Зочин | 8 мин уншина

Х.Мөнхжаргал: ЭТТ ХК-ийн ашигт ажиллагаанд ил тод байдал хамгийн чухал нөлөөлсөн

Х.Мөнхжаргал: ЭТТ ХК-ийн ашигт ажиллагаанд ил тод байдал хамгийн чухал нөлөөлсөн
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 4
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Өнөөдрөөс Эрдэнэс Тавантолгой ХК /ЭТТ/-н 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дансанд 2023 оны ногдол ашиг орно. Үндэсний аудитын газраас өчигдөр ЭТТ хувьцаат компанийн санхүүгийн тайланд аудит хийж баталгаажууллаа. Тэгэхээр аудитлагдсан тайлангаас өнгөрсөн оны голлох үзүүлэлтээс ярилцлагаа эхэлье?
-ЭТТ ХК 2023 онд 29.3 сая тонн нүүрс борлуулж, 2.8 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн. 2022 оны аравдугаар сарын 26-нд ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш тооцвол 4.2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн, 2023 оны хоёрдугаар сараас биржийн борлуулалт эхэлснээс хойш 2024 оны нэгдүгээр улирлыг дуустал 78 удаагийн амжилттай арилжаагаар 14.1 сая тонн нүүрс борлуулж, 1.8 тэрбум ам.долларын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, нийт борлуулсан нүүрсний 50 орчим хувийг биржээр арилжсан гэсэн үг.
2023 оны өөр нэг онцлох үзүүлэлт бол дотоодын тээврийн аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлд бодитой үр дүн гарсан. Тээврийн тендерийг Төрийн худалдан авах агентлаг дээр зохион байгуулж, шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд тээврийн компаниудын орлого өсч, улсын төсөвт төвлөрүүлэх татвар нэмэгдсэн. Тухайлбал, 2021 онд тээврийн компаниуд 29 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан бол 2022 онд 97 тэрбум, 2023 онд биржийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор 226 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу сар шинийн баярын өмнө 2022 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан. 2023 оны хувьд 1072 хувьцаатай нэг иргэнд 281 мянган /татвар суутгаагүй/ төгрөгийг хуваарилахаар болсон. Аудитын тайлан өнөөдөр /өчигдөр/ баталгаажсан учраас өнөөдрөөс иргэдийн дансанд ногдол ашгийн мөнгө орно. Ер нь цаашид Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажилласан тохиолдолд Компанийн тухай хуулийн дагуу холбогдох шийдвэр гарсны дараа жил бүр ногдол ашиг хуваарилах бодлого барина.
Энэ онд манай компанийн баримтлах гол стратеги бол компанийн өөрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Тухайлбал, нүүрс олборлолтынхоо 30 хүртэлх хувийг өөрсдийн техникээр хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн, уурхай дээр ажиллаж байгаа ажилчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, засварын төв, гаалийн хяналтын бүс зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна.
-2023 оны нийт ашиг хэдээр баталгаажсан бэ. Үүнээс хэдийг нь 1072 хувьцаа эзэмшигчдэд хуваарилах вэ?
-Компанийн 2023 оны цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгөөр баталгаажсан. Үүнээс 762 тэрбум төгрөгийг 1072 хүртэл хувьцаатай 3.4 сая иргэнд ногдол ашиг хэлбэрээр хуваарилна.
-Төрд хуваарилагдах ногдол ашгийг хэрхэн зарцуулах төлөвлөлт гарсан уу?
-Хувьцаа эзэшигч “Эрдэнэс Монгол” компани хэрхэн хуваарилах асуудлыг шийднэ. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ЭТТ ХК-ийн удирдлагын багийн зүгээс төрийн буюу “Эрдэнэс Монгол”-д хуваарилагдаж байгаа ногдол ашгийг өмнө нь санхүүжилт нь хийгдсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам төслийн өр авлагыг барагдуулахад зарцуулах байр суурьтай байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн хувьд “Эрдэнэс Монгол” гаргана. УИХ-ын тогтоолоор төрд ногдох хувийг Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд хооронд байгаа өр авлагыг цэгцлэхэд зарцуулах чиглэл гарсан. Энэ тогтоолын дагуу ажлууд хийгдэх байх.
