Улс төр | 3 мин уншина

Сонгуульд горилж ажлаа өгсөн ч тойроггүй үлдэх магадлалтай хүмүүс

Сонгуульд горилж ажлаа өгсөн ч тойроггүй үлдэх магадлалтай хүмүүс
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
Төрийн албанд ажиллаж байсан дарга нар нэр дэвшихээр горилж хуулийн дагуу оноос өмнө ажлаа өгсөн. Тэгвэл ажлаа өгсөн хүмүүсээс тойроггүй үлдэх магадлалтай цөөнгүй хүн байгаа гэнэ. Уг нь намын дарга нартайгаа тодорхой хэмжээний тохироо хийсэн болоод л ажлаа өгч байгаа. Гэхдээ МАН-д нэр дэвших сонирхолтой бөгөөд мөнгөтэй, тэр бүү хэл тойргоо өмчилчихсөн хүмүүс олон бий. Тиймээс ч хүссэн бүхэн тойрог аваад нэр дэвших боломж хомс.  
Оны өмнө Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Дөлгөөн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Б.Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, "Хөтөл Цемент"-ийн захирал Л.Наранбаатар нар сонгуульд горилж ажлаа өгсөн. Тэд МАН-ын нэр дээр сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгсөн бөгөөд намын дарга эхний уулзалтаа хийхэд нэлээд хэд нь тойроггүй үлдэх магадлалтай болжээ. Зарим нь бүр “тойрог өгөхгүй бол буцаад ажилдаа оръё” гэж.
Тэгвэл Б.Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал баруун бүст, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Н.Дөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Б.Мөнхбат Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр эхний уулзалтаар тохирсон аж.
Харин Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтайн хувьд хоёр өөр мэдээлэл гараад байгаа. Тэрээр зүүн бүст нэр дэвшихээр горилж байсан ч тойрог олдохгүй харин жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэх тохироо хийсэн гэж байгаа бол нөгөө нь тойрог ч үгүй, жагсаалт ч үгүй болж эргээд ажилдаа орох хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл Ерөнхий аудитор асан Д.Занданбат, "Хөтөл Цемент"-ийн захирал асан Л.Наранбаатар нар одоогоор тойроггүй үлдэх магадлалтай болжээ. Ерөнхий аудитор асан Д.Занданбат Өмнөговь аймагт нэр дэвшихээр горилж байсан ч тойрог томсож, говийн бүст өрсөлдөхөөр зэхэж байсан. Гэтэл говийн бүст УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа. Тиймээс  Д.Занданбатад тойрог олдохгүй байх магадлалтай болсон гэнэ.
Харин Л.Наранбаатарын тухайд Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн бүст нэр дэвшихээр горилж байсан. Гэтэл энэ бүст Л.Наранбаатарт мандат олдох нь бүү хэл зарим нэр дэвшигчдээ жагсаалт руу өгч байгаа гэнэ. 10 мандаттай төвийн бүст УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам, Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат, Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Боомтын сайд Б.Тулга Дархан Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Батжаргал, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар гээд 10 гаруй хүн бий. Тиймээс энэ удаад Л.Наранбаатарт тойрог олдохгүй байх эрсдэл үүсчээ. Анх АН-д элсэж улс төрийн гараагаа эхэлсэн тэрээр Дархан-Уул аймгийн АН-ын хорооны дарга хүртэл ажиллаж байсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт "Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Ингээд сонгуулийн дараа МАН-д элсэж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс намын батлахаа гардан авч байсан юм. Харин МАН-д элссэнийхээ дараа "Хөтөл Цемент"-ийн захирлаар томилогдсон байдаг.
Энэ мэт Сонгуулийн хуулийн дагуу ажлаа өгсөн ч тойроггүй үлдэх магадлалтай хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд дараа дараагийн уулзалтаар тойргтой болох хүсэлтэй бас хүлээлттэй байгаа гэнэ.
 
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн