Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна.Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байна. Энэ онд хөтөлбөрийн зээл авах 802.6 тэрбум төгрөгийн 6.4 мянган өрхийн хүсэлтийг банкууд хүлээн авсан бөгөөд 166.2 тэрбум төгрөгийн 1.5 мянган өрхийн хүсэлтийг тодорхой шалтгааны улмаас татгалзсан байна. Нийт 230.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.0 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эцсийн байдлаар олгоод байна. Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1.2 мянган өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 0.8 мянган өрхөд олгосон.Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна. Өмнөх 5 жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны 3 дугаар сарын байдлаар ойролцоогоор 41 хувь болгон нэмэгдүүлээд байна.