-2023 онд Монгол Улсаас экспортолсон нүүрсний 50 орчим хувийг ЭТТ дангаараа гаргаж, түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллажээ. Өмнөх жилүүдэд ч энэ компани ийм хэмжээний ашигтай ажиллах боломжтой байсан юм биш үү. Амжилттай ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйлийг компани юу гэж тодорхойлсон бэ?
-Хамгийн гол хүчин зүйл нь ил тод байдал байсан. Хаалттай орчинд явагдаж байсан бүх зүйлийг ил болгосон. Хэнтэй, хэдэн тонныг, ямар үнээр худалдаалах, хэнд хүргэх зэрэг бүх л мэдээлэл хаалттай байсан. Хэдхэн дарга л борлуулалт хэмжээг нь мэддэг, бусад нь юу, хаана зарагдаж байгаа, хэдийг олсон, ашиг хийж байгаа эсэх нь мэдэгддэггүй явж ирсэн байна. Бүр гэрээгээ байгуулаад нүүрсийг нь өгсөн хэрнээ мөнгийг нь аваагүй тохиолдол ч байсан. Компанид шаардлагатай, шаардлагагүй асар их хэмжээний худалдан авалт хийдэг. Ажилладаггүй тоног төхөөрөмж, ашиглагддаггүй систем авсан гэх мэт. Яг үнэндээ хэмнэлтийн горим гэдэг зүйл бүрэн алдагдсан. Энэ компанид ирээд жил гаруй хугацаанд ажиллахдаа өмнөх дарга нар өөриймсөг бус, их л сэтгэлгүй хандаж ирсэн байна гэж харсан даа.
Ингээд 2022 оны аравдугаар сард БЭТ томилогдсоноос хойш компанийн бүх мэдээллийг нээлттэй ил тод болгосон. ЭТТ ХК-ийн албан ёсны сайт дээр аж ахуй нэгж байгууллагуудтай байгуулсан худалдан авалтын бүх гэрээг ил болгосон. Эргээд ил тод, нээлттэй байдал нь бүх үзүүлэлт өсөхөд эергээр нөлөөлсөн. Хоёрт, хэдий төрийн өмчит компани ч хүнд суртлаа багасгаж, засаглалаа сайжруулбал үр дүн гардгийг өнөөдрийн тоонууд харуулж байна шүү дээ. Засаглалын хувьд Засгийн газраас Онцгой дэглэм тогтоож хэн нэгний нөлөөнд автахгүйгээр ажиллах боломжийг олгосон. Улс төрийн хараат бус байдал, засаглалын оновчтой тогтолцоо, мэдээллийн ил тод байдлыг хангавал төрийн өмчит ямар ч компани энэ зэрэгтэй ажиллах боломжтой гэж харж байна.
quote photo
Монгол Улс биржийн арилжааг эхлүүлсэн нь маш зөв шийдэл байсан гэж харж байна. ЭТТ ХК биржийн арилжаанаас 763 сая долларын нэмэлт орлого олсон
Х.Мөнхжаргал
-Нүүрсээ биржээр арилжаалахад ямар давуу тал гарч байна вэ. Биржийн үнийн хувьд ам нөхцөлөөс хэд дахин илүү, зах зээлийн жишиг үнэ рүү дөхөж тогтдог болсон санагдсан?
-Монгол Улс биржийн арилжааг эхлүүлсэн нь маш зөв шийдэл байсан гэж харж байна. Ганц нүүрс гэлтгүй бүх эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж байна. ЭТТ компанийн хувьд өмнө нь 30 ам.доллараар зарагддаг байсан эрчим хүчний нүүрсийг биржээр арилжаалахдаа 60 орчим ам.доллараар зардаг болсон байх жишээтэй. 2023 оны эхээр биржийн арилжаа эхэлж байхад амаргүй байсан. Гэсэн хэдий ч Ганцмод боомтод нүүрсээ худалдан авагч талдаа хүргэсээр байсан. Цаг хугацаа явах тусам эдгээр асуудлууд цэгцэндээ орсон. Биржийн арилжаагаар нүүрсний үнийг 40 хувь хүртэл өсгөж зарсан тохиолдол гарсан. ЭТТ ХК 2024 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.1 сая тонн нүүрс биржээр арилжсанаас анхны дуудах үнэ болон борлуулагдсан үнийн зөрүүнээс 763 сая ам.долларын нэмэлт орлого хийсэн. Хэрвээ биржээр зараагүй байсан бол ийм хэмжээний нэмэлт орлого олохгүй байсан.
Өмнө нь биржээр арилжаалдаггүй байхад сорчилж, сайн чанарын нүүрс зарах сонирхол өндөр байсан. Харин биржээр бүх төрлийн нүүрсийг сорчлохгүйгээр зарж байна. Мэдээллээ нээлттэй тавьснаар худалдан авагч тал өөрсдийн хүсэл сонирхол нийцэх бүтээгдэхүүнийг сонгож худалдан авах боломжтой болсон.
-Эрдэнэс Тавантолгой компани дээр байгаа оффтейк гэрээнүүдийн асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?
-2022 оны аравдугаар сард Онцгой дэглэм тогтооход нийт дөрвөн төсөлтэй холбоотой 38 оффтейк гэрээ байсан. Эдгээр гэрээг хугацааны хувьд ихэнхийг дуусгавар болгож, одоо гурван төсөлтэй холбоотой гурван оффтейк гэрээ үлдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн нэг гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэрийн нэг гэрээ, нөгөө нь газрын тосны үйлдвэрийн гэрээ байгаа.
2022 оны аравдугаар сараас хойш нүүрсний ам нөхцөлтэй борлуулалтын нэг ч оффтейк гэрээг байгуулаагүй.
-Тавантолгой-Гашуунсахуйт төмөр замын төслийг гүйцэтгэгчдэд ам нөхцөлөөр нүүрсээ өгсөөр байгаа гэсэн үг үү?
-Тухайн гэрээ нь өөрөө олон улсын шинж чанартай учраас шууд цуцлах эрх зүйн орчин дутмаг байгаа. Гэрээ нь хугацааны хувьд дуусаагүй байгаа учраас үргэлжилж байна.
-Өнгөрсөн өвөл нүүрсний сонсгол дээр яригдсан Бортээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрсний олборлолт, баяжуулалт хийхээр шалгарсан МТАС түншлэлтэй холбоотой хууль бус асуудлууд хөндөгдсөн. Энэ түншлэлтэй хийсэн гэрээг цуцалсан гэж байсан. Энэ үнэн үү?
-УИХ-аас МТАС түншлэлийг сонгон шалгаруулсан нь хууль журмын дагуу явагдаагүй гэсэн үндэслэлээр цуцлах шийдвэр гаргасан. Гэтэл гэрээний харилцаа үүсээд явчихсан. Энэ нь өөр хуулиар зохицуулагдаж, хоёр тал харилцан үүрэг хүлээчихсэн байгаа учраас гэрээг шууд цуцлахад асуудлууд гарахаар байгаа. Тэгэхээр одоогоор гэрээг цуцлаагүй, харин төслийн ажлуудыг зогсоосон.
Эрдэнэс Тавантолгой компани хоёр үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байсан. Нэг нь ирэх тавдугаар сард ашиглалтад орох нойтон баяжуулах үйлдвэр. Нөгөө нь МТАС түншлэлийн Админерал компани хуурай баяжууулах үйлдвэрийг барьж байгаа. Баяжуулах үйлдвэрийн хувьд Монгол Улсад хэрэгтэй.
-Тэгэхээр хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ажил зогссон гэсэн үг үү?
-Зогссон. Хуурай баяжуулах үйлдвэрийн төсөл 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байсан.
-Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК-д бүртгэлтэй өр төлбөр хэд байна вэ?
-Засгийн газраас онцгой дэглэм тогтоох үед компани урьдчилгаа төлбөр, ЭТТ-Бонд, зэрэг нийт 4.3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсан. Үүнийг 2023 оны жилийн эцсээр 3.0 их наяд төгрөг болгон бууруулсан.
-2024 онд Эрдэнэс Тавантолгой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийх үү?
-Энэ жил Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын ажлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж байна. УИХ-ын тогтоолын дагуу уг бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг ЭТТ ХК олгох ёстой.
Уурхай дээр засварын төв байгуулах, өргөтгөх ажилд хөрөнгө оруулалт хийнэ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар ЭТТ ХК дээр олон улсын жишигт нийцсэн Шуурхай удирдлагын төв байгуулахаар ажиллаж байна. Уурхай дээр болж байгаа бүх үйл явцыг алсаас хянах, операторуудын ажиллаж байгаа цаг, аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийг GPS-ээр хянах зэрэг олон зүйлийг багтаасан “Шуурхай удирдлагын төв” байгуулахаар ажлын даалгавар хийгдэж байна. Удахгүй сонгон шалгаруулалтаа зарлана.
Мэдээж бид 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилтоо давуулан биелүүлэхийг эрмэлзэнэ. Нэгдүгээр улирлын байдлаар 8.3 сая тонн нүүрс борлуулаад байна.
-Та ярианы эхэнд компани өөрөө нүүрс олборлолтоо хийдэг болно гэсэн. Үүнийгээ тайлбарлаж болох уу?
-Өнөөдрийг хүртэл ЭТТ ХК нүүрс ухаж гаргах, хөрс хуулах ажлыг туслан гүйцэтгэгчдээр хийлгүүлж байсан. Үүнийхээ тодорхой хувийг компани өөрөө хийдэг болно л гэсэн үг. Бид 2025 онд ирэх ёстой байсан техникүүдийг энэ ондоо татаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн. Өөрсдөө хөрс хуулалт, олборлолтоо хийдэг болбол тодорхой түвшинд зардлаа хэмнэж, ашигт ажиллагаанд эерэг нөлөөтэй.
-Зах зээлээ хэрхэн харж байгаа вэ. Дэлхий нүүрснээс татгалзаад байгаа шүү дээ?
-Дэлхий бол түүхий нүүрс хэрэглэхгүй, татгалзах чиглэлд явж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барьж байна. Уг үйлдвэрийг 30 хүртэл сая тонн болгон өргөтгөх боломжтой. Зах зээлд угаасан нүүрсний эрэлт хэрэгцээ бий. Тавантолгой ордын коксжих нүүрс Хятадын гангийн үйлдвэрүүдэд нэлээд эрэлттэй байгаа.
-Саяхан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Тавантолгойн бүлэг ордын нөөцийг нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонноор бүртгэлээ. Одоогоор Тавантолгойгоос хэдэн тонн нүүрс олборлоод байна вэ?
-Тавантолгой нийт нөөц 6.3 тэрбум тонн гэж бүртгэсэн байсныг 1.8  тэрбум тонноор буюу ордын нийт нөөцийг 29 хувиар нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн болгон хөрөнгийн үнэ цэнийг өсгөсөн. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Тавантолгой ордоос 140 орчим сая тонн нүүрс гаргасан байна. Энэ нь 8.1 тэрбум тонн нөөцийн хажууд бага тоо. Мөн тавантолгой бүлэг ордоос нээгдээгүй дөрвөн орд байна. Бидэнд маш их нөөц бололцоо бий.
-Ярилцсанд баярлалаа.
 
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн