Испани Улсын Мадрид хотод 9 дахь удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн төгөлдөр хуурчдын “Гран Клавир” олон улсын тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 04-06-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэ удаагийн уралдаанд 11 орны нийт 90 гаруй сурагч мэргэжлийн болон сонирхогчдын төрлөөр гурван ангилалд ур чадвараа сорьсноос Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын 4А ангийн сурагч А.Аялгуу нь мэргэжлийн төрөл А категорид нэгдүгээр байр эзэлж, тус сургуулийн 8А ангийн сурагч А.Мишээл нь мэргэжлийн төрөл В категорид хоёрдугаар байр эзлэн өндөр амжилтыг гаргасан байна.
Тэмцээний шүүгчээр соёлын элч, Гран клавиер урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, багш Д.Мэндмаа, тэмцээний хүндэт шүүгч Galina Eguiazarova, Хатан хаан Софиягийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн багш Вадим Гладков, Вена хотноо уран бүтээлээ туурвиж буй төгөлдөр хуурын багш Наталъя Петрушенко, Испани улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Gustavo Diaz Jerez, Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн тэнхмийн багш О.Лхагвасүрэн нар ажилласан байна.
Энэхүү тэмцээн нь гадаадын олон орны өсвөрийн төгөлдөр хуурчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээн, фестивалд уригдах, цаашлаад мэргэжлийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломжийг нь нээж өгөхөд чухал ач холбогдолтой болж, жилээс жилд цар хүрээ нь тэлж буй юм. Дашрамд дурдахад энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Мадридын хөгжмийн төв консерватори Аманиел, Испанийн Алкала дэ Энэрас хотын Их сургууль, тус хотын захиргаа, Испанийн Хөгжмийн зохиолчдын холбоо, төгөлдөр хуурын HINVES PIANOS дэлгүүр, Мадрид болон Алкала дэ Энэрас хотын Консерватори, Испанийн Залуучуудын холбооны Хөгжмийн боловсролын салбар байгууллага, “Гран клавир” урлагийн нийгэмлэг, испани болон гадаадын олон хувь хүмүүс ивээн тэтгэж дэмжлэг үзүүлдэг бөгөөд Alcala de Henares хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн хот юм.