Open iToim app
Дэлхийн монгол | 11 мин уншина

ДЭЛХИЙН МОНГОЛ:  Бие даан сурсан ур чадвараа Рио Тинтод үнэлүүлж буй монгол залуу

ДЭЛХИЙН МОНГОЛ:  Бие даан сурсан ур чадвараа Рио Тинтод үнэлүүлж буй монгол залуу
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 5
iToim.mn сайт найман жил тасралтгүй хүргэж байгаа “Дэлхийн Монгол” цувралын ээлжит зочноор Рио Тинто Монгол компанийн Бизнес Анализ хариуцсан ахлах зөвлөх Нямын САНЧИР-ыг­­­ урилаа. Н.Санчир нь БНСУ-ын Агаарын сансрын их сургуулийн Сансар, механик инженерийн сургуулийг нисэхийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр үндсэн мэргэжлээрээ багахан хугацаанд ажиллаад ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн ур чадварт өөрөө бие даан суралцаж, үндэстэн дамнасан Рио Тинто группийн нэг хэсэг болж чаджээ.
Ингээд Н.Санчирын ажил, амьдрал, амжилтын замналаар аялцгаая.
-Таны ажил мэргэжлийн карьерын талаарх мэдээллийг олж авсан. Бакалаврын дипломын ажлын сэдэв нь нэлээд сонирхол татлаа. “Нарны эрчим хүчээр ажилладаг, урт хугацааны нислэг хийх чадвартай нисгэгчгүй нисэх онгоцны загвар”-гэсэн байсан. Энэ ажлаа бүтээл болгосон уу, эсвэл судалгааны ажил байсан уу?
-Нэг хүн хийх боломжгүй, багаараа хийх том хэмжээний судалгааны ажил байсан. Манай баг бүтэн нэг жилийг судалгаандаа зарцуулсан. Эхний хагаст нь бүх загварчлал, тооцоо, судалгаагаа цаасан дээр буулгаж, үлдсэн хагас жилд бий болгосон загварчлал дээрээ нисгэгчгүй онгоцондоо ямар тоног төхөөрөмж ашиглах тооцоог гаргаж, дараа нь бодитоор угсарч бүтээх ажлаа эхлүүлсэн. Нарны энергиэр ажиллах онгоц маш том далавчтай байх ёстой, тэгж байж шаардлагатай цэнэгээ нарнаас хуримтлуулах байсан. Бид анх 20 метр урт далавчтай онгоц хийхээр загварчилж байсан. Гэхдээ тийм том хэмжээний онгоцыг оюутнууд хийх боломжгүй учраас арав дахин багасгасан буюу хоёр метр урт далавчтай онгоц бүтээж, хоёр цаг орчим туршилтаар нисгэж байсан. Туршилтаа хийснийхээ дараа бүх аргачлал, дүгнэлтээрээ дипломаа бичиж, амжилттай хамгаалж байсан юм.
-Ер нь агаарын тээврийн компаниуд нарны энергиэр эрчим хүчээ хангах чиглэлд хэр ажилладаг юм вэ?
-Бид туршилтаа эхлүүлэхээс өмнө нь тус чиглэлээр хийсэн ижил төстэй судалгаа, шинжилгээг судалж байсан. Нислэгийн компаниудаас илүү НАСА болон бусад судалгаа хийдэг компаниуд энэ төрлийн онгоцууд хийж, туршдаг. Нарны энергиэр ажилладаг онгоц нь дунджаар 15-20 мянган метрт нэлээд удаан нисдэг учраас бүс нутгийн судалгаа шинжилгээнд илүү ашигладаг юм байна лээ. Яг зорчигч тээвэр, логистикт ашиглахаар даац ихсэх, илүү их энерги шаардагдах талтай байдаг.
-Нисэхийн инженер мэргэжлээрээ багахан хугацаанд ажиллаад дата аналист, мэдээлэл технологийн салбар руу урважээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?
