Сонгууль хаяанд ирж, улс төр жинхэнэ утгаараа халж эхлээд байна. Энэхүү халалтыг дагаад өнөөх л эрх мэдлийн хуваарилалт ийш, тийшээ эргэж байна хэмээн төрийн ордноос эхтэй мессеж хөвөрч хаа сайгүй ямар нэгэн томоохон үйл явдлыг таамаглахаар хүлээцгээдэг нь жам. ...Эрх баригч намын Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёрын хагарал хэрээс хэтэрч гэнэ, том ах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь тэр талд нь гарч, энэ талд нь нүүр өгч гэнэ гэцгээгээд л...
Гэвч энэ бүхэн өнгөрсөн сонгуулийн үеэр ч явж л байсан хуучин хов жив. Хамгийн гол нь энэ хов жив хэзээ ч хуучрахгүй өнгөө ч хувиргаж шальсан юмгүй амь бөхтэйгөөр хөвөрсөөр байгаа нь хоёрдугаар ээлжийнхний л мөрөөдөл төдийхөн. Өнөөдрийн ноёлогч гурван даргаа гучин янзаар хувирган мессеж шидээд ч агуулга нь өнөөх л хүсэмжит утгаасаа хол очиж салахгүй үргэлжилсээр байгаа. Хүсэмжит гэдэг нь энэ гурван толгой хагаралдан муудалцвал ноёрхолд нь ан цав гарч өөрсдөд нь өндийх сиймхий олдоно л гэсэн ганцхан зорилготой. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг улстөрч болгоны дотор намын дарга, Ерөнхий сайдын сэнтий зүүд нойронд нь багтаастай байдаг гэдэг яриа бий. Иймээс л нэг фракц хэдий ч дээрх даргаа унахад өөрийн ээлж ирнэ хэмээн өнгийж байдаг нь улстөрчийн тавилан.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газартаа авчирч “гал тогоогоо” хариуцуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа, Д.Амарбаясгалан намын гал тогоогоо хариуцан хоёр талд зүтгэж байснаа сонгууль угтсан тоглолтоо хүчитгэхээр албан ёсоор төвлөрсөн гэсэн үг. Төрийн шийдвэрүүд, халамж, цалин тэтгэвэр гээд сонгуулийн өмнө сонгогчдын саналыг намдаа авчрах бүхий л шийдвэрүүдийг энэ хоёр эрхэм толгой мэдэн гаргаж буй. Иймэрхүү улс төрийн ашигтай шийдвэрүүд гаргахад намын даргад зоригтой хань хэрэгтэй байсан тул генсекээ засаг руугаа татсан гэдэг.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын тухайд У.Хүрэлсүхийг намын генсек байхаас сайн дүү нар нь байсан бөгөөд доор нь намынхаа хэлтсийн даргаар зэрэг томилогдон ажиллаж байсан журмын нөхөд. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хамтрал хов жив төдийхнөөр хагаран унаад байхаар хэврэг биш.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, намын гишүүнчлэлээс татгалзсан ч намдаа эрх мэдэл, нөлөөтэй хэвээр байгаа. Улс төр дэх карьерын хамгийн дээд оргилд хүрсэн тэрээр Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болтол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгох заалтыг өөрчилж дахин нэг удаа сонгогдох чин хүсэлтэй гэх. Хэрвээ тэрээр шинэ бүрдэх 126 гишүүнтэй парламентаар энэ өөрчлөлтийг хийлгэж чадвал Монголын улстөрд ойрын 10 жилд их өөрчлөлт гарахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хийх 12 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр намаа ч, Монголын төрийг ч хамтарч барина. Иймээс хоёрдугаар ээлжийнхний “хоолондоо орох”, эрх мэдэлд хүрэх мөрөөдөл тийм ч амар бүтэхгүй л болов уу.
МАН-д намын дарга, Ерөнхий сайд, генсек болох мөрөөдөлтэй, чадалтай улстөрчид олон бий. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар гээд хөвөрнө. Хотын дарга Х.Нямбаатар хоёр удаа парламентад сонгогдож, Хууль зүйн сайд, хотын даргаар ажиллаж байна. Улстөрд нэртэй, мөртэй яваа улстөрчдийн нэг. Тиймээс түүний карьер хотын даргаар хязгаарлагдахгүй болов уу. Шадар сайд С.Амарсайхан УИХ-д анх удаа сонгогдсон. Мөн л улс төрийн карьер Шадар сайдаар хязгаарлагдахгүй, дөнгөж эхэлж байгаа. Түүний цээжинд ч намын дарга, Ерөнхий сайдын сэнтий багтаастай байгаа.
ЕТГ-ын газрын дарга Я.Содбаатарыг маш сайн менежер гэдэг. Хөшигний цаана хамгийн сайн тоглолт хийдэг, ажлыг чамбай зохион байгуулдаг гэж намынхан нь магтдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг ч байгаа учраас тэрээр сонгуулийн дараа намын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл ч бий.
Гэхдээ өнөөгийн гурвал ойрын арван жилдээ эдгээр нөхдийг нар үзүүлэхгүй л болов уу.