Эрх зүй | 1 мин уншина

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн цагдаагийн алба хаагчдыг баривчилжээ

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн цагдаагийн алба хаагчдыг баривчилжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 5
Сэлэнгэ аймагт Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүний дараа ЦЕГ-аас тус асуудлаар мэдээлэл хийж, цагдаагийн байгууллага дотоод хяналтаараа хэргийг илрүүлсэн талаар мэдээлсэн юм. Гэхдээ тус хэрэг энэ жил гараагүй бөгөөд охиныг 12 настай байхад буюу өнгөрсөн жил гарсан гэсэн мэдээлэл гараад байгаа.
Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар хэрэг үйлдсэн уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж. Тэдний гурвыг Сэлэнгэ аймгаас, нэгийг нь хотоос барьжээ. Харин уг мэдээлэл гарсны дараа нэг албан хаагч нь амиа хорлохыг завдсан байна. Тиймээс амиа хорлохыг завдсан хэрэгтнийг тусгаарлан саатуулаад байгаа аж.
Хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий дөрвөн албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэсэн юм.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн