Манайд улстөрд орж, улстөрч болохын тулд заавал нэг “сайн ах”-тай болж, Төрийн ордны босго давдаг жишиг бий. Энэ жишгээр эрх баригч намын дарга нартай ойр байсан, “цүнх баригчид” нь мандат авч, намаас нэр дэвшин сонгогддог. Сайнаар харвал дараагийн үеэ бэлдэх, саараар харвал өөрийн кноптой болох, нөлөөллөө хүчирхэгжүүлэх гэсэн том ах нарын хязгааргүй хүсэл.
МАН-ын одоогийн гишүүд, сайд, дарга нар дунд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улстөрд “хөтлөн” оруулж ирсэн хүн цөөнгүй бий. Одоо тэдний хөл дөрөөнд, гар ганзганд хүрсэн. Энэ удаагийн сонгуулиар ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо, нөлөө их байх нь гарцаагүй. МАН-аас нэр дэвшүүлэх 126 хүний гуравны нэгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгож, нэр дэвшүүлнэ гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгчийн улстөрд хөтлөн оруулах кандитатуудыг танилцуулж байна. Одоо мэдэгдэж байгаагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн дүүгээ, таван зөвлөхөө, Хэвлэл мэдээллийн албаны даргаа, сайд найзыгаа нэр дэвшүүлэхээр тохирсон гэх.
Төрийн мөнгөөр гадаадад сурч, ахын нэрээр УИХ-ын гишүүн болохоор гүйж яваа У.Отгонбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр зүүн бүст нэр дэвших аж. Тэрээр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Өмнө нь Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байгаад ахыгаа Ерөнхийлөгч болохоос өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Тэгвэл тэрээр Боловсролын зээлийн сангийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгөөр суралцсан нь ил болсон. БЗС-аар гадаадад их сургууль төгсөхөд дарга ахын нөлөө ч байсан биз ээ. Төрийн мөнгөөр гадаадад сурч, ахын нэрээр УИХ-ын гишүүн болохоор зэхэж сууна.