Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: Мах, гурилын үнэ тогтвортой, өндөгний үнэ тэнгэрт хаджээ

Сурвалжлага: Мах, гурилын үнэ тогтвортой, өндөгний үнэ тэнгэрт хаджээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 3
Цахим сүлжээнд мах, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өндөгний үнэ огцом өссөн, зарим газар өндөг олдохгүй байна гэх мэдээлэл хөврөх болсон. Мөн төрийн байгууллагын цалин, ахмадын тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бараг уламжлал болсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.4 хувиар өссөн гэсэн статистик бий. Иймээс бид хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар сурвалжлахаар худалдааны төвүүдийг зорилоо.
Биднийг “Бөмбөгөр” худалдааны төвд очиход 17:00 цаг болж байлаа. Энэ үед хүмүүсийн хөл хөдөлгөөн харьцангүй бага, махны лангуунууд чөлөөтэй харагдана. Иргэдийн худалдан авч буй зүйлсийг ажиглавал төмс хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнүүд байна.
undefined
“Алтжин бөмбөгөр” захад үхрийн цул мах кг нь 19500-20000, ястай мах 17500-19500 төгрөг байна. Хонины цул мах кг нь 14500-16000 төгрөг, ястай мах кг 14000-14500 төгрөгийн үнэтэй байв. Худалдаачдын хэлж буйгаар үхрийн махны үнэ энэ намраас хойш өсөөгүй гэнэ. Харин хонины мах 1000 төгрөгөөр нэмэгдсэн гэлээ. Цаашлаад худалдаачид махаа “Дэнжийн мянга”-аас бөөндөж авдаг. Хэрэв “Дэнжийн мянга” махны үнээ нэмсэн бол дагаад үнэ нь нэмэгддэг байна. Сүүлийн үед махны үнэ өдөр бүр бага багаар нэмэгдсээр байгааг хэллээ.
Харин “Алтжин бөмбөгөр” захын хажууд байх “Шөнийн захад” хонины цул мах 16000, ястай мах 14000 төгрөг. Мөн үхрийн цул мах 20000-23000, ястай мах 18000-20000 төгрөгийн үнэтэй байна. Намрын үхрийн мах 20000 төгрөгөөр, харин Хэнтийн шинэ үхрийн мах кг нь 23000 төгрөгөөр борлуулагдаж байна. Цаашлаад “Баянзүрх” захад хонины цул мах 13500, үхрийн цул мах 17000-18000 төгрөг. Адууны мах 14500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр “Баянзүрх” захад хонины цул мах 13500, ястай мах 12500 төгрөг. Үхрийн цул мах 18500, ястай мах 16500 төгрөг байна. Адууны мах 13500 төгрөг. “Алтжин бөмбөгөр” захад хонины цул мах 14500, ястай мах 13500 төгрөг. Үхрийн цул мах 20000 төгрөг, ястай мах 18000 төгрөг байх аж. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ оны гуравдугаар сарын 25-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 11 нэрийн барааны үнэ өсчээ. Үнэ өссөн бүтээгдэхүүнд хонины цул мах, үхрийн мах цул болон ястай, ургамлын тос, цөцгийн тос, байцаа, манжин, сонгино, алим, өндөг зэрэг багтаад байгаа юм.
“Баянзүрх” захын худалдагчдаас иргэдийн худалдан авалт ямар байгааг тодруулахад, “Тэтгэвэр тэтгэмж цалин хөлс нэмээд ч иргэдийн худалтан авалт сайжрахгүй байна. 100 мянган төгрөг юу ч болохгүй шүү дээ. Хүмүүс ихэнхдээ 1-2 кг, заримдаа бүр 500 грамм мах авч байна. Ийм байхад яаж амьдрал дээшлэх вэ гэсэн юм.
Өөр нэгэн худалдагчМахны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Цаг агаарын аюултай үзэгдэл болсон болов уу. Аравдугаар сараас эхэлсэн. Мал хамгийн тарга тэвээрэг авах үед зуд болчихсон. Хангалттай мах нөөцөлж чадаагүй. Орон нутгийнхан багахан мах нөөцөөж байсан нь сая орж ирээд дуусаж байна. Ийм байхад махны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Цалин, тэтгэвэр нэмлээ л гэх юм. Дагаад өргөн хэрэглээний бараа, мах, ногооны үнэ нэмэгдчихэж байгаа юм чинь. Төрийн албан хаагчдын цалин 10, 20 хувиар нэмэгдлээ л гэнэ. Залуу гэр бүлд хангалтгүй. Хөгшин бид ч яах вэ. Голоо зогоож байгаад удахгүй яваад өгнө. Тэсээд л гарна шүү дээ. Төр засаг иргэд рүүгээ хандсан хүнээ гэсэн сэтгэл, бодлого баймаар байна” гэлээ.
Хүнсний захуудад 1 кг гурил 2600, 5кг гурил 13000, 25 кг гурил 55000 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь өмнөх оноос 14 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гурилын худалдагчид, “Юмны үнэ, гурил будааны үнэ энэ намраас хойш нэмэгдээгүй хэвийн байгаа. Үнэ нэмэгдлээ гээд сенсаац болоод байгаа нь сонгуулийн шоу шүү дээ. Цалин хөлс нэмсэн ч гэсэн үнэ өсөхгүй гэж бодож байна. Цаанаасаа л гэнэт нэмчихгүй бол. Бид нэмэхгүй үнээ хадгална” гэлээ.
Харин иргэдийн зүгээс, “Цалин хөлс нэмэгдэхээр дагаад мах гэлтгүй бусад бүтээгдэхүүний үнэ өсчихнө. Тийм болхоор амьдралд нэг их нэмэр болдоггүй. Ер нь тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхээр юмны үнэ дагаад нэмэгддэг шүү дээ. Ямар ч нэмэргүй. Нэг бол цалингаа 100,200 мянга гэхгүйгээр сайн нэмэх хэрэгтэй. Эсвэл юмны үнээ барих тал дээр л анхаарах хэрэгтэй”-г хэллээ.
undefined
Өөр нэгэн үнийн өсөлттэй байгаа бүтээгдэхүүн бол өндөг. “Алтжин бөмбөгөр” захад “Түмэн шувуут”-ын өндөг 750-800 төгрөгөөр зарагдаж байна. Харин “Баянзүрх” захад Баянгийн өндөг 650 төгрөгөөр борлуулагдаж байна. Өндөгний үнэ яагаад гэнэт өссөн талаар лавлахад ОХУ-аас өндөг нийлүүлэхгүй байгаа. Дотоодын нийлүүлэгчид зах зээлээ бүхэлд нь хангаж чадахгүй байна. Хүргэлт ч ирдэггүй. Бид өөрсдөө очиж арай гэж олж авдаг. Эрэлт их байгаа учраас үнэ нэмэгдэж байна гэдгийг хэлсэн юм.  
Харин “Түмэн шувуут” ХК-иас энэ талаар тодруулахад “Манайх өндөгөө зах зээлд 500 төгрөгөөр борлуулж байгаа. Харин худалдааны зах, төвүүд манайхаас авсан үнэ дээрээ 30 хувийг нэмж зарах боломжтой байдаг. Түмэн шувуут ХК нь дотоодын бүтээгдэхүүнийхээ 30 хувийг хангадаг. Хангалт хэвийн байгаа” гэлээ.
Эдийн засаг сайжирч, өсөлттэй байгаа талаар эрх баригчид ярьж байгаа ч бодит байдал дээр иргэдийн худалдан авах чадвар жилээр бус сараар муудаж байна. Эдийн засгийн өссөн үзүүлэлт өрх айлын амьдралд мэдрэгдэх нь бүү хэл, худалдан авах чадвар муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байна. Уг нь өнгөрсөн жилээс цалин, тэтгэврийг 10-40 хувиар нэмсэн. Энэ нэмэгдэл иргэдийн халаасанд бус үнийн өсөлтөд явж байна.
Сурвалжилсан: Э.Эрдэнэбилгүүн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн