Open iToim app
Манай сайт ЧАДЛАА булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголдоо хамгийн том, жилийн дөрвөн улирал зогсолтгүй ажилладаг Голланд загварын шилэн хүлэмжийг онцолж байна.
Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 50 орчим хувийг гаднын импортоор хангадаг. Гэвч эдгээрээс эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн буюу “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн байдаг. Түүнчлэн, уг аяны хүрээнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой болсон юм. Тэгвэл үүнд нөлөө үзүүлсэн ААН-үүд нэг бол "Төгс ургац" ХХК.
Тус компани Улаанбаатар хотоос 45 км зайд буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үйл ажиллагаагаа явуулж, өдөр бүр ард иргэдэд шинэ хүнсний ногоог нийлүүлсээр байна. Тухайлбал, "Төгс ургац" ХХК байгуулагдсан цагаасаа хойш гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тариалалтын талбайгаа 40 мянган м2 хүртэл өргөжүүлж, одоогоор өргөст хэмхийг түлхүү тариалж буй.
Ингэхдээ жилд 100 мянга орчим үрсэлгээг тариалан хоёр сая кг өргөст хэмхийг гарган авснаар зах зээлийнхээ 40-45 хувийг хангаж байгаа аж.
"Төгс ургац" ХХК-ийн захирал П.Буянтөгс
"Төгс ургац" ХХК-ийн захирал П.Буянтөгс
"Төгс ургац" ХХК-ийн захирал П.Буянтөгс: Төгс ургац компани 2016 оноос хойш найман жилийн хугацаанд Голланд загварын дэвшилтэт технологийг ашигласан шилэн хүлэмжийг барьж байгуулан өдөр бүр цоо шинэ өргөст хэмх үйлдвэрлэж, дотоодын хэрэглэгчдийн гарт хүргэн ажиллаж байна.
Анх бид 10 мянган м2-т хүлэмжийн аж ахуйгаа эрхэлж байсан бол өдгөө 40 мянган м2-т хүлэмжийн тариалалт явуулж байна.
Бид жилд дунджаар 100 мянга орчим үрсэлгээг тариалалтын талбайд байршуулж, үүнээс хоёр сая орчим кг өргөст хэмх хураан авч байна. Технологийн онцлог гэвэл, аливаа ургамлыг ургуулахын тулд тухайн ургамлын ургах таатай нөхцөлийг бий болгох шаардлагатай байдаг. Тиймээс манай Голланд загварын шилэн хүлэмж бүхий л онцлог чадварыг 100 хувь автоматаар, хиймлээр бий болгох бүрэн боломжтой.
•     •     •
Уг компанийн байгуулсан "шилэн" хэмээн тодотгоод буй хүлэмж тэнгэрийн үүрэг гүйцэтгэдэг гэвэл та итгэх үү?
Эл хүлэмж нь эрс тэс уур амьсгалтай манай оронд байгуулагдсан анхны дөрвөн улирлын томоохон хүлэмж. Товчхондоо, хүйтэн, халууныг үл ажран ямар ч нөхцөлд тариалалтыг явуулах боломжтой гэсэн үг. Жишээлбэл, ургамал нь тодорхой хэмжээ, стандартын дагуу ургахад тохирсон температур, чийгшлийг шаарддаг. Тэгвэл зуны ид халуунд температураас хэтэрч, хүлэмж хуурай байвал "тэнгэр"-ийн үүргээ гүйцэтгэн хүлэмжийн цонх онгойж, хөшиг хаагдаж, манан буюу чийгшлийг өгдөг байна. Гэхдээ мэдээж энэ нь бүрэн автомат. Автомат, автоматдаа Голланд улсаас дата мэдээлэлд үндэслэн дээрх үйлдлүүдийг хийж, хянадаг гэдгээрээ онцлог юм.
"Төгс ургац"ХХК-ийн Ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга:
"Төгс ургац"ХХК-ийн Ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга:
"Төгс ургац" ХХК-ийн Ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга: Шилэн хүлэмжийн гол онцлог нь жилийн дөрвөн улирлын аль ч улиралд ногоо тарих боломжтой. Гадаа хасах 40, нэмэх 40 байсан ч бид доторх температураа тохируулдаг. Тухайлбал, өргөст хэмхэнд тохирсон 18-25 градус байвал түүнийгээ өвөл, зунгүй барих ёстой. Ургамлынхаа ургах бүх таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Манайх бүрэн автоматжуулсан системтэй учраас хэт халах юм бол сүүдрийн хөшиг татагдана, бүх цонхнууд автоматаар онгойно, чийгшил бага байвал мананжуулах систем ажиллана. Компьютероос тохиргоонуудыг нь Голланд мэргэжилтнүүд хийчихдэг.
•     •     •
Эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь иргэдийн туйлын хүсэл. Гэтэл гаднын улсаас эсхүл дотоодын зарим ААН-ээс авсан хүнсний бүтээгдэхүүн нь хэрхэн яаж тариалсан нь тодорхой бус, хортон шавж устгах элдэв бодис хэрэглэсэн байдаг билээ. Тэгвэл энэхүү хүлэмжийн өөр нэгэн онцлог гидропоник буюу хөрсгүй тариалалтыг хийдэг. Хөрсгүй гэдэг нь байгалийн хөрсөнд бус тусгай бэлдсэн хөрсөнд ногоог тариална гэж ойлгож болно.
Ийн уламжлалт хөрсийг бус базальтыг хөрсөндөө ашиглаж байгаа нь нэгд, хортон шавж устгах, ногоог хамгаалах бодис хэрэглэхгүйгээр эрүүл ахуйг дээд цэгт барьж буй. Яагаад гэж үү. Учир нь, базальт гэдэг нь иргэдийн мэдэх барилгын дулаалгад хэрэглэдэг нэгэн төрлийн материал. Харин угтаа базальт нь галт уулын чулууг 2000 мянган градусын халуунд хайлуулж, нарийн утсыг гаргаж авсныг хэлдэг байна. Түүгээрээ хөрс хийснээр ямар нэг нян үржихгүй байх нөхцөл бүрддэг. Нян үржихгүй байна гэдэг нь ямар ч химийн бодис хэрэглэхгүй гэсэн үг.
“Төгс ургац” ХХК-ийн төслийн удирдагч Л.Эрдэнэчимэг
“Төгс ургац” ХХК-ийн төслийн удирдагч Л.Эрдэнэчимэг
Одоогоос арав гаруй жилийн өмнө хоол идэж байхдаа ч юм уу, сургууль цэцэрлэгийн орчинд юм уу, ер нь, байж болох бүхий л газар тамхины утаагаар утуулдаг үе байв. Харин 2012 онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, дараа оныхоо хавраас дотоод орчинд тамхи татахгүй болсноор гэр бүлээрээ хоолны газар, ресторанд гээд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон. Энэ бол манай улсын хууль тогтоомжид орсон нэг том дэвшил. Тэгвэл энэ хуулийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн барьж батлуулсан байдаг.
Түүний хувьд олон нийтэд сайн, саараар багагүй хэлэгддэг ч түүний эл хуулийн төсөл өдгөө нийгэмд чухал үр нөлөөг үзүүлсээр буй.
“Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг биологич мэргэжилтэй бөгөөд 1990 оноос хойш эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эмийн ургамлаар бий болгосон бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах зорилттой өдгөө 30 гаруй жил идэвхтэй үйл хэргээ хэрэгжүүлсээр байгаа. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдгийг капсултай хуурай, шингэн эм төдийхнөөр төсөөлж үл болно. Түүний хувьд ард иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүний бүрэн эрх нь 2016 онд дууссан ч ард иргэдийн эрүүл, аюулгүй байдалд анхаарах байдлаа зогсоолгүй явсны нэг төсөл нь өнөөдрийн Голланд загварын шилэн хүлэмж юм.  
Сэтгүүлч: Таныг иргэдийн хувьд улстөрчөөр нь мэднэ. Бас "Монос"-ын Л.Эрдэнэчимэг гэдгээр нь танина. Гэхдээ хүнсний ногоо, тэр дундаа нарийн ногоо тариалдаг гэдгийг төдийлөн мэддэггүй шүү дээ.
-Л.Эрдэнэчимэг: 2012-2016 онд УИХ-д нэр дэвшээд ялалт байгуулан ажиллаж байсан нь миний өнөөдрийг хүртэлх 57 насны минь дөрөвхөн жил буюу улс төрийн ажилтай холбоотой хэсэг нь шүү дээ. Тэрнээс биш би сургуулиа төгсөөд л хувийн хэвшлийн компани байгуулаад ажиллаж эхэлсэн байдаг. Ер нь, бизнес эрхлэгч эмэгтэй. 1990 оноос хойш Монос компанийг байгуулаад, энэ жил 33 жилийнхээ ойг хийх гэж байна. Монос компани эрүүл мэндийн салбарын, ялангуяа эмийн ургамлаар маш олон бүтээгдэхүүн хийдэг. Тиймээс ч Монгол орныхоо ховор, нандин ургамлуудыг тарималжуулах ажлыг хийдэг. Би өөрөө биологич мэргэжилтэй, биологийн ухааны доктор цолтой хүн.
Ер нь, бид эмийн ургамлаар эм хийж дэлхийн зах зээлд гаргах том зорилготой ажилладаг л даа. Тэгэхээр эмийн ургамлын станц, ургамал тарималжуулах ажлыг бид 20 гаруй жил хийгээд явж байгаа. Манайх одоогоор 30 га газар чацаргана, эмийн ургамал тариалж байх жишээтэй. Мөн Улаанбаатар хотыг цэцэгжүүлэх, цэцгийн аж ахуй эрхэлдэг. Энэ мэтчилэн тасралтгүй газар тариалан, ургамлыг ургуулах ажлыг насан туршдаа хийсэн. Ингээд 2016 онд Голланд мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бид дөрвөн га хүлэмжийн аж ахуй эрхлээд явж байгаа.
Ер нь, Монгол Улсын аюулгүй байдал гэж юу юм бэ. Улс, үндэстний аюулгүй байдал хэд хэдэн зүйл дээр тогтдог. Эдгээрийн хамгийн том нь хүнсний аюулгүй байдал. Хэрвээ улс ард иргэдийнхээ хүнсийг дотооддоо үйлдвэрлэж, дотооддоо ургуулж чадахгүй л бол хэн нэг улсын хараат болж, аюулгүй байдал алдагдаж байдаг. Тусгаар тогтнол алдагдахад хүрдэг гэсэн үг. Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс хүнсний аюулгүй байдал, ялангуяа дотооддоо үйлдвэрлэх, ургуулах чиглэлд бодлого боловсруулж ирсэн.
Би ч гэсэн олон жил бизнесийн салбарт ажиллаж, улстөрд явж байсан хүний хувьд миний хийж чадах зүйл Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд анхаарах юм байна гээд 2016 оноос энэ ажлыг хийж байна. Манайх хүлэмжийн аж ахуйгаар хүлэмжид ургадаг бүх төрлийн ногоог Хятад улсаас авч байгаа. Хятад улсаас авч байгаа ногоо нь юугаар бордож, хорхой шавжийн эсрэг ямар хор, ямар хавдар үүсгэгчтэй, юугаар хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бидний томоохон зорилт бол өөрийнхөө газар нутаг, хөрс шороонд ургуулсан, хэрэглэж байгаа бүх зүйл нь мэргэжлийн хяналтаар баталгаажуулсан хүнсийг хэрэглэх нь монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хамгийн хэрэгцээтэй зүйл гэж үзэж байгаа.
Энэхүү хүлэмжийн аж ахуй нь цаашид нэлээд хөгжих боломжтой. Яагаад гэхээр өдөр тутамд өсөж байгаа Монгол Улсын хүн, ардыг эрүүл хүнсээр хангахын тулд наад зах нь 50 га хүлэмжийн аж ахуй хэрэгтэй байна.
Өнөөдөр бид дөрвөн га газарт өргөст хэмх тариалж байна. Гэтэл өргөст хэмхийг 10 га газар, цаашилбал улаан лооль, навчит ногоо зэрэг 20 нэр төрлийн ногоог хүлэмжийн аж ахуйд ургуулах боломжтой байдаг. Тэгэхээр үүнийг маш олон аж ахуй нэгж, хувь хүмүүс үргэлжлүүлэх боломжтой.
"Төгс ургац" ХХК-ийн ажилчид
"Төгс ургац" ХХК-ийн ажилчид
-Монгол хүний насжилтыг олон улстай харьцуулахад доогуур байдаг нь нарийн ногооны хэрэглээ бага байдагтай тодорхой хэмжээнд холбоотой байх л даа?
-Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68, эмэгтэйчүүдийнх 72, 73 байгаа нь дэлхийн дунджаас нэлээд доогуур байгаа юм. Япон ч юм уу, Европын улсуудыг харахад дундаж наслалт аль хэдийнэ 80 гарчихсан явж байна. Гэтэл бид тэр дундаж наслалтаас арав гаруй жилийн өмнө хорогдож, үхээд байна. Хүн юу идэж байна, тэр л та өөрөө юм гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр монгол хүний идэж байгаа хүнсний ногооны хэрэглээнд хэр зэрэг витамин агуулагдаж, шим тэжээл нь хэр байгаа юм бэ гэдгийг бид харж үзэх ёстой. Хүн хэчнээн ногоо идэхийг бодсон ч тэр ногоо нь олдохгүй байвал яах юм бэ. Ингэхээр чинь яаж идэх вэ дээ. Өөрт байгаа мах, гурилаа идэхээс өөр аргагүй шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн хувьд нэлээд доогуур үзүүлэлттэй явдаг.
Үүнээс харвал, маш олон хүнсний ногоог хангах нь монгол хүний эрүүл мэндийн төлөө, дундаж наслалтыг эрс нэмэгдүүлэхэд маш ач холбогдолтой гэж харж байгаа.
Тэгээд энэ олон нэр төрлийн ногоог хүлэмжийн аж ахуйгаар хангана гэх юм бол төр засгаас тодорхой хэмжээнд туслалцаа үзүүлэх шаардлагатай болоод байна. Бидний тухайд арилжааны банкны жилийн 14-15 хувийн хүүтэй зээлээр хүлэмжээ босгодог. Өөрөөр хэлбэл, олж байгаа бүх ашиг банкны зээлийн хүүд явчих жишээтэй. Тэгэхээр хэн ч энэ хүлэмжийн аж ахуйг барьж аваад цааш хөгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд бид үүнийг хөгжүүлж байна.
Нэгэнт л хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө төр засаг арга хэмжээ авах гэж байгаа бол, хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлье гэж бодож байгаа бол хөнгөлөлттэй зээлийг олгох хэрэгтэй.
Ер нь, ноу-хау, хэрхэн ургуулах уу, яаж байгуулах уу гээд бүх зүйл нь бидэнд байна. Харин хүмүүс яагаад үүнийг хийж чадахгүй байгаа вэ гэхээр хүлэмж барих тав, арван тэрбум төгрөгийн зээл олдохгүй байна. Олдсон ч маш өндөр хувийн хүүтэй байна. Дээрээс нь дэд бүтцийн асуудал чухал. Маш их тог цахилгаан, ус хэрэглэгддэг. Мөн өдөр тутамд шинэ ногоо гарч байгаа юм чинь хатуу хучилттай зам хэрэгтэй. Тэгэхээр нийслэлд болоод орон нутагт өдөр тутамдаа шинэ ногоогоор хангая гэвэл замтай ойрхон байх шаардлагатай. Энэ бүхнийг цогцоор нь шийдээд өгчих юм бол гурав, дөрөвхөн жилийн дотор 50, 60, 100 га хүлэмжийг Монгол Улсад бариад ашиглалтад оруулахад бэлэн байгаа.
-Танай хүлэмж дээр үе үеийн Ерөнхийлөгчид ирсэн байх юм билээ. Ирээд таны яриад байгаа энэ асуудал дээр дорвитой арга хэмжээ, санал санаачилга гаргадаггүй хэрэг үү?
-Ерөнхийлөгч бол Монгол Улс ийм чиглэлээр ингэж хөгжих ёстой шүү гэдэг ерөнхий юмыг ярьдаг. Яг хэрэгжүүлэгч газар нь Засгийн газар шүү дээ. Тэр дундаа газар тариалан, үйлдвэрлэлийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас удирдаж байгаа. Тиймээс тэр талаас гарч ирж байгаа бодлого их чухал. Ерөнхийлөгчид ирсний дараа тодорхой хэмжээнд энэ асуудал хөндөгддөг. Тодорхой хэмжээний бага хүүтэй зээлийг үргэлж гаргадаг ч хангалттай биш. Жишээлбэл, нэг хоёр тэрбумын хөнгөлөлттэй зээлийг гуравхан жилийн хугацаатай олголоо. Гэтэл яг үнэндээ энэ хүлэмж бараг арван жил болох гэж байгаа атлаа ашгаа өгч эхлээгүй л байна. Тэгэхээр хүлэмжийн аж ахуй гэдэг бол ядаж 20 жилийн хугацаанд өргөжих боломжтой.
Яах вэ, эхлэл нь тавигдаад явж байна. Тэгээд Монгол Улс ч хөгжиж байна, төр засгийн зүгээс ч энэ талаар ойлгож эхэлсэн учраас тэр боломжуудыг бүрдүүлж өгөх байх гэсэн найдлагатай хүлээж байна гэв.
•     •     •
Төгс ургац ХХК-ийн үйл ажиллагаа
Төгс ургац ХХК-ийн үйл ажиллагаа
Ийнхүү Төгс ургац ХХК-ийн хамт олон Монгол Улсын анхны дөрвөн улирлын хүлэмж байгуулж ЧАДЛАА. Тэд ирэх арван жилд тариалалтын талбайгаа 4-50 дахин өргөтгөж, Монголынхоо өргөст хэмхийн зах зээлээ бүрэн хангахаар 90 орчим ажилтантайгаар зогсолтгүй ажиллаж байна.
Сануулахад, хүнс, нарийн ногоогоо дотооддоо, тэр дундаа өвлийн улиралд хангахад дахиад 50 орчим га талбай хүлэмж хэрэгцээтэй буй. Үүнийг байгуулахын тулд хөрөнгө, мөнгө, дэмжлэг шаардлагатай ч баялаг бүтээгчид өөрсдийн "бор зүрхээр" өндөр зээлийн хүүтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн