“...Өсвөр насныхан нэгнийгээ бүлэглэн зоджээ, нэгнийгээ хэрцгийгээр хүчирхийлжээ, өсвөр насныхан мансууруулах бодис хэрэглэжээ...” гэх мэдээллийг нийгмийн сүлжээгээр олонтаа гарах болсныг та анзаарч байна уу. Энэ нь аюулын дохио аажмаар дуугарч байгаа хэрэг. Тэгвэл үүний цаана яг юу байгаа, яагаад аюул болж байна вэ гэдгийг энэхүү нийтлэлээрээ хүргэе.
Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь буюу 3/1 нь 0-19 насныхан байна. Гэвч хүн амын 3/1-ийг бүрдүүлэх иргэд нь хүмүүжил, төлөвшлийн хувьд доголдолтой, нийгмийн харанхуй хэсэг боллоо гэх. Энэ нь нэг талаараа ортой. Тухайлбал, улсын хэмжээнд өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөн бөгөөд хэргийн 90 гаруй хувийг хулгай, дээрэм, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг эзлээд байна.
Үүнийг мэргэжилтнүүд "Нийгмийн байдал, ажилгүйдэл, архидалт, өрхийн амьжиргааны түвшин, сургууль, цэцэрлэгт хүмүүжээгүй байдал. Ялангуяа, эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих анхаарал сул, цахим орчны хяналтгүй, зохисгүй хэрэглээ, аливаа мэдээ, мэдээлэлд бодитой дүгнэлт хийх чадамжгүй байдал” нь өсвөр насны хүүхдийг гэмт хэрэгт холбогдоход шууд нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Уг дүгнэлтээс харвал хүүхдүүдийн хөгжил, төлөвшилд гурван зүйл хүчтэй нөлөөлжээ.
ЕБС-ээс олгож буй мэдлэг боловсрол, тэр дундаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц чухал агуулгын дутмаг байдал.
Эцэг эхчүүдийн анхаарал халамж муутай байдал.

Т.Гансүх
Энэ гурван шалтгааны нэг болох ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хүмүүжилд багагүй нөлөөлөх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар манай улсын боловсролын системд хүнтэй хэрхэн харилцах, хүн байх, хүнийг хайрлаж энэрэх, зөв зүг чигтэй байх талаар агуулга дутмаг буй. Үүнийг боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд төдийгүй, суралцагчид ч шүүмжилсээр өдийг хүрсэн билээ.
Нийслэлийн хоёрдугаар сургуулийн Нийгмийн ухааны багш Т.Гансүх:
-Би боловсролын байгууллагад найман жил ажиллаж байна. Түүх, нийгэм, иргэний ёс зүйн боловсрол гэсэн хичээлийг ордог. Нийгэм даяараа нийгэм гэдэг ойлголтыг хувь хүний хөгжил, төлөвшил гэж хараад байна. Энэ нь ерөнхий боловсролын түвшинд шинжлэх ухааны мэдлэг, агуулга болж ордог. Тэгэхээр бид нийгэм гэдэг ойлголтыг онолоор л тайлбарладаг гэсэн үг. Тэрнээс амьдрал, практик, хүний хөгжил төлөвшилд ийм чухал нөлөөтэй гэсэн зүйл сурах бичиг ч юм уу, сургалтын агуулга, боловсролын яамнаас баталсан хөтөлбөрт байхгүй шүү дээ. Иймээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Үгүй бол хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжил муудахаар нийгмийн ухааны багш, сургуулийн буруу юм шиг ойлгоод байна.
Үүнийг эцэг эх, нийгэм тэр чигтээ ойлгох хэрэгтэй. Хүмүүжил төлөвшлийг хүн даган дуурайх байдлаар ч юм уу. Өөр ямар нэг байдлаар олж авдаг болохоос шинжлэх ухааны мэдлэгийг зааснаараа хүүхдийн төлөвшилд нөлөөлнө гэсэн үг биш.
-Гэхдээ яг энэ чиглэлийн агуулгыг ЕБС-ийн хичээлд тусгах шаардлага байна уу?
-Ер нь бол тусгах шаардлагатай. Миний хувьд иргэний ёс зүйн боловсролын хичээлд хүн болж төлөвших агуулгыг л багтаахыг хүсээд байгаа юм. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан хөтөлбөр, сурах бичиг, агуулгад миний ярьсан агуулга учир дутагдалтай байгаа. Тэгэхээр үүнийг ямар байдлаар тусгах ёстой вэ гэдгээ хэлэлцүүлэг ч юм уу, багш, судлаачдын санал дүгнэлтийг тусгаад оруулах юм бол хичээл харьцангуй бодит болно.
Нөгөөтэйгүүр, иргэний ёсзүйн боловсролын хичээлийг хүүхдийн хүмүүжлийн агуулга гэж үздэг мөртлөө үнэлгээний хэрэгсэл болгочихдог. Үнэлгээ зайлшгүй шаардах хичээлд багтаасан гэсэн үг. Тэгэхээр би хүүхдийнхээ төлөвшлийг анзаарах ёстой юу аль эсхүл академик мэдлэг, боловсролыг анхаарах ёстой юу. Хэрэв би өөрийгөө үнэлэхээр болох юм бол академик мэдлэгийг л үнэлэх ёстой болж таарч байна.
Багш хүн бүрийн хийдэг ажил, зовнил бол хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшилд анхаарах шүү дээ. Түүнийг нь хавсаргасан, нэмэлт байдлаар л зохион байгуулдаг болохоос хүүхдийн хөгжил төлөвшил, ёс суртахуунд нөлөөлөхүйц агуулга Монгол Улсын боловсролын системд хараахан байхгүй байна.
• • •
Харин хоёр дахь асуудал бол эцэг эхчүүдийн харилцаа хандлага, тэдний анхаарах халамж, зөвлөмж. Гэвч манай улсын иргэдийн тухайд хүүхдүүддээ анхаарал халамжийг тавьдаггүй. Тавьж байгаа ч нарийвчлан зааж, зөвлөдөггүй гэдгийг өсвөр насныхан хэлдэг.
Судалгаа авч үзвэл хүүхдийн хүмүүжилд гэр бүлээс шалтгаалан шууд утгаараа нөлөөлөхүйц хэд хэдэн статистик мэдээлэл бий. Тухайлбал,
"Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган"
0-17 насны 18.7 мянган хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй байна.
Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан
6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр
Гурван сурагч тутмын нэг нь гэр бүлийн харилцаанд асуудалтай
Эцэг эх хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлын талаар хангалттай ойлголтгүй байна зэрэг юм. Товчхондоо, эцэг эхчүүд эцэг эх байх үүргээ умартаад буй.
• • •

Сурагчид
• • •
Тэгвэл дээр дурдсан хүчин зүйлүүд болоод эцэг эхийн анхаарал хэр хэмжээнд байгаа эсэх, хүмүүжил, төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт өсвөр насныхны хувьд ямар түвшинд байгаа, тэд юуг ойлгож бодож явааг өсвөр насны гурван сурагчаас тодрууллаа.
-Өмнө нь ямар нэг байдлаар бие махбод, сэтгэл санааны дээрэлхэлтэд өртөж байсан уу?
Б.Ариунзул: Ер нь дээд, доод ангийхныгаа мэддэг болохоор ил тод дээрэлхэлт байдаггүй. Гэхдээ зарим нэг зүйл дээр асуудал гарч байсан. Одоо тэр хүүхдүүд төгсчихсөн л дөө. Тойроод суучихсан юм яриад байж байхад өмнө жилийн төгсөлтийн эгч миний юбканы цахилгааныг доошлуулчихсан байсан. Би тэрийг нь мэдээгүй байж байтал юбка гэнэт доошлоод маш эвгүй байдалд орж байсан. Тэр нь одоо болтол надад мартагддаггүй.
М.Алдарбаяр: Би нэг их тэгж дээрэлхүүлж байгаагүй ээ.
У.Янжинлхам: Ес билүү наймдугаар ангид байхад миний нүүр жаахан сонин байсан юм. Тэгсэн манай ангийн нэг хүүхэд зураг аваад фэйсбүүк дээр тавьчихсан. Ялангуяа зургийн сэтгэгдэл хэсэгт тавихаар нь уйлаад ээждээ хэлж байсан. Ер нь бол гомдсон. Тиймэрхүү зүйлс сэтгэлд тодоор муухай үлдсэн байдаг. Гэхдээ найзууд болохоор ойлгоод уучилсан.
-Нийгмийн ухаан, иргэний боловсрол гэдэг ч юм уу. Эдгээр хичээл дээр хүн байх, ёс суртахуунтай байх, хүнийг хайрладаг, энэрдэг байх гэдэг ч юм уу хүмүүжлийн талаар мэдлэгийг олж авч чаддаг уу. Мөн энэ хичээлүүд дээр юуг заагаасай гэж хүсдэг вэ?
Б.Ариунзул: Миний бодлоор иргэний боловсрол дээр гэр бүл, харилцаа, арга билгийн ухаан гээд бүгдийг заадаг. Гэхдээ сурах бичиг дээр хэт онолын талыг барьчихсан байдаг. Тэр нь арай л амьдралаас хол хөндий учраас аваад байх зүйл байдаггүй. Зүгээр тухайн үедээ хичээлээ уншаад, сэдвийг нь хийдэг. Миний хувьд амьдрал дээр тусгаж авах зүйл байдаггүй. Харин тэрний оронд бодит жишээнд тулгуурлаад хүн ойлгохоор болгосон нь дээр байх.
У.Янжинлхам: Ядаж хүн гомдвол ингэж харьцаж, ингэж аргадах ёстой юм байна гэдэг ойлголтыг авмаар байна шүү дээ. Гэтэл арай л худлаа зүйлийг биччихсэн байдаг. Ойлгохгүй зүйл ч бий. Ойлгоогүй зүйл ч бий. Яах вэ, тодорхой хэдэн хүүхэд ойлгох байх. Гэхдээ ихэнх нь ойлгодоггүй шүү дээ.
М.Алдарбаяр: Манай монголчууд сэтгэлээ илэрхийлж чаддаггүй учраас сурах бичигтэй 100 хувь нийцдэггүй.
-Хүнийг зөв хүн болгоход эцэг эхийн нөлөө хамгийн их байдаг. Тэр дундаа бага нас, өсвөр насанд хамгийн чухал гэж үздэг юм билээ. Танай гэр бүлийнхэн та нарын хүмүүжилд хэр хэмжээнд анхаардаг вэ. Бүрэн анхаарч чадаж байгаа юу?
Б.Ариунзул: Манай эцэг эх нэлээд анхаардаг. Гэхдээ буруу анхаараад байдаг. Гэртээ байдаг, ээж аавынхаа үгнээс гардаггүй, эгч дүү нартайгаа сайн ханддаг зэрэг сайн хүүхдийн хэмжүүр байдаг даа. Яг тийм хэмжүүрээр ханддаг. Хувь хүн талаас нь биш нийгмийн хэмжүүрээр ханддаг гэсэн үг. Би сургалт, үйл ажиллагаануудад нээлттэй сайн оролцдог хүүхэд. Гэтэл манай эцэг эх дэмжээд явуулдаггүй. Сургууль дээр авч байгаа боловсрол чинь л хангалттай. Сургууль дээрээ л хангалттай сайн юм аа хийгээд гэрээс гарч, орохгүй гэртээ сайн хүүхэд байгаад л байвал чи хүмүүжилтэй сайн хүүхэд гэж ойлгодог.
У.Янжинлхам: Хүмүүжлийн хувьд гэрийн хүмүүжил гэж байдаг шүү дээ. Том хүнтэй хүндэтгэлтэй харьцана, ахмад настай хүнд туслах ёстой гэсэн ухамсрын тал дээр намайг сайн хүмүүжүүлсэн гэж боддог. Яг нийгэмд гараад, хичээл дээрээ, найзуудтайгаа хамт байхдаа ямартай ч хүнд битгий худлаа хэл, хүнээс нууцаар юм авч болохгүй. Аятайхан л харьц гэж заадаг болохоос нарийн зүйлийг ярьж хэлдэггүй. Эдгээр нь хэрэгтэй ч нэг ийм зүйлийг заагаад өгчихсөн бол гэсэн бодол байдаг.
М.Алдарбаяр: Манай эцэг эх миний хүмүүжил дээр нэг их анхаараад байдаггүй. Гадуур яваад ирсэн ч тоодоггүй. Гол нь ямар хүүхдүүдтэй нийлж байгааг л асуудаг. Эрэгтэй хүүхэд болохоор зөнгөөр нь орхиж байна гэсэн ч болох байх. Гэхдээ тэгж их биш шүү.
Шулуухан хэлэхэд ээж аав нь хаячихсан, анхаардаггүй болохоор манай үеийнхэн чинь архи, тамхи хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ би тийм биш. Яагаад гэхээр багаасаа эдгээр зүйл нь болохгүй гэдгийг нь сайн ойлгуулчихсан болохоор одоо ч буруу замаар орохгүй. Манай гэрийнхэн ч тэгж бодож байгаа байх.
-Одоогийн хүүхдүүд ийм тийм гэж их ярьж байгаа шүү дээ. Тэгвэл та хэд, танай үеийнхэн өмнөх үеийнхнээсээ хэр хүмүүжил сайтай гэж боддог вэ. Ялгаатай байж чадаж байна уу?
Б.Ариунзул: Одоо хүүхдүүд гадаадад хэрхэн, яаж сурах уу гээд байгаа. Тэгэхээр сошиал ертөнц хөгжиж байгааг дагаад хүмүүсийн хөгжил ч дээшилж байна. Манай үеийнхний ихэнх нь 10, 11 дүгээр ангидаа ийм сургуульд, ийм мэргэжлээр ингэж сурна гээд ирээдүйгээ тодорхойлчихсон байгаа. Өмнөх үеийг бодвол илүү ирээдүйтэй, бодитой сэтгэж чадаж байгаа юм шиг санагддаг.
У.Янжинлхам: Манай үеийнхний хүмүүжил доод болон дээд үеийнхнээ харсан ч гэсэн тун дажгүй. Дунджаа бариад буруу тийшээ хазайсан нь цөөхөн. Мэр сэр байгаа ч сайн хүмүүжилтэй хүүхдүүд их дийлэнхийг нь эзэлж байна. Мөн бид нарт зориулсан арга хэмжээ их болж байгаа. Тэнд очиход ялт ч үгүй манай үеийнхэн сайн хүмүүжилтэй байна лээ.
М.Алдарбаяр: Манай өмнөх үеийнхний үед онлайн орчин тийм ч их хөгжөөгүй байсан шүү дээ. Одоо бол маш сайн хөгжчихсөн. Жоохон л юм болоход фейсбүүк, сошиалаар цацагдаад мэдээ болж байна шүү дээ. Харин өмнө нь тэгдэггүй, тэгж мэдээлэх боломжгүй байсан. Муу муухай зүйл гарсан ч олонд хүрдэггүй байсан болохоор өмнөх үеийнхний муу, хүмүүжил тааруу гэдгийг нь мэддэггүй байсан гэсэн үг. Харин одоо сошиалын ачаар муу, сайнаа мэдэлцэж байна.

Д.Эрдэнэбаатар
• • •
Түүнчлэн, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн олон талт асуудлууд нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл санаа болоод бие махбодид жинхэнэ утгаараа занал хийлж, цаашилбал амь насанд нь ч аюулын харанга дэлдэх эрсдэлийг бүрдүүлээд байна.
Тухайлбал, ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайлангаар 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх дүн гарчээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт, өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг тайланд дурджээ.
Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.
Энэ бүхэн нь дан ганц гэр бүл, боловсролын салбараас гадна нийгмийн харилцаа, үе тэнгийнхэнтэй ч холбоотой. Жишээлбэл, өсвөр насныхан дунд царай зүс, биеийн хэлбэр, гаднах үзэмжээр ялгаварлан гадуурхаж, дээрэлхэх хандлага элбэг байдаг. Үүнээс улбаалан сэтгэлийн шархтай үлдэн, улмаар амиа хорлох хүртэл үйлдлийг хийдэг гэдгийг нуух юун.
Иймээс бид үе тэнгийн дээрэлхэлт болон хүчирхийлэл, хүмүүжлийн талаар Клиникийн профессор, Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр насныхан ямар нэг байдлаар асуудалд ордог боллоо. Ингэхдээ нэгнийгээ дээрэлхэж, гадуурхах нь элбэг байна. Үүнийг сэтгэлзүйн талаас авч үзвэл яг юу нь ийм үйлдэл хийхэд хүргээд байгаа юм болоо?
-Том утгаар нь яривал хүн төрөлхтний үүсэл, түүхтэй холбож ярих болчхоод байна. Тиймээс жижиг хүрээнд авч үзье. Мэдээж үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт байж болохгүй. Сэтгэлзүйн хувьд хамгийн товчоор авч үзвэл энэ нь хувь хүний сэтгэлзүйн хүчирхийлэлтэй шууд холбоотой.
-Ер нь, хүчирхийлэгч, дээрэлхэгч хүн цаанаасаа төрдөг юм уу, аажимдаа тийм хүн болдог юм уу?
-Хүн бүр яг тийм л хүн болмоор байна гэж болдоггүй. Тэр хүнийг хэн нэгэн тийм болгодог. Гэхдээ тэр хэн нэгэн нь дийлэнх тохиолдолд эцэг эх нь байдаг. Тэгэхээр хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн эрэгтэй/эмэгтэй хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэгч болох хандлагатай байдаг. Яагаад гэвэл тэдний аав, ээж нь өөрөө ч бас хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн байдаг. Хүчирхийлэл гэдэг бол асуудлыг шийдэх нэг арга байдаг. Тиймээс хүүхэд асуудлыг хүчирхийллээр шийддэг юм байна гэдэг программтай болдог. Тэгэхээр ялт ч үгүй тэр бол гэр бүлийн хүрээнээс улбаатай асуудал байгаа юм.
-Зөвхөн гэр бүл гэж үү. Нийгэм биш үү?
-Суурь нь гэр бүл. Суурь нь зөв тавигдсан байвал хэчнээн хүчирхийлэлтэй муухай нийгэмд амьдарсан ч зөв л явна. Учир нь өнөөдөр 30+ насныхан 1990-ээд оны жинхэнэ хүчирхийлэлтэй нийгэмд төрж, өссөн байгаа шүү дээ. Гэтэл одоо байдал ямар байна. Нийгэм нь өөрөө хүчирхийлэлтэй, ямар ч хууль байхгүй байсан. Дээрээс нь нийгэмд байгаа хүн бүрийг хүчирхийлэгч гэж хэлж болохгүй. Маш цөөхөн хувь нь л хүчирхийлэгч байдаг. Ер нь, өв тэгш гэр бүлд өссөн хүүхэд ямархуу хүмүүжил, төлөвшилтэй байна вэ гээд судалгаа авч үзвэл хүчирхийлэгч дунд нь байж болох ч маш цөөн хувийг л эзэлнэ. Дийлэнх нь хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхдүүд байдаг. Мэдээж нийгэм нөлөөлнө. Гэхдээ суурь нь сул хүүхдүүдэд л нөлөөлж хүчирхийлэгч болгодог.
-Тэр нь сул байгаа юм бол яаж чангаруулж, чанаржуулах уу?
-Гэр бүл нь хүчирхийлэлтэй хэвээр байгаад л байх юм бол тухайн хүүхдийн хүчирхийлэгч болох магадлал нэмэгдэнэ. Эсвэл 180 градус эргэж энхийг эрхэмлэгч, хэт туйлширсан, хэт хатуу хүн болох магадлалтай. Хэт зөв хүн байх гээд байна гэсэн үг.
Нийгэм гэдэг бол өөрөө хийсвэр ойлголт. Нийгмийг хүмүүс бүрдүүлдэг. Тэр нийгэмд амьдарч, оршиж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь тухайн хүнийг хүчирхийлэгч болгодог буюу эргээд тэр хүнийг хүчирхийлж, дарамталж, зодож болно. Тэр л асуудал. Магадгүй багаасаа суурь нь буруу байвал хүнийг уруу татаж болно. Эсвэл ямар нэг байдлаар тухайн хүн сэтгэлзүйн маш хүчтэй цохилтод орж гэмтэл авсны улмаас хүчирхийлэгч болж болно. Энэ мэт хүчирхийлэгч болох замнал нэлээд олон янз байдаг.
-Монгол хүн болж өсөхөд уламжлалаа мэддэг байх ёстой, монгол хэлээ сайн эзэмшсэн байх ёстой, ер нь зөв сэтгэлгээтэй, хүнийг хайрладаг, энэрдэг байлгая гэвэл хүүхдэд ийм зүйлсийг ойлгуулж, мэдүүлэх ёстой гэдэг зүйл байгаа юу?
-Байлгүй яах вэ, тэр чинь хүний төлөвшлийн суурь шүү дээ. Хамгийн түрүүнд хүүхдийг аав ээж, ах эгч нар нь хайрладаг байх хэрэгтэй. Хайрлуулж өссөн хүн бусдыг хайрлаж чаддаг. Хүнийг хайрладаг хүн хэзээ ч хүчирхийлэгч болдоггүй. Хоёрт, аав ээж, өвөө эмээ нар нь нийлж байгаад хүүхдэд амьдрах ухааныг, асуудлыг шийдэх, даван туулах чадварыг эзэмшүүлэх ёстой. Наад зах нь хоолыг ингэж хийдэг юм, дэлгүүрээс ингэж юм авдаг юм, хүнтэй ингэж харилцдаг юм, асуудал гарвал ингэж шийддэг юм, шаардлагатай бол өөрийгөө хамгаалдаг юм, бусдад ингэж нөлөөлдөг юм, өөрийнхөө хүссэнээр сайхан амьдрахын тулд ингэж боловсрол эзэмших ёстой, түүнийхээ төлөө ингэж сууж, тууштай байж чаддаг байх ёстой гээд тодорхой чадваруудыг аав, ээж нар суулгах шаардлагатай.
-Энэ бүх асуудал дээр гэр бүл, нийгмээс гадна сошиал медиа нөлөөлөөд байна гэж харагддаг болоо. Таны бодол?
-Тийм, сошиал үүнд асар нөлөөтэй. Гэхдээ нөгөө л сэтгэлзүйн хувьд сул хүмүүст нөлөөтэй. Харамсалтай нь, манайхны дийлэнх нь сэтгэлзүйн хувьд сул тал руугаа байдаг. Сэтгэлзүйн хувьд хүчтэй хүмүүс хэзээ ч хэн нэгнээс хамаардаггүй. Яагаад гэхээр өөрсдийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлтэй байдаг тул нөлөөнд барагтай бол автахгүй. Харин сул хүмүүс өөрийн үзэл бодол, үнэт зүйлгүйгээс болж бусдын нөлөөнд автах магадлал өндөр байдаг. Бусдыг даган дуурайх, хүсэл эрмэлзэл, шаардлага өндөр байдаг учраас өөртөө итгэлгүй гэдэг ч юм уу, айдастай байгаа юм.
Гэтэл сошиал чинь өөрөө их хийсвэр ертөнц шүү дээ. Бодит юм тэнд маш бага байхад хэн нэгнийг/улс төрчийг ч юм уу/ нийгмээрээ муулах юм бол дагах инстинктийнхээ дагаад л муулж байдаг. Магадгүй ямар нэг зүйлийг хэт гоёчлоод эхэлбэл дахиад л дагах инстинктээрээ магтаж эхэлдэг. Ер нь, нийгмийн сэтгэлзүйн хамгийн гол нэг ойлголт бол бусдыг даган дуурайх.
Сошиал дээр хэн нэгэн гоё харагдах юм бол өөрийгөө дутуугаар мэдэрч эхэлнэ. Наад зах нь би царай муутай юм байна, санхүүгийн хувьд тааруу юм байна, би олны танил болоогүй юм байна, би өөртөө итгэлгүй юм байна гээд сошиалаас болж өөртөө дургүйлхдэг. Эсвэл сошиалд би гоё дүр төрхтэй болно. Үүнийг бүтээнэ гээд байгаагаа “photoshop, canva” ашиглаад дүр бүтээхээр бусад нь дагах нь бий. Тэгэхээр нөгөө хүн маань өөрийгөө хиймэл байдлаар од болчихсон гээд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар мэдэрнэ, өөрөөрөө бахархана, онгирно, хөөрнө, эго нь ихэснэ. Үүний хажуугаар өөрийнхөө мөн чанарыг алдана.
-Сошиал ийм нөлөөтэй юм бол сошиал хэрэглээ өндөртэй манай улсад 5-10 жилийн дараа хэр даамжирч, ямар нөлөөг үзүүлэх бол?
-Нийгмийн хөгжил явдгаараа л явна. Жингийн цуваа явж л байдаг. Жингэр нохой хуцаж л байдаг гэдэг шүү дээ. Яагаад гэвэл нийгмийн хөгжлийн үндсэн хуулийнхаа дагуу нийгэм хөгжинө. Мэдээж хүн бүр нийгмийн нэг эрэг, шурга гэдэг утгаараа нөлөөлнө. Гэвч нийгмийн хөгжлийг масс дагадаг болохоос түүчээлэгч нь биш байдаг. Түүчээлэгч нь хэн байдаг вэ гэхээр өөрийн үнэлэмж өндөртэй, амьдрах, хөгжүүлэх суурьтай, чадвартай хүмүүс байдаг. Тийм хүмүүс нийгмийг хөгжүүлж байдаг болохоор сошиалын ямар нэг нөлөөнөөс ангид байгаа. Магадгүй тэдэнд бодит амьдрал дээр хийх ажил, сурах зүйл, хөгжих хүсэл тэмүүлэл маш их байдаг учир сонирхдоггүй, тоодоггүй байж мэднэ.
• • •
Монгол Улсын ирээдүй гэгдэх монгол хүүхдийн хүмүүжил хэнтэй, юутай холбоотой байна вэ?
• • •