Улс төр | 2 мин уншина

Цэц УИХ-ын тойрог, мандатын тоогоор маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ

Цэц УИХ-ын тойрог, мандатын тоогоор маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 16
Хоёрхон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байхад тойрог тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар Цэц шийдвэр гаргаж чадахгүй гацаанд оруулав.
Өнгөрсөн нэгдүгээр сард  Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл эхний ирсэн гурван гомдлыг хэлэлцээд маргаан үүсгэх шаардлагагүй гэж Цэц үзжээ. Харин сүүлд яг энэ асуудлаар дахин гомдол мэдээлэл иргэдээс ирсэн бөгөөд мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Уг нь Цэцэд ирсэн гомдол мэдээллийг 14 хоногийн дотор хэлэлцэн маргаан үүсгэх, эсэх шийдвэр гаргах хуулийн хугацаатай. Гэвч Цэц энэ хуулийн хугацааг хэтрүүлсэн үү, эсвэл хэвлэлд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан уу ямартаа ч гурван сарын дараа эхний ирсэн гомдлуудаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох УИХ-ын тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын их хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар заасан.
Тодруулбал,
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
Баянгол дүүрэг 9-р тойрог;
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон. Тэгвэл уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд үзэж гомдол гаргасан ч Цэц эхний ирсэн гомдлуудыг хянан хэлэлцээп маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн