Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хүн нас барвал салбарын сайдыг нь огцруулдаг болъё

С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хүн нас барвал салбарын сайдыг нь огцруулдаг болъё
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 2
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд орчны аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө"-ний талаар мэдээлэл өглөө.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: 2023 онд ажлын байранд 408 осол гарсан байна. Үүнээс 57 хүн нь нас барсан. Энэ ослын хэмжээ жилээс жилд буурахгүй байгаа. Эдийн засгийн эрчимжилттэй холбоотойгоор осол байнга дагадаг зүй тогтолтой болчхоод байна. Уул уурхай, барилга, тээвэр, батлан хамгаалах салбарт түлхүү осол аваар гарч байна.
Тухайлбал, сүүлийн таван жил  ажлын байранд нийтдээ 1748 осол аваар гарсан байна. Үүнээс 240 хүн нас барсан, 823 хүнд хэлбэрийн гэмтэл авсан буюу хөдөлмөрийн чадвар алдсан байна. Өөрөөр хэлбэл, халамж авдаг хүн нэмэгдсэн гэсэн үг. Мөн 680 хүн  хөнгөн бэртсэн байгаа. Жилд 50 хүн нас бардаг зүй тогтолтой болчихлоо. 2022, 2023 онд яг адилхан 57 хүн нас барсан.
Хөдөө орон нутагт болон ахуйн чиглэлийн ослыг огт оруулахгүй байгаа. Тухайлбал, өвлийн зуд болж иргэд гар хөлөө хөлдөөлөө, гэмтээлээ, морь малаас уналаа шүү дээ. Үүнийг уг нь үйлдвэрлэлийн осолд тооцох ёстой. Харамсалтай нь, малчдыг албан бус салбар гээд үндсэндээ хаячихсан. Гэтэл манай улсын ажиллах хүчний 30 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт байгаа. Ялангуяа үүнд хүүхдүүд өртдөг. Хурдан морины унаач хүүхдүүдийн гэмтэл бэртлийг осол гэмтэл гэж бүртгэдэггүй. Иймд хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулах шаардлага байна. Үүнд анхаарахгүй, эсрэг арга хэмжээ авахгүй байгаа нөхцөлд Монгол хүний дундаж наслалт өсөхгүй.
Нөгөөтээгүүр, албан байгууллагууд энэхүү осол, аваараа нуудаг болсон байна. Осол гарах юм бол НДШ өсчихнө. Тиймээ осол гарвал ажилтантайгаа тохиръё гэдэг байдалтай байна.
Товчхондоо, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, тээвэр гэдэг салбарууд осол аваараа бууруулж чадахгүй бол тухайн салбарын сайд нь хариуцлага хүлээж, огцордог болгоё. Тухайн байгууллагын албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг тогтолцоо руу орохгүй бол болохгүй байна. Бараг хөдөлмөрийн аюулгүй байдал, асуудал хариуцсан хүн нь ял үүрээд явдаг байгаад байвал хуулийн хүрээнд чангалах ёстой. Хүний амь нас, аюулгүй байдал хэдэн арваараа асуудалд ороод байхад тухайн салбарын сайд  ажлаа хийгээд яваад байж болохгүй. Барилгын сайд бол барилга л барьдаг сайд биш байхгүй юу. Давхар барилгын салбарын ажилтнуудын аюулгүй байдал, хажуугаар явж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Бид цемент, тоосготой холбоотой зардлаа танаж чадахгүй байж хүнтэй холбоотой зардлыг хаячихдаг. Тиймээс бид хариуцлага тооцооч гэж Засгийн газар болон УИХ-д саналыг тавьж байна гэлээ.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн