Засгийн газар | 2 мин уншина

С.Чинзориг: Гепатит Д вирусийн эсрэг Мирклудекс тариаг ОХУ, АНУ-аас авч, эмчилгээний зардлыг төр хариуцна

С.Чинзориг: Гепатит  Д вирусийн эсрэг Мирклудекс  тариаг ОХУ, АНУ-аас авч, эмчилгээний зардлыг төр хариуцна
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гепатит Д вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулаа. Манай улсад халдварын тархалт өндөр. Үүнээс шалтгаалсан элэгний хавдрын өвчлөл, нас баралт өндөр байна. Гепатит Д вирусийн халдвартай 66 мянган орчим иргэн байна. Гэхдээ гепатит Д вирусийн иргэдийн төлөөлөл байгуулсан ТББ-ын гаргасан судалгаагаар 150 орчим мянган иргэн байна гэсэн судалгаа байдаг. Өнөөдөр ХӨСҮТ дээр шинжилгээ өгч, мэдээллийн санд орсон 3800 иргэн байна.
Дэлхийд гепатит Д вирусийг эмчилдэг ганц эмчилгээ бий. ДЭМБ-д зөвшөөрөөгдсөн Интерферон гэж ганц тариа бий. Өнөөдрийн байдлаар вирустэй иргэдээ эмчлэх хэд хэдэн гарцыг хайж байна.
Нэгд, ДЭМБ-ын тариаг худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Гэхдээ гаж нөлөө ихтэй байгаа учраас гепатит Д вирустэй иргэдийн төлөөлөл байгуулсан ТББ-аас шүүмжлэлтэй хандсан. Тиймээс тендерийн асуудлыг түр түдгэлзүүлээд байна. Хоёрт, Буриадад монгол иргэдийг Д вирусийн эмчилгээнд хамруулах хэлэлцээг хийсэн. Үүний үр дүнд санамж бичигт гарын үсэг зурсан. ОХУ-д үйлдвэрлэсэн "Мирклудекс Б (Bulevirtide) тариа сарын эмчилгээ нь 160-175 мянган рублийн үнэтэй. Гэхдээ хэлэлцээр хийж сарын 145 мянга орчих рубль байж болгох боломжтой болсон. Мөн АНУ-ын үйлдвэрлэж байгаа тариаг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх хэлэлцээр хийж байна. Цаашдаа хоёр арга хэмжээ авна.
1. АНУ-ын эмийг дотоодын иргэдийн эмчилгээнд хэрэглэвэл гаалийн болон НАӨТ-аас чөлөөлнө.
2. Ирэх 7 хоногийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийнэ. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар тогтоол гаргаж өгөхийг хүснэ. Халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна гэсэн заалтыг үндэслэн гепатит Д вирусийн эмчилгээний зардлыг жил бүхний төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
Гепатит Д вирустэй иргэд сард тав орчим сая төгрөгийн эмчилгээ хийдэг. Гепатитын Д вирусийн халдвар дангаар байдаггүй бөгөөд гепатитын В вирусийн халдвартай хүний 5 хувь нь гепатитийн Д вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн