэ. Эмнэлэг өрөө хэрхэн барагдуулж ирсэн бэ?
Шинжээч: Танилцуулга дээр байгаа тоон мэдээллүүд зөвхөн 2022 болон 2023 оны эхний хагас жилийн мэдээлэл. Өөрөөр хэлбэл, жил хагасын мэдээлэл. Эм нийлүүлэх байгууллага тухайн эмнэлгийн байгууллагыг буланд шахаж байгаад хясан боогдуулах аргыг ашиглаж хамгийн өндөр үнэтэйгээр худалдан авалт хийдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй 24 цагийн туршид явж байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас санхүүжилтийг нь шийдээд, гал унтраасан байдлаар явж ирсэн.
Хяналт байхгүй учраас эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд худалдан авалтын асуудалд дур дураараа ханддаг.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 2023 онд Өргөө амаржих газарт Монгол Улсын 45 иргэн буюу хоёр эх, 43 нярай эндсэн байна. Үүний шалтгаан юу вэ. Үүн дээр Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авсан бэ.
Эрүүл мэндийн яамны дэд сайд С.Энхболд: Өргөө амаржих газар нэлээд асуудалтай. Өмнө нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг байсан. 2021 онд Засгийн газрын хуралдаанд оруулж гурван төрөх эмнэлгийг яамны харьяанд авсан.
Анх ирэхдээ л нэг тэрбум төгрөгийн өртэй байсан. Засгийн газраас баг орж хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар мөн олон асуудал илэрсэн. Өмчийн асуудал шийдэгдэхгүй байсан учраас төрөх эмнэлгүүд буцаад нийслэлийн харьяанд шилжсэн.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Манай эмийн салбар ганзгын наймаа хэлбэртэй байгаа. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага дээр очихоор үнэ нь хэд дахин нугардаг. Юугаа ч бид хянаж чадахгүй байгаа. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд зах зээлийнхээ мэдээллийг ил тавьдаг. Манайд төрийн байгууллага болохоор тийм зүйл байхгүй, ямар нэгэн арга саам агуулж асуудалд ханддаг. Эмийн агентлаг гэж гараад ирчихсэн байгаа. Үнэ ханшийн зохицуулалт, чанар, худалдан авалтыг өөрчлөх ёстой.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Бид яамнаас дотоод хяналтаа тавьдаг. Даргыг нь чөлөөлөөд шүүхийн асуудалтай явж байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн