Монгол Улс 2023 онд анх удаа 70 сая тонн нүүрс экспортолж, гадаад худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад Монголын экспорт 90 хувиар өсч, экспортын орлого анх удаа 15 тэрбум ам.доллар давсан юм. Экспорт ингэж үлэмж өссөн нь Монгол Улс хилийн боомтынхоо нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой.
Өмнө нь дэд бүтцийн сул хөгжлөөс болж зах зээлийн таатай байдлыг бүрэн ашиглаж чаддаггүй байлаа. Төсөвт жилд 50, 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцдог ч хилийн боомтын нэвтрүүлэх чадамж сулаасаа болж боломжоо алдаж ирсэн. Нүүрсийг ихэвчлэн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор дамжуулан хил гаргадаг байсан бол 2023 онд хилийн 9 боомтоор нүүрс тээвэр хийсэн нь Монгол Улсын гол ололт юм. 2023 оны байдлаар нүүрсний экспортын 92 хувь нь авто замын хилийн боомтоор, 8 хувь нь төмөр замын боомтоор экспортлогдсон байна.
Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Хавирга, Шивээхүрэн гэсэн нийт 9 боомтоор нүүрс экспортолж байна. Үүнээс Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор автозам болон AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрсээ тээвэрлэн хилээр гаргаж байгаа бол Замын-Үүд боомтоор авто зам, төмөр замаар, бусад боомтоор автозамаар тээвэрлэлт хийж байгаа аж.
Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн чадавх хилийн боомтуудаас хамаарна гэдгийг олж харж, “Боомтын сэргэлт” бодлогыг дэвшүүлсэн. Энэ бодлогын хүрээнд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээвэр ложистикийг сайжруулж, хооронд нь автозам, төмөр замаар холбох, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж буй. Түүнчлэн, Монгол Улс анх удаа боомтын сэргэлтийг хариуцсан үндэсний хороо, эл асуудлыг хариуцсан сайдтай болж, боомтын боймыг тайлж, зогсонги байсан боомтууд “амь орж” байна.