-Их сургуулиа төгсөхдөө “хүндэт төгсөгч” болж, дотроо өөрийгөө мундгаар л төсөөлж байлаа. Нисэхийн чиглэлийн дэлхийн томоохон авиа компани юм уу, эсвэл онгоц үйлдвэрлэдэг Боинг зэрэг компаниуд руу ажилд орох хүсэлт илгээсэн. Яг ингэж явуулж байхдаа “Би лаг, чадна” л  гэж бодож байв. Гэхдээ алинд нь ч тэнцээгүй. Гол шалтгаан нь, надад ажлын туршлага байгаагүй. Хоёрдугаарт, ихэнх оронд нисэх Батлан хамгаалах салбарын нэг хэсэг болж явдаг учраас тухайн улсынхаа иргэнийг авах сонирхолтой байдаг юм байна лээ. Ингээд “Би бүгдийг чадна" гэсэн дэврүүн бодлоос бодит байдалтайгаа нүүр тулж Монголдоо ирсэн. Тэр үед ажлын туршлагагүй учраас ганц мэргэжилдээ найдаж болохгүй юм байна, өөр зүйл сурах хэрэгтэй гэж бодсон. Ингээд юм уншиж, судалж байгаад хамгийн эрэлттэй ур чадварт дата анализ, компьютерын шинжлэх ухаан гэдэг мэргэжлүүд эрэлттэй байсан. Монголдоо ирснийхээ дараа бие дааж код бичиж сурсан. Мэдээж дөрвөн жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах ёстой гэж бодоод МИАТ ТӨХК-д дадлагажигч инженерээр ажилд орж байсан. Ажлынхаа хажуугаар бие даан сурах зүйлээ сураад л байлаа. Өмнө нь компьютерын шинжлэх ухаан гэдэг зүйлийг бага сага мэддэг байсан бол сурах явцдаа өгөгдлийн шинжлэх ухаан гэдэг цоо шинэ салбартай танилцсан. Өгөгдлийн шинжлэх ухаан гэдэг салбар маш их тэсрэлттэй гарч ирж байгаа юм байна, нөгөө талаас заавал дөрвөн жил компьютерын шинжлэх ухаанаар сурахгүйгээр энэ салбарт ажиллаж болох юм байна гэдгийг анзаарч, тэр чиглэлд өөрөө бие даан сурах болсон. Яг тэр үед Юнител компанийн дата аналист ажилд авах зар хараад CV-гээ явуулж үзсэн. Туршлага харахгүйгээр намайг ажилд авсан бөгөөд тэр цагаас нисэхийн инженерээ дата аналистаар сольсон доо.
-Дата аналист болоход математик суурь чухал санагдсан. Өөрөө математиктаа сайн байсан уу?
-Би дунд сургуулиа нийслэлийн 11-р сургуулийг дүүргэж байсан. Арван жилд байхдаа математикийн олимпиадад оролцдог хүүхэд байсан. Манай сургуулийнхан голцуу МУИС-ийн Эдийн засаг, СЭЗИС-т ордог байсан. Яг энэ жишгээр МУИС-т эдийн засгийн чиглэлээр сурахаар элссэн. Статистик боловсруулахад багагүй суралцсан нь хэрэг болсон.
МУИС-т сурах явцад миний дуртай зүйл биш, хүчин чармайлт гарахгүй байсан. Тэгээд ер нь гадагшаа л явах ёстой юм байна гэж бодоод, тэтгэлгүүд судалж эхэлсэн. Тухайн үед Боловсролын яамны сайт дээр Солонгосын ILWOO сангийн тэтгэлэг зарлагдсан байсан. Энэ тэтгэлгийг судлаад үзэхэд дэлхийн том, том компанид ажилладаг монгол хүмүүс сурсан байсан. Тухайлбал, Гүүглийн Баттулга ах ILWOO сангийн тэтгэлгээр Солонгост сурч байсан юм байна лээ. Тус тэтгэлэгт материалаа өгөөд тэнцсэн хариу авсан. Сурахыг хүссэн гурван мэргэжлээ бичээрэй гэхэд нэгд, нисэхийн инженер, хоёрт нь мэдээллийн технологи, гуравт нь архитектор гээд бичээд явуулсан. Ямар ч уялдаа холбоогүй, өөрөө ч сайн мэдэхгүй гурван мэргэжлийн нэр бичээд явуулчихаж байсан. Ингээд тэтгэлгийн багийнхан энэ хүүхдийг нисэхийн инженерээр нь сургавал зүгээр байна гэж шийдээд бүрэн тэтгэлэг өгч байсан. Бас л санаандгүй явж байгаад мэргэжлээ сонгож байсан.
undefined
-Ямар ч төсөөлж байгаагүй мэргэжлүүдийг сонгосныг, үндсэн мэргэжлээ тэс өөр мэргэжлээр сольсныг нь харахад өөрийгөө нэлээд сорих дуртай төрлийн хүн юм болов уу. Яагаад “Рио Тинто Монгол”-д ажиллах болсон бэ. Үндэстэн дамнасан том компанид ажилд ороход ямар шалгуур давж байсан бэ?
-Рио Тинто Монгол 2015 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм байна лээ. Миний хувьд 2020 онд 70, 80 дахь гишүүн нь болж орж байсан. Ажилд ороход дөхөм болсон зүйл нь өмнөх туршлага байсан. Нисэхийн том компаниудын алинаас ч амжилттай хариу аваагүй ч тэдэн рүү материалаа явуулах нь хувь хүн талдаа сайн туршлага болж үлдсэн. CV-гээ хэрхэн бичих, ярилцлагад ямар асуулт асуугддаг, хэрхэн хариулах ёстой талаар өөрийгөө маш сайн бэлдсэн нь эргээд давуу тал болсон шүү.
Рио Тинто Монголд ажилд орохдоо гурван үе шаттай ярилцлага өгсөн. Эхний ярилцлагын үеэр хүний нөөцтэй нь биечлэн уулзаж, өөрийгөө хувь хүний үүднээс таниулж, ярилцсан. Хоёр дахь шатанд шууд удирдлага буюу орох гэж байгаа багийнхаа ахлахтай ярилцлагад орсон. Мөн тухайн орох гэж байгаа албан тушаалд шаардлагатай техникийн мэдлэгийнхээ хүрээнд жижиг хэмжээний шалгалт өгсөн. Хамгийн сүүлд Австрали менежертэйгээ ярилцлага өгч байсан.
-“Рио Тинто”-д анх тайлан хөгжүүлэлтээр ажилд ороод одоо Бизнес анализ хариуцсан ахлах болжээ. Богино хугацаанд карьераа ахиулсан нууц юу вэ?
-Миний хувьд гурван жилийн өмнө Рио Тинто Монголд орсон хэрнээ хурдан хугацаанд өсч, олон салбарт хөрвөж ажилласан. Гол нууц гэвэл анхны ажлаасаа эхлээд үйлчлүүлэгчээ care хийдэг байсан. Эргээд үйлчлүүлэгчид миний ажлыг үнэлнэ, заримдаа тэд өөр төсөлд хамтран ажиллах боломжийг нээж өгсөн. Тэр хүмүүсийн харилцааны нөлөө бий. Дээр нь Рио Тинто компани шинэ зүйл сурах, мэргэжлийн сертификат авах, байгууллага дотроо шилжин ажиллах боломжийг нээлттэй олгодог нь хөшүүрэг болсон. Рио Тинто компани бол миний ур чадварыг үнэлж, олон талбарт ажиллаж өсөх, хөгжих боломжийг олгож байгаа газар.
-Одоо хийж байгаа ажлынх нь онцлог юу вэ?
-Манай том баг технологийн платформ гэсэн нэртэй. Энэ багт Рио Тинтогийн мэдээлэл технологийн суурь болсон багууд багтдаг. Жишээ нь, сүлжээний баг, сервер хариуцдаг баг, уурхайн систем, аппликейшнүүдийг хариуцдаг баг гэх мэт. Энэ том багт нийтдээ 1500 гаруй хүн ажиллаж байна. Энэ баг бол Рио Тинтогийн мэдээлэл технологийн цөм нь юм. Рио Тинтод хэрэгжиж байгаа мэдээлэл технологийн бүх төсөл дээр манай баг оролцдог. Манай баг тухайн төсөлд аль баг ямар хэмжээнд оролцох ёстой, ажлаа хийхэд нь  шаардлагатай мэдээлэл, процесс ямар байх зэргээр зохион байгуулах байдлаар ажилладаг. Миний өдөр тутамдаа харилцаж байгаа хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Миний хувьд технологийн баг бүрийг төлөөлсөн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багтай бөгөөд зарим нь Хойд Америкт, Австралид, Монголд байх жишээтэй. Цагийн ялгаатай бүсэд ажилладаг учраас тогтсон ажлын цагт баригдахгүй ажилладаг. Гэхдээ Рио Тинто дотор мэдээлэл технологийн ямар төсөл хэрэгжиж, хаана юу хийж байгааг заавал мэдэх шаардлагатай, манай багийнхан хаана юу хийж байгааг ч мэдэх ёстой, мөн хэн юу чаддагийг нь мэддэг байх шаардлагатай. Жишээ нь, хуучирсан технологиудыг шинээр солих төсөл орж ирэхэд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж, багууд тус тусын ажлаа саадгүй гүйцэтгэх зохион байгуулалтыг хийдэг.
-Ер нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт яагаад чухал вэ?
-Өгөгдөл гэдэг нь өнгөрсөнд болсон үйл явдлыг ямар нэгэн форматаар хадгалсныг хэлж байгаа юм. Тэр нь текст, тоон мэдээлэл, зураг бичлэг, дуу авиа ч байж болно. Бид ирээдүйд зориулж  шийдвэр гаргахдаа өнгөрсөн мэдээллийг үндэслэж гаргах нь илүү оновчтой байдаг. Өнгөрсөнд ийм зүйл болсон байна гэдгээс шинэ зүй тогтол гаргаж болно. Тухайн зүй тогтлоо ашиглаад илүү бололцоотой ирээдүйг төсөөлж байгаа хэлбэр гэж ойлгодог.
Шийдвэр гаргах процессыг бодоод үзвэл санаанаасаа зохиож гаргаж болно. Тухайн шийдвэр нь ямар нэгэн мэдээлэлд суурилаагүй учраас шийдвэр нь оновчтой байх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхээр бидэнд байгаа гол зүйл бол өнгөрсөн болон одоо болж байгаа зүйл дээр тулгуурлаад шийдвэр гаргах нь хамгийн боломжит, дөхөж очих шийдвэр гэж хардаг. Нөгөө талд өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нь процессыг хурдасгадаг. Хүн өөрийнхөө бодлыг хэлээд бусадтай мэтгэлцэж цаг алдахгүйгээр өмнөх болон байгаа мэдээллээ боловсруулж, боломжит хувилбаруудыг гаргаж тэрэндээ үндэслэн шийдвэр гаргах нь илүү хурдан гэсэн үг.
Хиймэл оюуныг ашиглан ажлаа хялбарчил, шинэ зүйлийг аюул гэхээс илүү боломж гэж харах хэрэгтэй

undefined
-Эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтад дата аналист нэлээд дээгүүрт байдаг. Яг одоо мэргэжлээ сонгох гэж байгаа залууст та юу зөвлөх вэ. Жишээ нь, сурч байх явцдаа ямар чадваруудаа илүү хөгжүүлэх ёстой, ажил дээр гараад юуг илүү анхаарах ёстой вэ?
