УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийн шинэчлэн найруулгын талаар ярилцлаа. Тэрээр дээрх хуулийн төслүүдийг боловсруулан, өргөн барьсан юм.-Дээд шүүхийн шийдвэрийг Цэц хэлэлцэнэ гэсэн заалтыг шинэчилсэн найруулгад оруулсан. Энэ заалт Үндсэн хууль зөрчинө гэж зарим хүн тайлбарлаад байна?-Шинэчилсэн найруулга оруулж байгаагийн үндсэн том агуулгын өөрчлөлт нь энэ. Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад Цэц дахиж хянаж Үндсэн хууль зөрччихлөө гэж хүмүүс яриад байгаа. Гэхдээ энэ Үндсэн хууль зөрчихгүй. Үндсэн хуулийн 50.2-т Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна. Түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж байгаа. Гэтэл үүний дараагийн өгүүлбэрийг нь ерөөсөө уншихгүй, ярихгүй байна. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэсэн заалт бий. Энэ бол Дээд шүүх шийдвэрээ эргэж харах боломжтой гэдгийг нотлоод байгаа биз. Гэтэл Дээд шүүхэд хэн энэ асуудлыг тавих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Түүнийг Үндсэн хуульд бас заагаад өгчихсөн. Энэ бол сүүлийн 32 жил огт хэрэглэгдээгүй, амьсгал агаар оруулаагүй заалт. Тэр нь 50.1.3 буюу Хууль түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж байгаа. Хүний эрх хамгаалах асуудлаар Цэц, прокурор хоёр асуудал оруулж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ заалт огт хэрэгжээгүй. Үүнийг л хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүнд Үндсэн хуулийн зөрчил байхгүй.Яагаад Цэцэд хүний эрхийг хамгаалах асуудлаар Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг хүртэл эргэж харж болно гэдэг заалт Үндсэн хуульд оруулж өгсөн юм бэ гэдэг чухал асуудал байгаа биз. Яагаад гэвэл шүүх алдаатай шийдвэр гаргаж болно гэдгийг бид тал талдаа хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ нөгөө талаас шүүхийн шийдвэр эцэслэгдэж байх ёстой. Энэ бол бусад улс оронд ч байдаг заалт.