Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулж байна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо.Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээн онцлов.