-Дөнгөж мэргэжлээ сонгох гэж байгаа залууст шууд дата аналист болоорой гэж зөвлөхгүй. Харин өөрийн туршлагаасаа зөвлөгөө өгвөл нэгд, бакалаврын мэргэжил бол таны, чиний насан туршдаа хийх ажил байх албагүй. Түүнээс гадна чиний сурч, хөгжих зүйл бакалаврын дөрвөн жилээр хязгаарлагдахгүй. Хүн тогтмол сурч хөгжиж байх ёстой. Сурч, хөгжих тусам шинэ боломжууд нээгддэгийг өөр дээрээ анзаарсан. Тиймээс хэдий өөрийн хүссэн мэргэжлээ сонгосон ч бусад зүйлийг сурахаа битгий зогсоогоорой. Төгсөөд шинэ ажилд орсон ч үргэлж шинийг эрэлхийлж, зогсолтгүй сурч байгаарай. Гадаадад сурвал лаг юм шиг ойлголт хоцорсон. Сурах эх сурвалж илүү нээлттэй, олон болсон байна. Эх орноосоо өөрийгөө хөгжүүлж, сурах ч боломжтой.
Миний хувьд заавал нэг зүйлд хайрцаглагдах хэрэггүй гэж боддог. Яг одоо бол байгууллагадаа өөрчлөлтийг хэрхэн, үр бүтээмжтэй, оновчтойгоор нэвтрүүлэх үү гэдэгт илүү төвлөрч, суралцахыг зорилго болгоод явж байна.
-Өдөр тутамдаа хэл англи хэлээр ажлаа явуулж байх шиг байна. Хэлний чадвараа хэрхэн хөгжүүлж байсан бэ?
-Солонгос, англи хэлийг өөрөө бие дааж сурсан. Арван жилдээ хичээлийнхээ хажуугаар сургалтад явдаг байсан. Солонгост мэргэжлийн хичээлүүд солонгос хэл дээр явагддаг байсан ч нийгмийн шинжлэх ухааны хичээлээ англи хэл дээр сонгох боломжтой байсан. Би семистер бүр англи хэл дээр семинар, хэлэлцүүлэг явагддаг хичээлээс сонгодог байсан. Тэр нь бичих, ярих чадвараа хөгжүүлэхэд нөлөөлсөн. Рио Тинтод өдөр тутмын ажил дан англи хэлээр явж байгаа учраас зогсолтгүй л суралцаж байна.
-Цаашдаа мэдээлэл, технологи хурдацтай хөгжихийн хэрээр хүний хийдэг бүх л зүйлийг робот, хиймэл оюун ухаан хийх боломжтой болж байна. Гэхдээ бодит үр дүнд тулгуурласан дүн шинжилгээ, анализ хийсэн мэдээлэл үнэ цэнээ алдахгүй гэж хардаг. Энэ тал дээрх таны бодол?
-Миний бодлоор технологийн хөгжил дэвшил нь нэг асуудлыг шийдэж байгаа ч хажуугаар нь өөр асуудлыг үүсгэж, бий болгож байдаг. Дата аналист гэдэг мэргэжил тав, арван жилийн өмнө бараг л байдаггүй байлаа. Одоо энэ мэргэжил эрэлттэй болж байна. Магадгүй хэдхэн жилийн дараа хиймэл ухаан илүү сайжирч энэ мэргэжил үгүй болсон ч өөр нэг мэргэжлийг шинээр бий болгох болов уу гэж боддог. Харин иймэрхүү өөрчлөлтөд уян хатан байхын тулд шинээр гарч байгаа технологид соргог, тэрийг нь ашиглаж сурах чадварт суралцаад явбал илүү давуу далтай санагддаг. Өнгөрсөн жилээс ChatGPT, AI ашигласан шинэ зүйлүүд гарсаар байна. Энэ бүгдийг өдөр тутмынхаа ажил, амьдралд ашиглаад ажлаа хялбарчлаад сурсан хүн илүү давуу талтай болно. Тэгэхээр шинэ зүйлийг аюул гэхээс илүү боломж гэж харах хэрэгтэй.
quote photo
Монголоосоо үндэстэн дамнасан компанид ажиллангаа эх орондоо ирэх сэдлийг өөрөөрөө үлгэрнэ.
Н.Санчир
-Амжилттай яваа хүмүүс хэн нэгнээс урам зориг, үлгэр дуурайлал авдаг. Таны хувьд хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Рио Тинто группийн удирдах албан тушаалд монгол хүмүүс олон байдаг. Тэр хүмүүсийн ажиллах арга барил, хандлагаас суралцаж, үлгэр дуурайлал авдаг. Мөн өдөр тутамдаа харилцаж байгаа хүмүүс маань ихэвчлэн гадаад мэргэжилтнүүд байна. Тухайн хүмүүс өөр соёлд өссөн, бидний хандлага, ажиллах арга барил өөр байдаг. Хамтран ажиллагсдынхаа сайн зан чанарыг анзаарч, зөв үлгэр авахыг хичээдэг. Урам зоригийн хувьд миний хийсэн, эсвэл оролцсон ажил хэн нэгэнд эергээр нөлөөлж, тэр хүн баяртай байгааг харах л хамгийн том урам даа.
-XXI зуунд залуу хүн, тэр дундаа монгол залуучуудын гол ялгарах ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?
-Хүн бүр л интернэтээр дамжуулж мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж байна. Өнгөрсөнтэй харьцуулахад XXI зууны монгол хүн, гадаад хүн ялгагдахгүй болж байна. Учир нь, авч байгаа мэдээллийн урсгал, хэрэглэж, ашиглаж байгаа зүйл, амьдрах хэв маяг, соёлын ялгаа ч гэсэн бие биедээ уусаж, шингэж байна. Монголчуудын бусдаас ялгарах зүйл нь Монголын уламжлалт өв соёлоос гарч ирж байгаа тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар нь. Энэ нь л нөгөө ижилхэн болж байгаа хүмүүсээсээ ялгарах онцлог юм болов уу. Гадаадад өссөн монгол хүүхэд багаасаа л англи хэлээр ярьж байгаа учраас тэнд байгаа хүнээс ялгагдахгүй болж байна. Харин Монголд амьдарч, өсөж байхдаа англи хэл, техник технологийн ур чадварыг эзэмшсэн хүмүүс илүү давуу талтай байгааг өдөр тутамдаа харж байна.
-Зарим залуус гадаадад л сурч, тэнд л ажиллаж амьдарвал болчих юм шиг бодолтой байх шиг. Гэхдээ Монголдоо сураад, Монголоосоо дэлхийн нэр хүндтэй компанид ажиллаж болдог гэдгийн тод жишээ нь  өөрөө байна шүү дээ?
-Эргэн тойрны найз нөхөд, ах эгч нараа харахад, гадаадад ажиллаж амьдрах нь их болсон. Хааяа бага зэрэг харамсдаг. Хэдий тухайн хүний хувийн амьдрал нь тогтвортой сайхан байгаа ч бүх хүч хөдөлмөр нь өөр зүйлд зарцуулагдаад байгаа санагддаг. Чин хүсэлдээ өөрөөрөө үлгэрлээд ганц, хоёр хүнд ч гэсэн эх орондоо ирэх сэдэл өгөхийг хичээдэг. Энэ салбартаа мэргэжилтэн болж хүмүүст эергээр нөлөөлөх, гарт баригдах төсөл хэрэгжүүлэх юм сан гэсэн мөрөөдөл бий.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн