Соёл, урлаг | 5 мин уншина

Б.Долгион: "Инээмсэглэл"-ийнхэн нэг дуугаар амьдарч, хагас үгээр ойлголцдог

Б.Долгион: "Инээмсэглэл"-ийнхэн нэг дуугаар амьдарч, хагас үгээр ойлголцдог
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 3
"Би цас ороход дуртай”, “Залуусын уулзалтын дуу”, “Хөөрхөн Бурмаа”, “Алтан хавчаар”, “Улаанбаатарын үдэш”,"Энх өглөө" зэрэг олон арван уран бүтээл одоо ч залуусын чихэнд наалдацтай, тэдний аялдаг, даган дуулдаг дуу хэвээр байна. Дан ганц залуус гэлтгүй монголчууд гэвэл зохих байх. Тэгвэл эдгээр дууны эзэд тэртээ 1978 онд албан ёсоор хамтлагаа байгуулж, өдгөө 46 жилийн ойтойгоо золгож буй "Инээмсэглэл"-ийнхэн юм.
Сүүлд 2010 онд бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан Инээмсэглэл 13 жилийн дараа буюу 45 жилийн ойн хүрээнд эргэн ирж, сонсогчдынхоо сонорыг мялаасан байдаг. Тэд ойгоо тохиолдуулан пянз, дуунуудынхаа шинэчилсэн хувилбарыг гаргаж, тоглолт хийх жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Тэгвэл энэ төлөвлөгөөний хүрээнд "Инээмсэглэл"-ийнхэн хоёр дахь тоглолтоо дөрөвдүгээр сарын 12-нд "Зайсан Хилл"-д VIP тоглолтоо амьд хөгжимтэйгөөр хийхээр болоод байна. Иймээс бид хамтлагийн гишүүдтэй цөөн хором ярилцлаа.
Б.Долгион
Б.Долгион
Инээмсэглэл хамтлагийн гишүүн Б.Долгион: 2023-2024 онд жилийн төсөл явагдаж байгаа. Инээмсэглэл хамтлагийн 45 жилийн ойг тэмдэглэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулна. Үүний эхлэл болох тоглолтоо Соёлын төв өргөөнд хийсэн. Бид сүүлд 2010 онд тоглолт хийж байсан юм. Тэрнээс хойш 13 жилийн дараа тоглолт хийхээр болж байгаа гэсэн үг. Мөн өөр нэг ой байгаа. Ганболд, Ганхуяг, Энхсайхан, би гээд Орос сургуулийн хүүхдүүд анх хамтлаг байгуулснаас хойш 2023 онд 55 жил болсон юм. Одоо бол 56 жил болж байна. Энэ хүрээнд нэг жилийн цогц төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тоглолт, пянз гээд олон зүйл дээр ажиллаж байна. Бид эхний пянзаа гаргасан. Нийт 24 дуутайгаар худалдаанд гарчихсан байгаа. Мөн бид СD гаргана. СD-ний микс мастер, хавтас дизайны ажил нь явагдаж байна.
Түүнчлэн, бид дөрөвдүгээр сарын 12-нд "Зайсан Хилл"-д 45 жилийн ойдоо зориулсан VIP тоглолт хийх гэж байна. Энэ нь СТӨ-д болсон тоглолтоос ялгаатай нь чөлөөт нөхцөлд ширээ зассан, бүжиглэх зайтай байна. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлийн урын сан ч өөр байна. Энэ тоглолтод мэдээж хуучны дуунуудаа дуулна. Инээмсэглэл хамтлаг түүхэндээ хамгийн анх англи хэлээр дуулсан хамтлаг гэж хэлж болно. Яагаад гэвэл манай Ганболд, Ганхуяг хоёр англи хэлний мэргэжилтэй. Тийм ч учраас бид анх дуулж, нэгдэхдээ англи дуу дуулж байсан түүх байдаг юм. Тэр дуунуудаасаа бид үзэгчдэд толилуулъя гэж бодож байгаа. Мөн орос сургуулийн хүүхдүүд байсан гэдэг утгаараа тухайн үеийн нэлээд түгээмэл дэлгэрч байсан дууг дуулах бодолтой байгаа.
undefined
-13 жилийн дараа бүрэн хэмжээний тоглолт хийхэд ямархуу байв. Асуудлууд гарч байх юм уу?
-Бид 2010 онд тоглолт хийснээс хойш зүгээр байгаагүй. Миний бие рок, поп хөгжимд сонирхолтой байдаг учраас уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсэн. Мөн продюсер гэдэг утгаараа олон дуучин, хамтлагийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, миний хөгжмийн амьдрал зогсоогүй. Манай Ганхуяг бол байнгын дуулдаг. Тэгэхээр Инээмсэглэл хамтлаг тэр бүр зүгээр суугаад байна гэж байхгүй. Энд, тэнд жижиг тоглолт хийдэг байсан. Том тоглолт гэдэг утгаараа 2010 оноос хойш хийгээгүй гээд байгаа юм. Тиймээс бид нэг их түүртээд, бие биенээсээ холдоод байсан зүйлгүй. Ерөнхийдөө байнга уулздаг учир дуу хуураа байдгаар нь байлгаж, байлгасаар ирсэн. Хар багаасаа санаа нийлж байгуулагдсан хамтлаг учир нэг их асуудал гардаггүй. Гэхдээ мэдээж амьдрал баялаг гэдэг шиг янз бүрийн асуудал гаралгүй яах вэ.
Тоглолтын тухайд дан хуучин дуугаа дуулна гэж байхгүй шүү дээ. Юм чинь урагшилж байх ёстой. Тиймээс шинэ дуунуудаа оруулсан. Ер нь, монгол үндэстэн аливаа шинэ юмыг жоохон хүлээцтэй хүлээж авдаг шүү дээ. Одоо бол шинэ дуунууд бараг чихэнд хоногшоод эхэлж байна. Жишээлбэл, M music платформд тавьчихсан байдаг. Караокед манай дуунууд хангалттай дуулагддаг. Тиймээс үйл явц огт зогсоогүй. Үргэлжилсээр л байгаа. 45 жил хамт дуулсаар, найзалсаар, нөхөрлөсөөр ирсэн байна. Нэг дуугаар амьдардаг гэж хэлдэг дээ. Түүн шиг нэг нэгнийгээ хагас үгээр ойлгодог тийм л хамт олон.
Бидний дундаж наслалт 70. Гэхдээ бид өөрсдийгөө огт хөгширлөө гэж боддоггүй. Өөдрөг үзэл бодолтойгоор нэг санаатай уран бүтээлээ туурвидаг
Б.Долгион
 -Хамтлаг, уран бүтээлчид тухайн амьдарч байгаа цаг үедээ ямар нэг дэвшил авчирсан байдаг шүү дээ. Тэгвэл 45 жилийн түүхтэй Инээмсэглэл хамтлаг Монголын урлаг, соёлын салбарт ямар дэвшил, хувь нэмрийг оруулсан бэ?
-Үүнийг бид ярих нь тийм чухал биш байх. Сонсогч, манай салбарын мэргэжлийн хүмүүс үнэлж дүгнэх болов уу. Инээмсэглэл хамтлагийн тухайд поп, зөөлөн хамтлаг. Гармони хувьд нэг их хүндрэхгүй. Хүний чихэнд эерэг дуугаралттай дууг хийдэг.
Бид юунд баярлаж явдаг вэ гэхээр Инээмсэглэл хамтлагийн дуунуудыг их сайн мэддэг болж. Бүр олон үеэрээ мэддэг болсон байна. Шинэ үеийн залуучууд та нарын дуу байсан юм уу гэдэг. Өөрсдөө бидний дууг мэддэг. Гэхдээ хамтлагийг мэдээгүй байдаг ч юм уу.
Хэрвээ Долгион оо, Инээмсэглэл хамтлагийн онцлог юу вэ гэж асуух юм бол "Бид Монголын тайзан дээрх насыг уртасгаж байгаа" гэж хариулна. Бидний дундаж наслалт 70. Гэхдээ бид өөрсдийгөө огт хөгширлөө гэж боддоггүй. Өөдрөг үзэл бодолтойгоор нэг санаатай уран бүтээлээ туурвидаг.
-Инээмсэглэл хамтлагийг тодорхойлбол?
-Инээмсэглэл бол сайхан сэтгэл, эерэг энерги, дулаан уур амьсгал.
-Инээмсэглэл хамтлагийнхан танд хэр хэмжээний ямархуу орон зайг эзэлж байна вэ?
-Миний гэр бүл. Миний хувийн гэр бүл, хөгжмийн гэр бүл гэж бий. Би энэ гэр бүлд 55 жил амьдарч байна. Тиймээс миний гэр бүл гэхэд гайхах юм байхгүй.
undefined
•     •     •
Инээмсэглэл хамтлагийн гишүүн Н.Ганхуяг: Инээмсэглэл гэдэг бол эерэг, эрч хүчтэй, дулаан, нарлаг, баяр баясгалан юм. Ер нь, Инээмсэглэл хүнийг чөлөөтэй болгодгоороо онцлог. Дуучин ч, үзэгч ч бай ялгаагүй. Тодорхой хэмжээнд бие сэтгэл баригдмал байсныг инээд, инээмсэглэл аваад хаячихдаг. Тэгэхээр хүн чөлөөтэй амьсгалж, сонсож, дуулж, мэдэрч эхэлдэг.
Мэдээж бидний амьдралын нэлээд том хэсгийг эзэгнэсэн сайхан хамт олон. Ямар хүмүүс хоорондоо таарч тохирдог вэ гэхээр энерги нь нэг долгионоор амьсгалдаг, амьдардаг, сэтгэдэг, мэдэрдэг хүмүүс шүү дээ. Бид өчнөөн олон жил уйдаагүй, залхаагүй, бие биедээ гомдоогүй. Хамгийн гол зүйл нь бид бие биенээ хүндэтгэсэн хүндлэлд утга учир нь байдаг юм болов уу. Мөн тэр хүндлэлийг бид үзэгчид, сонсогчдод үзүүлэх ёстой гэж ойлгодог.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн