Монголд өвлийн спортын төрлөөс хамгийн удаан, тогтвортой оршин тогтнож яваа нь гүйлтийн цана. Гэхдээ амжилт нь өсдөг ч үгүй, буурдаг ч үгүй. Яг нэг хэвийн оршсоор л яваа. Монголчууд 1964 оны өвлийн олимпоос эхлэн өвөл, зуны наадамд оролцсоор ирсэн түүхтэй. Тухайн үед гүйлтийн цана, тэшүүр, биатлоноор олимпын цас, мөсөн замд мөрөө гаргаж байлаа. Тэр цагаас хойш даруй 15 олимпод оролцжээ. Энэ бүх цаг үед цаначид Монголын нүүрийг тахалж явсан билээ. Тэгвэл хэдэн жилийн өмнөөс цаначдын амжилт аажмаар буурсаар эцэстээ “сэхээ”-нд орох шинжтэй болов. Нэг үеэ бодвол төр, засгийн зүгээс өвлийн спортод анхаарал, халамж тавих нь нэмэгдсэн. Гэвч спортын холбоог зоосны нүхээр хардаг, мөнгөний хэрэгсэл болгох зорилго тээсэн нөхдөөс болж цаначид өнөөдөр жилдээ ганц, хоёр тэмцээнд оролцохоос цааш хэтрэхгүй болжээ. Монгол орон дөрвөн улиралтай гэгдэх ч хүйтэн нь илүү олон сар үргэлжилдэг. Тэр хэрээр материаллаг баазаа бэлдэж, өвлийн спортын шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах боломжтой юм. Харамсалтай нь, цанын холбооныхонд ийм бодол байдаггүй бололтой. Эцэстээ “Эзэнгүй айл” болж хувирав.
Монголын цанын холбоо эзэнтэй байсан юм...
Монголын цанын холбоог 2015-2018 онд Д.Хишигжаргал удирдан, ерөнхий нарийн бичгийн даргаар нь олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн ажиллаж байлаа. Яг энэ үе бол цанын спортын сэргэлтийн цэг байсан гэхэд хилсдэхгүй. Шигшээ багийн дасгалжуулагчаар хашир мастер Х.Хаш-Эрдэнийг томилсон байсан үе. Монголын цаначдын хамгийн өндөр амжилт энэ цаг мөчид л гарсан байдаг. Тухайлбал, 2017 онд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах В зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзлэн өвлийн спортынхон баяр хөөр болж байлаа. Холбооны удирдлагууд нь цанын спортын түүхэнд байгаагүй амжилт үзүүлснээ тамирчнаа хоёр өрөө байраар шагнаад л... Үнэхээр цанын хөгжлийн оргил үе байсныг энэ спортыг сонирхдог, дэмждэг хүмүүс гэрчлэх биз. Тухайн үед Монголын цаначид жилд багадаа л олон улсын чанартай 5-6 тэмцээнд оролцдог байлаа. Нэг явахдаа дор хаяж 1-2 сар гэрээ мартсан гэсэр аятай Европоор хэсэн тэнүүчилдэг байв. Дотоодод болдог тэмцээний тухай яривал тоймгүй. Долоо хоног бүр шахам нэрэмжит тэмцээнүүд зохион байгуулж, залуу тамирчдын шандсыг сорино. Бүр олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг хоёр удаа эх орондоо зохион байгуулсан байдаг. Өнөөдөр ингээд яривал итгэх хүн ховор байх. Гэхдээ үнэн юмыг яалтай билээ. Зундаа цанын шигшээ багийнхан тогтмол уртын бэлтгэлд гардаг. Ийм л цаг үе байсан. Монголын цанын хөгжлийн оргил үе гуравхан жил байсан гэхээр харамсмаар ч юм шиг. Үүнээс өмнө цанын спорт боломжийн түвшинд ч байсан ч 2018 оны Пёнчаны олимпын циклийг яахан гүйцэх билээ. Холбоо нь ч холбоо шиг байж. Удирдлагууд нь ч эрвийх, дэрвийхээрээ зүтгэж, улс нь ч дэмжсэн шиг дэмждэг байжээ. Европын орнуудад 1-2 сарын хугацаанд бэлтгэлд хамрагдаж, тэмцээнд оролцохын тулд хэдий хэмжээний зардал гарах билээ. Тэр бүхнийг холбооны удирдлагууд нь спорт хариуцсан төрийн байгууллагатай уялдаа холбоотой ажилласны хүчинд өвлийн уртын бэлтгэлийн зардал мөнгөнд тамирчид санаа зовдоггүй байсан биз. Тун чиг идэвхтэй ажилладаг холбоо байжээ. Арга ч үгүй биз. Эзэнтэй байсан учраас тэр. Адаглаад хөрш орнуудад зохион байгуулж буй олон улсын чанартай тэмцээн уралдаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгсэд гэсэн ангиллаар тамирчдаа оролцуулдаг байлаа. Тэр хэрээр тамирчдын хувийн ур чадвар өсөж, цанын зүтгэлтнүүд, дасгалжуулагч нарын туршлага зузаардаг байв. Харин өнөөдөр энэ бүхэн зүгээр л түүх болоод үлдэж байх шиг.